БНМАУ, ОХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Монголын сансрын нислэгийн багийн гишүүн, Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан, хурандаа С.Сайнцог, Монголын сансрын нислэгийн багийн эмч, МУ-ын төрийн шагналт, хүний гавьяат эмч, академич Л. Лхагваа нарыг “Тэмүүлэл” ярилцлагадаа урилаа. Тус багийн гишүүн. МУ-ын гавьяат нисэгч агсан Д.Сүрэнхорлоо, сансрын нисэгч, хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны гавьяат ажилтан М.Ганзориг нарын 1970 аад оны сүүлчээс эхэлсэн нөхөрлөлийн түүх Монголын сансрын нислэгийн үүх түүхийг яах аргагүй өгүүлдэг. Сансрын нисэгч М.Ганзоригийн бие тааруу байгаа учир “Тэмүүлэл” нэвтрүүлэгт оролцож чадаагүй юм. Монгол хүн сансарт ниссэн 40 жилийн ойд зориулав. Нэвтрүүлгийн ярилцлагыг хүргэж байна.
/Л.Лхагваа: Бид сансрын баг бүрдүүлэх гэж 10 000 хүний материал судалсан байдаг/
-Монгол хүн сансарт нисэх яриа ажил хэрэг болох эхний өдрөөс та бүхний үерхэл нөхөрлөл эхэлсэн болов уу. Энэ цагаа эргэн дурсвал?
Ж.Гүррагчаа: Биднийг цуглуулсан хүн энэ Л.Лхагваа эмч. Та биднийг яах гэж цуглуулаад шинжилгээ авч яриа хийж байсан тухайгаа эхлээд ярих уу.
Л. Лхагваа: 1977 оны гуравдугаар сард сансрын нисгэгчдийг сонгон шалгаруулах ажил эхэлсэн. Ингээд тооцохоор бидний нөхөрлөл 44 жил болсон байна. Бид сансрын баг бүрдүүлэх гэж 10 000 хүний материал судалсан байдаг юм. Тэндээс шүүж байгаад 30 хүнийг эмнэлгийн нарийн шинжилгээнд оруулсан. Хоёр дахь шатанд дөрвөн хүн тэнцсэний гурав нь байлдааны нисэгч цэргийн дунд боловсролтой байлаа.
1977 оны наймдугаар сард олон улсын сансрын нислэгийн “Интеркосмос” байгууллагын хурал Улаанбаатар хотод болж манай шалгарсан дөрвөн хүнтэй уулзаад гурвыг нь мэргэжил, боловсролоор тэнцэхгүй гэж хасаад дахин гурван хүн олох зөвлөмж бидэнд өгсөн. Хоёр дахь шалгаруулалт зөвлөгөөний дараа болж 13 хүн ирсэн. Өөрсдөө ирэхээсээ илүүтэй бид очиж уулзаж санал тавьж шалгаруулалтад оруулсан. Ингээд 13 хүнээ нэгдүгээр эмнэлэг дээр авч ирээд эрүүл мэндийн нарийн үзлэгт оруулж эцсийн шатанд гурван хүн үлдсэн. Өмнө нь шалгарсан Сүрэнхорлоо дээр Гүррагчаа, Сайнцог, Ганзориг гэсэн залуу нэмэгдсэн. Гурав нь цэргийн, нэг нь энгийн байсан. Тэдний бие хаа, царай зүс гэж сайхан, цэргийн хувцас нь маягтай зохино. Би эмэгтэй хүн байсан бол аль нэгэнд нь дурлах байсан байх. /инээв/ Тэдний төлөөлөл өнөөдөр энд сууж байна.
Эхний ээлжинд 30 хүнээс дөрвөн хүн, дараагийн ээлжид 13 хүнээс гурван хүн тэнцэж байсан. Тэгэхээр тухайн үед монгол залуучууд ямар сайхан эрүүл саруул байсан юм бэ гэж би одоо боддог.
-Сансарт нисэхэд яг ямар мэргэжлийг чухалчилж байсан юм бэ?
