Хүн хүчнээс эхлээд менежмент үгүйлэгдсэн хүүхэд хамгааллынхны зовлон

2021-03-11 2226 4

Хүн амын тал хувь нь оршин суудаг нийслэл хэмээх их айлд өдөр бүр хаа нэгтээ хүчирхийлэл үйлдэгдэж, айдаст автан суугаа хүүхэд, эмэгтэйчүүд олон бий. Нэгэн цагт тэд хаана, хэнд хандахаа мэддэггүй байсан бол өнөөдөр байдал арай л дээрдсэн.  Хүчирхийлэлд автсан эмэгтэйчүүд, хүүхдийг хамгаалах түр байр байгуулагдаж, хүүхдийн тусламжийн 108 утас хоногийн 24 цагийн турш ажиллаж байна. Арга мухардахад очих газар, оочих хаягтай болсон хэдий ч энэ салбарынханд урагш алхахад хүн хүчнээс эхлээд менежментийн гаргалгаа зайлшгүй хэрэгтэй байна. 

Төсөвтэй атлаа хүний нөөцгүйн зовлон

Өнөөдрийн байдлаар нийслэлд 28 асрамж, халамжийн төв үйл ажиллагаа явуулж буй бөгөөд тэнд 867 хүүхэд амьдарч байна. Гэхдээ эдгээр төвийн  хоёр нь л төрийн мэдлийнх. Үүний нэг нь бүтэн өнчин хүүхдийг хүлээж авдаг “Өнөр бүл”. Хүүхэд хамгааллын асуудал олны анхааралд очсоноор гэр бүл, хүүхэд, залуучуудад төсөвлөдөг мөнгө 2018 онд даруй таван тэрбум болж түүнээс хойш үе шаттай нэмэгдсээр энэ онд гэхэд найман тэрбум төгрөг болсон. 

Гэвч өнөөг хүртэл хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байгаа нь энэ их хэмжээний мөнгө зүгээр л гарын салаагаар урсаж байна гэх шүүмжлэлийг дагуулдаг. Тиймээс нийслэлийн ГБХЗХГ-ын дарга Ө.Ган-Өлзийгөөс олон тэрбумаар хэмжигдэж буй төсвийн хуваарилалт, хүчирхийлэл, тэр дундаа хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байгаа шалтгааныг асуухад тэрбээр, “Нийслэлийн хэмжээнд нийгмийн хөтөлбөрт чиглэсэн 1.9 тэрбум төгрөг шилжиж ирдэг. Үүнийг есөн дүүрэгт  хүүхдийн хөгжил хамгаалал, гэр бүл, залуучууд руу чиглэсэн нөлөөллийн ажил гээд зөвхөн хүүхэд гэлтгүй салбарын хэмжээнд хуваарилдаг. Жишээ дурдахад, Сүхбаатар дүүрэгт 130 орчим сая төгрөг хуваарилдаг бөгөөд дүүргийн халамжийн жилийн төсөв нь 17 тэрбум төгрөг байдаг байна. Энэ 17 тэрбумын нэг тэрбум нь хүнсний эрхийн бичигт зарцуулагддаг. Нийт 1200 өрхийн 66716 хүн хүнсний талонд хамрагддаг. Гэтэл хүүхэд хамгаалалд зарцуулагдсан зардлаас дүүргийн хэмжээнд буй нийт хүүхдийн 10-15 хувийнх нь хамгаалал хариу үйлчилгээнд, үлдсэн хүүхдийн хувьд урьдчилан сэргийлэх, нөлөөллийн ажилд зориулагддаг аж. Зорилтот бүлэгт чиглэсэн хүүхэд хамгааллын ажил 1-2 сараар биш хэдэн арван сар, жилээр хэмжигддэг. Үр дүн нь ч ялгаагүй. Гагц хүүхэдтэйгээ ажиллах нь хангалтгүй бөгөөд гэр бүлтэй нь давхар ажиллах зайлшгүй шаардлагатай. Энэ бүх процессийн цаана өнөөх л төсөв, мөнгөний асуудал яригдана” гэв.

Түр хамгаалах байранд нэг хүүхдийг тав хоногийн хугацаанд байрлуулах зардал 60680 төгрөг байдаг аж. Гэвч хүчирхийлэлд өртсөн ихэнх хүүхдийг түр хамгаалах байранд тав хонуулаад гаргана гэдэг боломжгүй зүйл. Наанадаж 10, цаанадаж нэг сар орчим хугацаанд байрлах шаардлага үүсдэг байна. 2020 оны байдлаар түр хамгаалах байраар нийт 1326 хүүхэд үйлчлүүлжээ. Эдгээр хүүхэд 10 хоногоос гурав хүртэлх жилийн хугацаанд байрлажээ. Ийм хүүхдүүдийг хөөгөөд явуулах үнэхээр хэцүү байдгийг салбарынхан хэлж байна.

