Дүрийн бизнесийн хэрэглэгч нь хүүхдүүд

2021-02-06 544 1
Дүрийн бизнес бол эдийн засгийг солонгоруулах том боломж
Хүүхэлдэйн киноны дүрээр амилсан бүтээгдэхүүний гол худалдан авагчид нь бага насны хүүхдүүд. Тиймээс улс орнууд энэ зах зээлд чиглэсэн контент бүтээж, дүрийн бизнесээс ихээхэн хэмжээний ашиг олж байна. Зургаагаас доош насны хүүх­дүүдийн үлгэр дуурайл, дотнын анд болсон дэлгэцийн баатруудыг зөвхөн хүүхэлдэйн киноны дүр гэж харах нь өрөөсгөл. Мөн цэвэр уран бүтээл, эсвэл хүүхэд хүмүүжүүлэх суртал ухуулгын хэрэгсэл төдийгөөр үзэх нь бүр буруу. Угтаа ийм контентийн эдийн засгийн үр өгөөж, ач холбогдол нь асар том. Цар хүрээг нь гагц хүүхдэд хамаатуулж ойлгох нь учир дутагдалтай гэсэн үг. Харин маш хурдан хугацаанд эдийн засгийг солонгоруулах, тухайн улсыг дэлхийд таниулах нүүр царай болдог. Яагаад гэвэл ийм дүрээр амилуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл бэлэн байдаг.
Хүүхдүүдийн хайртай баатраар дамжуулж үйлдвэрлэлийн олон салбар идэвхжиж, тухайн улсыг чиглэсэн мөнгөний урсгал бүхий л сувгаар урсаж байна.
Хүүхдүүд хайртай баатраа зөвхөн даган дуурайдаггүй. Тэд худалдаж авдаг, бас хэрэглэдэг. Хүүхэлдэйн киноны дүрээр амилсан бүтээгдэхүүний гол худалдан авагчид нь бага насны хүүхдүүд. Дэлгүүрт харсан л бол авч байж салдаг, бас бусад насны хүүхдүүдээс илүү эцэг, эх, томчуудын хэтэвчид нөлөөлөх чадвартай, нэг ёсондоо зүрхээр сонголт хийдэг худалдан авагчид юм. Тиймдээ ч энэ онцлогт нь тохирсон контент нийтэд танигдахдаа хурдан байдаг аж. Зургаагаас доош наснынхныг байлдан дагуулдаг Пэппа торой Хятад болоод Азийн зах зээлд нэвтэрсэн нь тус хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Entertainment One” группийн жилийн орлогыг 50 хувь нэмэгдүүлсэн гэж FT мэдээлжээ. Тодорхой хэлбэл, Пэппа торой нэг тэрбум ам.доллар цуглуулж чаджээ. Ойрын нэг жилд Пэппа дахин хоёр тэрбум ам.доллар цуглуулж чадна хэмээн барууны хэвлэлүүдэд бичиж байна.
Гол орлого нь Пэппа торойн адал явдалт киноноос бус түү­ний дүртэй хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний борлуулалтаас орсон байх юм. Ер нь дэлхий дахинаа нийт орлогын 20-40 хувийг контентоос, үлдсэнийг нь дагалдан гарах бүтээгдэхүүнээс олдог аж. Өмнөд Солонгост бол хүүхдэд зориулсан контентийн бизнест эргэлддэг мөнгөний хэмжээ K-pop энтертайнмент салбараас хоёр дахин их. Тус улсын Кератив контентийн агентлагийн тооцоогоор 2015 онд дүрийн бизнесээс 9.6 тэрбум ам.доллар, K-pop нь 4.7 тэрбум ам.долларын орлого олсон байна. Энэ орлогын тэн хагасыг гадаад зах зээлээс олсон бөгөөд монгол хүүхдүүдийн хайртай баатар Пороро оцон шувуу бүр ч чухал үүрэг гүйцэтгэсэн. 127 улсын хүүхэд багачуудын хайртай баатар болсон Поророгийн дүртэй бүтээгдэхүүн, үйлчил­ гээний тоо хэдэн мянга. Өмнөд Солонгосын зах зээлд Поророгийн дүр бүхий 1500-аад төрлийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрдэг бөгөөд ид мандаж байсан 2011 онд дотоодоосоо 800 тэрбум вон буюу одоогийн ханшаар 720 сая ам.долларын орлого олж байжээ. Өдгөө Пороро брэндийн үнэлгээ 341.4 сая ам.доллараар үнэлэгдэж байгааг Сөүлийн Биз­ несийн агентлагаас хоёрдугаар сард хийсэн судалгаагаар тог­тоожээ.