Л.Лхагва: Тэр үед ЗХУ-аас бидэнд өгсөн сонгон шалгаруулах заавар зөвлөмжөөр инженерийн болон агаарын хөлгийн нисэгч мэргэжилтэй гэсэн байсан.
-Эрүүл мэндийг маш нарийн шалгасан байх даа?
Эрүүлийг хамгаалахын сайд Д.Ням-Осор гуайгаар ахлуулсан Сансрын нисэгчдийн эрүүл мэндийг хянан шалгах комисс байгуулагдсан. Бүрэлдэхүүнд нь нүд, арьс өнгө, мэс засал гээд салбар бүрийн улсдаа нэгт ордог, анагаахын салбарын шилдэг эмч нар байлаа. МУИС-ийн 1947 оны анхны төгсөгч манай анагаахын алтан үеийн эмч нар байсан. Тэдний өмнүүр өвчтэй хүн тэнцээд гарах ямар ч боломжгүй.
-Би багадаа сансрын нисгэгчдийг хараад ямар гоё ах нар вэ гэж боддог байлаа. Ийм бодолтой хүн олон байгаа байх. Сонгон шалгаруулалтад царай зүс, бие бялдрын хөгжлийг нь харж байсан уу?
Ж.Гүррагчаа: Тэр царай зүс харсан нь худлаа байх өө. Тийм бол би яаж тэнцэх юм.
Л.Лхагва: Сонгон шалгаруулалтад их олон материал ирж байсан тухай би дээр дурдсан. Намтарт хавсаргаж ирүүлсэн зургийг мэдээж харна. Зөв төрхтэй гэж одоо яриад байгаа тийм хүмүүсээ сонгон авч, бусад зүйлээр тэнцэж байгаа эсэхийг нь нягталж үзнэ. Чиний хэлж байгаа үнэн л дээ. Манай сансрын нисгэгчид царайлаг сайхан залуучууд байсан. Энэ Гүрээ өөрийгөө их царай муутай гэж яриад байгаа. Гэвч тухайн үедээ царайлаг залуучуудын тоонд зүй ёсоор орж байсан хүн.
Манай Сайнцог одоо л Ленин багш шиг толгойтой болчихсон болохоос 40 гаруй жилийн өмнө битүү халимагтай, цэргийн хувцас нь янзын зохино. Бас л жавхаатай эр байсан. Д.Сүрэнхорлоо, Д.Ганзориг хоёр ч ялгаагүй. Маш сайхан залуучууд. Уулыг цас, эрийг нас гэдгээр өнөөдөр сайхан өвөгчүүл болчихоод сууж байна. /инээв/
-Гүррагчаа баатрын хувьд эрүүл мэндийн үзлэгт тэнцэнэ гэсэн итгэл үнэмшил хэр байв?
Ж.Гүррагчаа: Бид чинь цэргийн улс. Тийм учраас эрүүл мэндийн хувьд байнга хяналтанд байсан. Хөдөө эрүүл саруул орчинд өссөн учраас аливаа өвчин эмгэгийн тухай ямар ч бодолгүй л шалгуулж байлаа. Залуу улсад хүсэл эрмэлзэл, зориг гээд бүх л зүйл байж таарна. Тийм л сайхан насандаа учирч өвгөн болтлоо нөхөрлөж явна даа бид. Д.Сүрэнхорлоо маань бурхны оронд очсон ч биднийхээ сэтгэл зүрхэнд хэлж байсан үг, үйлдлүүд нь үргэлж хамт байдаг даа.
Ер нь эрүүл мэнд хамгийн чухал гэж үзээд бүх талаар нь шалгаж байлаа. Цус, шээс, нус, цэр, хөлс гээд бүх зүйлээс шинжилгээ авдаг. Сүүлд Москвад очсон хойно ачаалалтай шинжилгээ гэж хийсэн. Хүнд ачаалал өгөхөд бие организм яаж хүлээн авч байна вэ гэдгийг тандан судалж байгаа юм. Центрифуги гээд хүчтэй эргүүлдэг юманд суулгаад гаргаж ирэхээр нь шинжилгээ авна. Энэ мэт олон туршилт тандалтыг хийнэ шүү дээ.
