![](http://tand.mn/wp-content/uploads/2025/02/477713668_954751703455934_193342195790514278_n.jpg)
Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хүчингүй болгосон журам нь 11 зүйл, 116 заалттай байсан бол Зөвшөөрлийн тухай хууль болон Барилгын тухай хуульд байсан заалтуудыг хассанаар 3 зүйл 10 гаруй заалттай цомхон шаардлагатай болсон.
Мөн хуульд байхгүй зарим шаардлагыг хүчингүй болголоо. Тухайлбал, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг цуцлав. Хүний нөөцийн хомсдолоос шалтгаалан Монгол Улсын зөвлөх инженер 4 компанид, мэргэшсэн инженерийг 2 компанид бүртгэлтэй байж болох зохицуулалт хийсэн. Бусад салбарын зөвлөх, мэргэшсэн зэрэгтэй инженерийг барилгын салбарын зөвлөх зэрэгт дүйцүүлэн тооцно. Инженер техникийн ажилтны шилжилт хөдөлгөөн хийсэн тохиолдолд 30 хоногийн дотор нөхөж бүртгүүлнэ гэснийг 90 хоног болгосон. Хос мэргэжилтэй салбарын инженер, техникийн ажилтан нь нэг компанид хос мэргэжлээ ашиглах, тухайн мэргэжил тус бүрээр байгууллагуудад бүртгэлтэй байж болно. Гадаадын хуулийн этгээдийг дэмжих үүднээс Олон Улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/-ын гишүүн 38 улсын аж ахуйн нэгж, байгууллагуудын болон ОХУ, БНХАУ, БНЭУ-ын инженер техникийн ажилчдын мэргэжлийн дипломыг дүйцүүлэн тооцно. Компаниудын нэгдэл буюу групп компани нь тусгай зөвшөөрөл авах шаардлага үүссэн тохиолдолд өөрийн охин буюу салбар аж ахуйн нэгж, байгууллагын инженер, техникийн ажилчдын мэдээллийг ашиглан тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангуулж болно. Тухайн аж ахуй нэгж байгууллагын захирал гэрээ байгуулахын өмнө гүйцэтгэх удирдлагын 1 багц сургалтад хамрагдсан байх. Тухайлсан барилгын зөвшөөрлийг компанид биш тухайн төсөлд олгохоор боллоо. Мөн барилгын салбарт олгож байгаа 126 төрлийн зөвшөөрлийг 84 нэр төрөл болгож бууруулах юм.
Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг авахад голлон Тохирлын гэрчилгээнд үндэслэн цахимаар хялбар олгодог болох зохицуулалт хийлээ.
0 cэтгэгдэлтэй