Дэлхийн хэмжээнд бол Пороро брэнд жилд 5.3 тэрбум ам.долларын орлого олдог ба 70-аас дээш хувийг нь дагалдах бүтээгдэхүүний борлуулалт бүрдүүлдэг байна. Монголд л гэхэд Пороро оцон шувууны дүрийг бүтээг­дэхүүнийхээ нүүр царай болгох эрхийг “Витафит” ХХК эзэмшдэг. Тус компани Поророгийн дүр бүхий найман төрлийн сүүн бүтээгдэхүүн борлуулдаг. Бусад ижил төрлийн бүтээгдэхүү­ нээс илүү борлуулалт сайтай тул дэлгүүрийн лангуун дээр байхаасаа байхгүй нь их. Харин хүүхэлдэйн киноных нь нэг цувралыг гаргах эрх 2014 онд 15 мянган ам.доллар бай­ сан гэдгийг “Монгол Контент” ХХК-ийн зөвлөх Г.Гантуяа сонирхууллаа.
Тэрбээр “гэвч үүнээс үлдэх үнэ цэнэ нь По­ророгоор дамжсан импортын бүтээгдэхүүний борлуулалтын өсөлт. Тиймээс бид өөрсдийн гэсэн дүртэй, хүүхдэд зориулсан контенттой байх ёстой гэж үз­сэн учраас “Маамуу” цувралыг хөгжүүлж эхэлсэн” хэмээв. “Маамуу” цуврал зургаан анги гараад буй бөгөөд дагалдаж гарсан бүтээгдэхүүний тоо 70 орчим. Үүнээс зарим нь хөгжүүлэлтийн шатандаа яваа бол нэлээд хэсэг нь ном, эвлүүлдэг тоглоом, амттан гээд хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн болж гарсан. Гэхдээ дотоод зах зээл хүүхдийн контент бүтээхэд үнэндээ л балчирдаж буйг контент үйлдвэрлэгчид хэлж байна. Тиймээс дүрийн бизнес эрхлэхэд хүндрэл бэрхшээл их. Дүрийн бизнес нь маш өндөр чадвартай боловсон хүчнээс гадна их хэмжээний санхүүжилт шаарддаг. Хөрөнгөө босгож, контентоо үйлдвэрлэнэ. Контент үйлдвэрлэхэд дунджаар 1-2 жил шаардлагатай.
Дараа нь контентоо түмэнд түгээж танигдаж эхэлснээр түүнийг дагалдах бусад бүтээгдэхүүний зах зээлийг бэлддэг. Тухайлбал, Пороро, Лю Бао Бей нь өмнөд Солонгос, Хятадын төр засгаас албан ёсоор гаргасан контент. Холливудад бас маш том аппарат ажилладаг. Гэтэл Монголын нөхцөлд бизнесийн энэ загварыг хүлээн зөвшөөрөх чадавхтай үндэсний үйлдвэрлэгч, зангарагатай хөрөнгө оруулагч байхгүй. “Маамуу”-гийн нэг анги л гэхэд 70 сая төгрөгөөр босдог. Ийм хэмжээний мөнгөө 2-3 жилд түгжихийг хэн ч хүсэхгүй гэдгийг Г.Гантуяа хэллээ. Харин Бумбардай хүүгийн адал явдал контентийг хөгжүүлэгч “Нүүдлийн зургийн өгүүлэмж” компанийн ерөнхий продюсер Э.Тамир “Бизнес талаас нь харвал хүүхэлдэйн кино, ном бол тухайн дүрийн түүхийг хүмүүст таниулах үүрэг гүйцэтгэдэг тул үндсэндээ маркетинг юм. Гол ашиг нь дагалдах бүтээгдэхүүнээс ордог” хэмээв.
