Баруунжсан монголчууд

2021-02-19 520 0

Хятадын zhidao.baidu.com цахим хуудсанд World Baqi нэрээр блог хөтөлдөг аялагчийн Монголд аялсан тэмдэглэлийг орчуулан хүргэж байна. Тэрбээр Монголд аялсныхаа дараа монголчууд хятадуудад дургүй гэх ойлголт нь 180 хэм өөрчлөгдсөн гэдгийг онцолсон байв.

Нэгэн цагт Хятадын автономит бүс нутаг байсан Ар Монгол хэмээх газар нь одоо тусгаар улс бөгөөд бид тийшээ нэвтрэхэд гадаад пасспорт шаардлагатай. Аль дээрээс л ар монголчууд, ялангуяа залуу үе нь хятадуудад маш ёозгүй ханддаг гэдгийг сонсож явсан би энэ яриа үнэхээр үнэн эсэхийг мэдэхээр зорьж аялсан юм. Урьд нь манай улсын нэг хэсэг байсан, мөн манай улсын нэгэн үндэстэнтэй (өвөрмонголчууд) цус нэг тус улсыг бид мэдэж танилцах хүсэлтэй байдаг.

Ар Монгол тусгаар улс болохдоо хуучин монгол бичгээ хаяж, оронд нь орос цагаан толгойг хэвшүүлж, түүнийгээ шинэ монгол бичиг гэж нэрлэж иржээ. Улс тэр аяараа барууны хоол унд зооглодог болж, чадалтай хүмүүс нь орос хүүхэнтэй гэрлэдэг болсон бололтой.

Тэр цагаас хойш зуун жил өнгөрсөн хэдий ч тус улс мал аж ахуйд суурилсан хэвээр. Ундны ус савлаж бэлтгэхээс өөр юу ч үйлдвэрлэдэггүй. Ямааны ноолуур, тэмээний ноосон бүтээгдэхүүн, арьс ширэн эдлэл нь гаднаас хөрөнгө оруулалт хийж босгосон технологи юм. Гаднын тоног төхөөрөмж, гаднын технологи ялангуяа Япон, Солонгос, Америкийнх юм.

Эндхийн өндөр байшин барилга, зам, нисэх онгоцны буудлууд, эрчим хүч үйлдвэрлэгч болоод цахилгаан холбоо гээд дэд бүтцийг хятадууд барьж байгуулж өгдөг. Ногоо, үр тариа, жимс, хөнгөн үйлдвэрийн бусад бүтээгдэхүүнийг өдөр тутам Хятадаас импортлодог. Цагаан сар болоход, хичээлийн жил эхлэхэд худалдаачид бараа импортлохоор Эрээн хотыг зүглэдэг. Улаанбаатарт худалдаа арилжаагаар хөлжсөн хүмүүс олон. Орон сууцны үнэ ханш Хятадын Тианжиныхтай ойролцоо. Баян худалдаачдад асуудал биш. Харин боломжгүй бусад нь монгол гэрт амьдардаг.

Улаанбаатарын 1.4 сая оршин суугчийн 60 хувь ядуу, зуд хэмээх байгалийн гамгийн улмаас малчин амьдралаа орхиж, дампуурсан хүмүүс байдаг. Тэд Улаанбаатарт ирээд монгол гэрт амь зууна.

Энд юу ч үйлдвэрлэдэггүй, гагцхүү түүхий эдийг л борлуулна. Монголын нүүрсний баялаг орд газруудад сайн чанартай нүүрсийг дандаа ил аргаар олборлодог. Мөн зэс, алтны холимог уурхайнууд бий ч мэдээж гадаадын хөрөнгө оруулалттай. Товчхондоо тус улсын орлого эдгээрээс л бүрддэг.

Улаанбаатарт онгоцноос буугаад харлаа, жижигхэн нисэх буудал байна. Элдэв үнэр танаргүй цэвэрхэн, дотоод засал сайтай бөгөөд өөр улсуудад бууж байсан буудлаас ялгарах юмгүй ажээ. Хятад хүнтэй яаж харьцдагийг зориуд туршиж мэдмээр санагдсан тул би хятад ханз бичигтэй хүрэм өмссөн байв. Намайг хаа ч харсан хятад хүн гэдгийг яалт ч үгүй олж харах юм. Манай аяллын багийнхан гаалийн шалгалт яах бол гэж санаа зовж байлаа. Жишээлбэл, шалгалтын ажлыг зориуд удаашруулах, гар харах, гар утас, тамхи, согтууруулах ундааг хурааж авах гэх мэт зарим улсын гааль дээр тохиолдддог шиг зүйл тохиолдохыг хэн мэдлээ. Гаалийн шалгалтаар бид бүгд ямар ч асуудалгүй, санаа зовоож байсан элдэв хачирхалтай зүйлтэй нүүр тулалгүй нэвтэрч гарав. Гаалийн байцаагч бидний бичиг баримтыг шалгахдаа инээмсэглэж, найрсаг харилцаж байлаа.