Эцэг эх нь дийлэхээ больсон “том толгойтой” хараа хяналтгүй хүүхдүүдийг асрамж, халамжийн төвийнхөн хүлээж авдаггүй аж. Тэр битгий хэл амиа хорлох хэмжээнд хүрсэн сэтгэцийн тусламж үйлчилгээ шаардлагатай хүүхдүүдийг ч эцэг эх нь аргагүйн эрхэнд түр хамгаалах байрныханд өгчихдөг юм байна. Ийм хүүхдүүдтэй сэтгэлзүйчид, нийгмийн ажилтнууд ажиллаж, амиа хорлохоос сэргийлэхийн тулд байнгын хараа хяналтандаа авдаг байна. Үр дүнд нь байдал арай дээрддэг авч эргээд л эцэг эх нь хүүхдээ санаад байна, авмаар байна гээд ирдэг. Эцэг эх, гэр бүлд нь эргэн нэгтгэдэг ч хүүхэд дахин асуудал үүсгэснээр буцаад ирэх тохиолдол байнга давтагддаг. Тиймээс ахиад бүхнийг тэгээс эхлэх буюу сэтгэлзүйн туслалцаа үзүүлэх, хараа хяналтандаа авах үйл явц өрнөдөг байна. Үндсэндээ, хүүхэд хамгааллын салбар чөтгөрийн тойрог шиг ажилладаг ба үр дүн үзүүлэхэд хамгийн хэцүү салбар болж таарав.

Хамгийн эмгэнэлтэй нь, 10 гаруй хүүхэдтэй нэг л ажилтан тулж харилцдаг. Угаасаа хүний нөөц боломж нь ийм давчуу. Өнөө л төсөв, мөнгө, боловсон хүчний хүрэлцээтэйгээ холбогддог аж. Гэсэн хэдий ч хүний төлөө гэсэн сэтгэлээр тэжээгддэг энэ салбарынхан хүүхэд бүрд хүрч ажиллахын төлөө зүтгэсээр л байна. Нөгөөтэйгүүр, есөн дүүргийн хэмжээнд ердөө л 232 албан хаагч байгаагаас хүүхдийн чиглэлээр 72 нь л ажилладаг юм байна. Үүнийг чамлахаас өөр яах билээ. Тухайлбал, нийслэлийн ГБХЗХГ 36 албан хаагчтай. Тэдний 10 нь хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлийнх. Харин дүүргүүдтэй нийлсэн 72 мэргэжилтэн тус бүр жилд дунджаар хөнгөнөөс хүнд хэлбэрийн 62 кейс дээр л хүрч ажилладаг юм байна. Өөрөөр хэлбэл, нэг мэргэжилтэн дунджаар 62 кейс дээр ажилладаг гэсэн үг.  Гэтэл олон улсын жишигт ийм хэмжээний хүний нөөцөөр жилд хамгийн ихдээ нэг мэргэжилтэн 15 кейс дээр л чанартай, үр дүнтэй ажиллах учиртай.

Төр хийгээд халаа сэлгээний ардах зовлон

Мөн хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, эрүүл мэнд, боловсрол, цагдаа, ТББ-ын ажилтнуудаас бүрдсэн “Хамтарсан баг”-ийн 1079 хүн тус бүрдээ хүүхдийг хүчирхийлэл, болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүрэг хуулиар хүлээсэн байдаг. Гэтэл анхан шатанд ажилладаг хамтарсан багийг чадавхжуулах хэрэгцээ хамгийн бөгөөд энэ үүрэг ГБХЗХГ-т ногддог аж. Уг нь “Хамтарсан баг”-ийг эднийх хариуцаж, арга зүйгээр хангаж ажиллана гэсэн хуулийн заалт хаана ч байхгүй аж. Гагцхүү чадавхжуулах, мэргэшүүлэх сургалт хийх ёстой гэсэн үг, үсэг бүхий агуулга л бий. Ингээд харахаар, бүгд нэг цул болж, нэг удирдлагаар хангагдаагүй учир аливаа асуудлыг шийдвэрлэхэд зарим талаар асуудал тулгардаг байна. 

Тэрчлэн хамгийн түвэгтэй нь “Хамтарсан баг”-ийн бүрэлдэхүүн байнга солигддог гэнэ. Жишээлбэл, нэг жилийн хугацаанд нийслэлийн ГБХЗХГ-аас сургалт явуулж, чадавхжуулдаг ч жилийн дараа өнөөх бүрэлдэхүүний 50-70 орчим хувь нь солигдсон байдаг гэнэ. Энэ нь анхан шатанд хүүхдийг хүчирхийлэл, эрсдэлээс сэргийлэх ажил явуулахад хамгийн том тээг болдог байна. Арайхийж хүмүүсээ мэргэшүүлээд байж байтал тэдний 70 хувь нь солигдчихоор эргээд л шинэ хүмүүст сургалт явуулах шаардлага үүсдэг аж. Энэ мэтчилэн хүүхэд хамгааллын салбарт анхан шатнаасаа эхлээд бүхий л явцад саад бэрхшээл тулгарч байгааг салбарынхан нь нуулгүй хэлж байна. Тиймээс Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа аж. Ядаж л “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагааг тэр байгууллага бүхэлд нь хариуцна гэчихвэл буух эзэн буцах хаягтай болохын дээр арай гэж чадавхжуулсан багийг хэн дуртай нь сольж, хольдог асуудал ч нэг талдаа гарах юм билээ. 

 

  • Сумдын хамтарсан багт аймгийн ГБХЗХГ-аас ижил тэгш зарцуулах 1,0 сая ч юс уу түүнээс бага мөнгө хуваарилж байгаа нь шударга бус юм. 2022 оноос ажилласан кейсээр нь санхүүжилт олгоно гэсэн энэ үнэн л байх даа.

Холбоотой мэдээ