Дүрийн бизнесийн давуу тал бол амьд хүнд тулгуурлаагүй учир урт настай, цаг хугацаа өнгөрөх тусам үнэд ордог аж. Харамсалтай нь манай зах зээлийн онцлогоос хамаарч одоохондоо энэ бизнес төрийн дэмжлэг, үйлдвэрлэгчдийн итгэлээс бүрэн хамааралтай. Тиймээс контент үйлдвэрлэгчид гадаад зах зээлийг онилж эхэлжээ. Тэгээд ч манай контент үйлдвэрлэгчид чанарын хувьд гологдохгүй. “Бумбардай”-н анхны цуврал гэхэд Японы Засгийн газрын олон улсын манга бүтээлийн уралдаанд 2014 онд тэргүүн байр эзэлсэн. уг уралдаанд “Бумбардай” 30 гаруй шүүгчийн саналыг авахад тийм ч хэцүү байгаагүйг Э.Тамир сонирхууллаа.
Үүний дараа Японы хэд хэдэн компанитай хамтарч ажиллах боломж олдож, “Бумбардай” ногоон цай, аяга, буддаг хуанли Монгол, Японы зах зээлд борлогдож байна. Удахгүй “Бумбардай”-гаар гоё­ сон хэд хэдэн үндэсний брэнд зах зээлд гаргахаар бэлтгэж буйгаа найруулагч Э.Лувсангалдан ярилаа. Харин “Маамуу” цувралыг Хонконгийн хэд хэдэн хөрөнгө оруулагч сонирхож буй нь манай контент үйлдвэрлэл чанарын хувьд олон улстай өрсөлдөх хэмжээнд хэдийнэ хүрсний илрэл юм.
Хамгийн гол нь олон улсын зах зээлд гарах хүртэл дотооддоо өсөж өндийх, ийм боломжийг бүрдүүлэх төрийн бодлого үгүйлэгдэж байгааг контент үйлдвэрлэгчид хэлж байна. Уг нь дотоодын зах зээлийн багтаамжийг харахад муугүй тоо эргэлдэж байна. ҮСХ-ны мэдээ­гээр 2-5 насныхан гэхэд нийт хүн амын 10 орчим хувийг эзэлдэг. Тэд сард хамгийн багадаа 10 мянган төгрөгөөр хайртай баатрынхаа зурагтай иогурт, амттан, ном, зурагт хуудас, жижиг сажиг зүйлс худалдаж авдаг гэж тооцвол даруй 3.1 тэрбум төгрөгийн зах зээл гэсэн үг. Нөгөөтэйгүүр, үндэсний хэмжээний дүртэй болно гэдэг орчин үед соёлын дархлаагаа авч үлдэх маш үр дүнтэй менежмент. Хятадын Лю Бао Бей, Японы “Дэрсэн малгайт” гэх мэт хүн гэж хэлэхэд хэцүү, хүншүүлсэн гэхэд бүр ойлгомжгүй дүрүүдийг монгол балчирууд харж өссөнөөс “Ами, Тами” зэрэг хүншүүлсэн үлэг гүрвэлүүдтэйгээ дотно нөхөрлөсөн нь дээр.
Эдийн засгийн тулгуур сал­баруудаас Монголыг дэлхийд таниулах бэлэн бүтээгдэхүүн тун ховор. Харин энэ орон зайг дүүр­ гэх нөөц нь контент үйлдвэрлэл байх ч юм бил үү.

Холбоотой мэдээ