Шалгуулах үед гаалийн ажилтан миний хүзүүндээ өлгөсөн фото аппарат, шүхэр, цүнхэн дэх утас цэнэглэгч гэх мэт зүйлсийг нэг бүрчлэн шалгасангүй, гар тээшийг аваад тэр дор нь хяналтын хайрцгаар өнгөрүүлээд л болчихлоо. Камераа өөрөөсөө ав, тэлээгээ тайл зэрэг элдэв юм шаардсангүй. Манай дотоодын хяналт шалгалтаас хурдан, хялбар юм.

Нөхөрсөг бөгөөд шооч монгол хөтөч

Монгол хөтчийн маань нэр Мөрөн. Эрч хүчтэй, хятадаар сайн ярьдаг залуу байв. Хятадад сурч байсан, Улаанбаатарт амьдардаг, одоогоор гэр бүлтэй болоогүй ажээ. Монголд байх хугацаанд тэр бидэнтэй хамт байсан юм.

Асуух зүйлс байвал санаа зоволтгүй тухай бүрд нь асууж байгаарай гэж тэр бидэнд байнга сануулдаг байв. Зан харилцааны хувьд хямсайж ямбалахгүй, бүрэг ичимхий биш, яг хэмжээг нь тааруулж харьцдаг, тун дажгүй залуу байв. Заримдаа тэр Хятадын дотоодын аяллын хөтөчтэй тун төстэй санагдана.

Зочилсон сүүлийн өдөр бид нисэх буудалд баримтаа шалгуулаад гаалийн шалгалтаар ороод гарах хүртэл тэр бидэнтэй байлцаж, биднийг гаргаж өгсөн билээ. Манай Бээжингийн аяллын багийн ахлах болоод зарим нэг гишүүд санаа нь зовж, “битгий биднийг хүлээж цаг алд, яв даа, санаа зоволтгүй” гэсэн боловч тэр “санаа зоволтгүй ээ, та нарт хэл усны асуудал гэнэт гарч магад, шалгалтаар орж дуустал харж байяа” гэж билээ.

Бидний сэтгэлийг татсан нэг явдал тохиолдсон. Импортын бараа борлуулдаг нэгэн дэлгүүрт манай аяллын эрэгтэй гишүүд бэлгийн чалх сайжруулдаг, өөрөөр “шингэн виагра” гэж нэрлэдэг “Swiss Dadura Conde” хэмээх ундаа олж хараад авсан юм. Нэг гишүүний тайлбарласнаар бол тус ундаа нь Японд их алдартай, үнэ нь Хятад дахь дэлгүүрт байдгаас хавьгүй хямд байна гэнэ. Тэгэхээр нь би зургаан лонхыг худалдаж авлаа. Тэгтэл дэлгүүрийн худалдагч надад мөнгөний хариулт өгөхдөө буруу дэвсгэрт өгсөн болохыг би анзаарлаа. Бусад маань битгий санаа зов, зүгээр мартаад явцгаая, дараа нь дэлгүүр орохдоо анхааралтай бай гээд машин дээрээ эргэж ирцгээв. Тус явдлыг Мөрөн надаас сонсож мэдээд ихэд уурлаж, яаж ингэж болдог юм, эргээд оч гэлээ. Дэлгүүрт буцаж очоод дутуу өгсөн хариулт мөнгийг бүрэн гүйцэд авч, худалдагч уучлал гуйсан юм. Эргэж ирээд жолоочид мөн хэлэв, их уурласан гэж. Манай хөтөч залуу бидний интернэтээр уншсан мэдээлэл дээрх шиг биш, их ёс зүйтэй, зөв хүн байсан шүү.

Монгол жолоочийн мэргэжлийн үйлчилгээ

Монголчууд нутагт нь очсон жуулчдад үйлчлэх тал дээр Тайваньтай харьцуулбал илүү юм. Монголд аялж явахад бид ачаа хөсгөө өөрсдөө буулгах, ачих ажил огт хийсэнгүй, манай Жэсси гэх монгол жолооч бүгдийг зохицуулчихдаг байлаа. “Ачаагаа энд цуглуул, би бүгдийг зохицуулна” гэдэг байв. Аяллаар явахад ачаа хөсгийг машины тэвшинд маш эмх цэгцтэй, сурамгай баглаж хийдэг байв. Нутаг буцахаар нисэх дээр ирээд бид түүнд баярлаж талархаад, тус бүр 10 юань өгсөн. Жэсси бидэнд “баярлалаа” гэж хятадаар хэлээд, “Good luck” гэж билээ.

Монголд юань их түгээмэл юм байна. Бид аялалд гарахаас өмнө бага хэмжээний монгол төгрөг худалдаж авсан байсан юм. Тэгтэл зарим газарт заавал монгол төгрөг гэлтгүй юанаар ч төлбөрөө хийчихэж болох юм байна лээ. Бид монгол эсгий гэртэй аяллын бааз дээр буудаллахад машины зогсоол гэрээс 200 метр зайтай, бидний ачаа хөсгийг баазын залуучуудад өргөж авчирч өгсөн нь амаргүй ажил байлаа. Тэгэхэд би тэдэнд 10 юань гарт нь өгсөн.