-Тэр үед монголд сансрын нислэгийн техникийн бэлтгэл сургуулилт хийх боломж байхгүй учраас Орост очоод шууд ийм туршилтад ороход хэр хүнд байсан бол?
Ер нь амаргүй. Биднээс гадна социалист системийн бусад улсуудын нисэгчид хамт бэлтгэл сургуулилт хийж байсан. Туршлагатай нисэгчид ч гэсэн хамт хийнэ. Нус суга үсрээд хамар дээр наалдах бол наад захын асуудал. Нүд ам нь сонин болсон, зовхи нь доошоо унжчихсан янз янз болчихсон байх царайнуудыг зөндөө харж байсан. Гол нь ухаан алдаж унахгүй байх нь чухал. Тэр центрифугид суугаад нэг л ухаан алдвал сансарт нисэх өнгөрнө гэсэн үг. Армийн нисэгч ч ялгаагүй, нэг удаа ухаан алдвал ажлаа өгөхөөс өөр замгүй. Тийм л хүнд ширүүн даваануудыг давсан даа.
С.Сайнцог: Юунаас ч буцахгүй залуу насны эрч хүч, эр зоригоор тэсэж, тэвчиж гарч байсан. Тэр үед бидэнд ийм байдаг, тийм байдаг гэж зааж сургаад байх хүн байхгүй. Ерөнхийдөө харанхуй улс л ЗХУ-д очсон. сансар судлалын эхэн үед өсөж өндийсөн болохоор бидэнд сурч мэдэх гэсэн чин сэтгэл их байсан. Мэдээж эрсдэл, хүндрэл гарах нь бий.
Сансрын хөлгийг 99.99 хувийн баталгаатай хийхэд, сансрын хөлөгт 1500 орчим эвдрэл гэмтэл гарах магадлалтай гэж ярьдаг.
Ийм зүйлд эр зориг, эрдэм ухаанаа зориулан ажиллана гэдэг бол яах аргагүй баатарлаг үйлс. Тийм ч урчаас ЗХУ-аас сансарт ниссэн өөрийн улсын иргэн болон хамтран ниссэн холбоотон улсын иргэдээ баатар цолоор шагнаж урамшуулдаг байсан. Зарим хүмүүс зүгээр байдаг л шагнал урамшуулал мэтээр ойлгож болох юм. Гэвч энэ бол яах араггүй баатарлаг үйлс. Өнөөдөр сансарт нисэх нь төвөггүй, жуулчид нисэх боломжтой гэж яриад байгаа боловч яг бодит байдал дээр маш их эрсдэл байсаар л байна.
-Л.Лхагваа докторын хувьд 10 мянга гаруй залуучуудаас шалгаруулж авсан дөрвөн сансрын нисэгчээ өндгөө дарж байгаа шувуу шиг л анхаарч халамжилж эрүүл мэндийг нь хамгаалж байсан болов уу?
Л.Лхагва: Биднийг Зөвлөлтийн “Оддын хотхон”д байрлуулаад байнга хамт байлгах тухай ШУА-аас ярьж байсан. Харин олон улсын туршлагаас үзэхэд хамт байрлаж байгаагүй учраас байрлаж ажиллах шийдвэр эцэслэгдээгүй. Гэхдээ миний хувьд олон удаа наашаа цаашаа явсан даа. Сансар судлалын хүрээлэнд байрласан ч дандаа холбоотой ажиллаж байсан. Мэдээж “Оддын хотхон”д эмч мэргэжилтнүүд ажиллаж байсан, тэднээс мэдээ судалгаа авч боловсруулах ажил хийдэг байсан. Улирал тутамд нарийн шинжилгээ хийж, түүний үр дүнг нь нухацтай ярилцана.
-Ж.Гүррагчаа баатрын хувьд гурван жил бэлтгэл сургуулилалт хийж байж сая сансарт ниссэн. Өдөр болгон нэг зүйлээ давтаж хийх үү, аль эсвэл… гээд манай уншигч, сонсогчид сонирхох байх?
