“Лаг шатаах үйлдвэр” төсөл: Хотын дэд бүтцийн найдвартай ажиллагаа, байгаль орчны аюулгүй байдлыг сайжруулна

2026-09-21 20 0

Улаанбаатар хотын хүн амын өсөлт, хурдацтай хотжилт, усны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор бохир усны хэмжээ жилээс жилд өсөж, цэвэрлэх байгууламжаас гарах лагийн хэмжээ нэмэгдэж байна. Одоогоор Төв цэвэрлэх байгууламжаас хоногт дунджаар 238 тонн лаг гарч, нийт 843,200 м³ хуримтлагдсан лагийн нөөц бий болсон байна. Лаг нь өндөр чийгшилтэйгээс гадна нян, бактер болон бусад бохирдуулагч агуулдаг тул зориулалтын технологиор боловсруулахгүйгээр удаан хугацаанд хадгалах, булшлах нь хөрс, ус, агаарын бохирдол болон эрүүл ахуйн эрсдэл үүсгэх сөрөг талтай. Эдгээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор Төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт, 40,000 м² талбайд “Лаг хатаах, шатаах үйлдвэр” байгуулах төсөл хэрэгжиж байгаа билээ. Үйлдвэр нь хоногт 250 м³ лагийг усгүйжүүлж, хатаан, шатаах хүчин чадалтай байх бөгөөд боловсруулалтын эцэст лагийн хэмжээг эрс бууруулж, ойролцоогоор 5–6 м³ үнс үлдээхээр төлөвлөжээ.

Artboard 2 (15).png

Төслийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулагдаж, батлагдсан бөгөөд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад багтсан байна. Төслийг 2025–2027 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж бүрэн шинжилгээний болон техникийн дэд ажлын хэсэг байгуулагдаж, техник, санхүү, эрх зүйн нарийвчилсан судалгааг эхлүүлээд байна.

Үйлдвэрт орчин үеийн дэвшилтэт технологи, тухайлбал лагийн найрлага, чийгшлийн өөрчлөлтөд уян хатан ажиллах боломжтой нэгдмэл шингэн давхаргатай шатаах зуух ашиглахаар төлөвлөсөн. Төслийн хэрэгжилтийн үр дүнд Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжаас үүсэх лагийг тогтвортой боловсруулж, хуримтлагдсан нөөцийг үе шаттайгаар бууруулах, цаашид шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах лагийн боловсруулалтын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх юм. Ингэснээр хөрс, ус, агаарын бохирдол, эвгүй үнэрээс үүдэх сөрөг нөлөөг бууруулж, хотын дэд бүтцийн найдвартай ажиллагаа, байгаль орчны аюулгүй байдлыг сайжруулах ач холбогдолтой төсөл юм.

Эдийн засгийн хувьд төсөл нь байгаль орчны бохирдлоос үүдэх зардлыг бууруулах, хотын дэд бүтцийн тогтвортой ажиллагааг хангах, ажлын байр бий болгох зэрэг эерэг үр нөлөөтэй гэж тооцоолжээ. Урьдчилсан тооцоогоор төслийн хэрэгжилт нь Дотоодын нийт бүтээгдэхүүнд ойролцоогоор 4.4 их наяд төгрөгийн эерэг нөлөө үзүүлэхээр тооцогдсон байна.

“Лаг хатаах, шатаах үйлдвэр” нь Улаанбаатар хотын бохир ус, лаг хаягдлын нэгдсэн менежментийг бүрдүүлэх, байгаль орчны бохирдлыг бууруулах, хотын эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, дэд бүтцийн тогтвортой ажиллагааг хангах, цаашлаад ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжих стратегийн ач холбогдолтой төсөл болох юм.

Холбоотой мэдээ