Утасгүй интернэт сүлжээний хүртээмж маш сайн

Буудал, дэлгүүр, нисэх буудал, музей гэх мэт хаа ч тэр үнэгүй Wi Fi-тай бол гар утсаараа холбогдох хүсэлтэйгээ илэрхийлэхэд л тухайн газрын хүн нэвтрэх нууц үгийг тэр дор нь хэлээд өгнө. Монголд байсан өдрүүдэд би үнэгүй интернет байнга хэрэглэж байлаа, холболтын хурд ч маш сайн. Хятадад бол интернет маш удаашралтай, ачаалал ихтэй байдаг шүү дээ.

Сайхан сэтгэлтэй малчин айл буюу Бужаагийн гэр бүл

Морьтой аялал хийх үеэр морь унаж чаддаггүй зарим нэг маань Бужаа гэдэг хүний гэрт цурамхийдэг байв. Цурамхийх ч гэж дээ, хоёр цаг гаран хажуулдаад авдаг байв. Ганц гэрт 10 гаруй зочид хэвтэх нь хэвтэж, сууж, хоорондоо тувт чалчина. Зургаа нь хөзөрдөж дуу нь хадна. Нутгийн эзэн Бужаа гуай болон түүний гэргий тэднийг нэг шагайж харчихаад, инээмсэглээд яваад өгдөг байлаа. Хэл ус ойлголцохгүй ч гэлээ тэд биднийг шуугиантай байна гэж уурладаггүй байсан.

Эхнэр нь нарны хавтангаа цэнэглэж, хоол унд бэлтгэх хэрэгтэй байсан ч зочдын тарахыг тэвчээртэй нь аргагүй хүлээж байсан юм. Уригдаагүй ч гэлээ зочид явсны дараа л гэрийн эзэн хоол ундаа бэлтгэж эхэлдэг.

Гудамжинд таарсан нөхөрсөн нэгэн

Би гудамжаар зугаалж явахдаа бүтээлээ зарж зогсох уран бүтээлчтэй нэг бус удаа таарч байсан юм. Тэр ганц нэг хятад үг хэлж, бага зэрэг ярьж ч чадна. Би бүгдийг нь өөрөө зурсан гэж хэлдэг байв. Адуу эсвэл үхрийн ширэн дээр зурсан тэрхүү бүтээлийн нэг нь 50 юань, ердөө 50 юань байсан гээч! Зургийн өнгө будаг нь хурц бөгөөд нэгэн жигд, сайн зурсан, тэгээд үнэ өндөр биш юм байна лээ. Би зураг аваагүй бөгөөд тэд ч мөн ав гэж гуйж гувшаагүй.

Монголчууд хятадуудад уриалгахан биш ч бусад гаднын зочид гийчидтэй яаж харьцдаг шигээ л харьцдаг юм байна. Хятад гэхээр ямар нэг байдлаар ялгаварлан гадуурхаж байгааг би ажигласангүй. Мэдээж Тайвань хүмүүсийн дайтай найрсаг, уриалгахан биш л дээ. Бодвол тайваньчуул бидэнтэй илүү ойр хүмүүс байх.

Дурдах нь зүйтэй нэг юм бий. Шөнө оройн цагаар гадуур битгий яв гэж Мөрөн надад нэг бус удаа анхааруулж байсан юм. Дурдсан цагаар нэн шаардлагатай зүйлс байвал урьдаар түүнд мэдэгдэх шаардлагатай. Оройн цагаар ажил тараад бүгд л амарч байдаг юм хойно бид ч гадуур гардаггүй байв. Мөрөн биднийг орой шөнө ажилладаг зах, дэлгүүр зэрэг газруудаар огт дагуулж яваагүй. Олон хүнтэй газар явахдаа түрийвч зэрэг эд зүйлээ хямгадаж бай гэж нилээн хэдэн удаа сануулсан шүү. Мөн зураг дарж байх үедээ анхаарал сарниулж болохгүй гэж тэр хэлнэ. Сайхан нь гэвэл Монголд зугаалж явахад бидэнд Европт, ялангуяа Парист байхад тохиолдсонтой ижил зүйл тохиолдсонгүй, хулгайд ямар нэг юм алдаагүй, хулгайч нэгэнтэй зам зөрсөнгүй.

Бидний байрласан зочид буудал нь солонгосчуулын хөрөнгөөр боссон, мөн тэд ажиллуулдаг, тав тухтай, үйлчилгээ сайтай, Европын зочид буудлуудаас ялгагдахгүй шахам байв. Ямар ч асуудал байгаагүй. Фото зургийг би дараа онлайн тавина.

Одоо бид нисэх дээр байна. Нислэгийн талбай дээр ердөө ганц л онгоц байна, бидний суух онгоц.

Холбоотой мэдээ