Тэр үед сансрын нисгэгчдийг бэлтгэх “Оддын хотхон” төвд ЗХУ-аас туршлагатай багш, чиглүүлэгчид ирж ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, сансарт хүн нисээд 20 жил болсон байсан учраас хаана, хэзээ ямар сургуулилт хийхээ нарийн тооцож гаргаад, төлөвлөгөөний дагуу явдаг байлаа.
1981 оны гуравдугаар сарын 22-нд сансрын хөлөгтөө суугаад сансарт хөөрөх мөчид ямар сэтгэгдэл төрж байсан тухай хүүхэд залуучууд, сэтгүүлчид их асуудаг. Яг тэр үед өдөр тутмынхаа дасгал сургуулилтыг хийж байгаа юм шиг л санагдаж байсан. Энэ нь урт хугацааны системтэй бэлтгэл сургуулилтын ач холбогдол юм болов уу гэж боддог.
Гурван жилийн хугацаанд байнгын сансрын хөлөгт суугаад бэлтгэл хийгээгүй нь ойлгомжтой. Эхлээд онолоо үзэж судална, биеийн тамирын дасгал сургуулилтыг ачаалалтай хийнэ. Бас бусад салбарын талаар, сансарт турших хөтөлбөрүүдээ судалж мэдэх гээд олон ажил байсан. Үүний хажуугаар жингүйдлийн орчинд дасгах дасгал сургуулилтыг өдөр бүр хийгддэг байлаа.
-Энэ гурван жилд гэртээ, эх орондоо ирж байв уу?
Ганзориг бид хоёр гурван удаа ирж байсан. 1977 оны наадмын үеэр нэг ирсэн. Дараа нь 1978 оны намар ирж туршилт хийж байсан. Дасгал сургуулилт хийх хугацаандаа онгоцоор эх орныхоо дээгүүр олон удаа нисэж судалгаа туршилт хийж байсан. Тухайлбал, газрын гадаргууг ижил төвшнөөс зургийг нь авах, онгоцоор авах, сансраас авахад ямар өөрчлөлт гарч байгааг, юуг олж мэдэж болохоор байгааг харьцуулан судалж байсан.
-С.Сайнцог хурандаа хэр удаан бэлтгэл сургуулилалт хийсэн билээ?
С.Сайнцог: Миний хувьд нэг их удаагүй. Сар гаруйн хугацаанд бэлтгэл сургуулилалтад хамрагдсан. Энэ хугацаанд сансрын бүхээгт яаж ажиллах, жингүйдлийн орчинд бие организм хэрхэн өөрчлөгддөг гээд бүхий л сорилт туршилтад орсон. Тухайлбал, 17 градусын налуу орон дээр толгойгоо доош нь харуулж хэвтээд хоолоо иднэ. Ингэхэд хүний толгойд цус хуралдана. Нүд улайж, нүүр чинэрнэ. Ийм нөхцөлд хэр хурдан дасан зохицох нь вэ гэдгийг нь тандаж судалж байгаа нь тэр. Ингэхэд 2-3 хоноод харьцангуй гайгүй болчих жишээтэй. Мөн хүчтэй чичиргээ доргионы үед хүний дотор эрхтэнд өөрчлөлт гарах эсэхийг туршиж үздэг байсан. Ингэхэд бидэнд нэг их өөрчлөлт гарч байгаагүй. Хар багаасаа морь унаж өссөнтэй холбоотой байх. Машинд суулаа гэхэд монголын зам ямар билээ. Тэр бүхэн нөлөөлсөн гэж боддог.
Монголчуудын бөөр цөс чулууждаггүй байсан нь мөн байнга чичиргээ доргиотой уналга унаа хэрэглэж байсантай холбоотой байж мэдэх юм. Мөн хүчтэй савлуурт суулгаад эргүүлж тойруулна, тусгай амны хаалт зүйлгээд хүчил төрөгч нэмж, хасах туршилна. Ингэхэд нам дор газар нутагтай зарим улсын сансрын нисэгчид муужирдаг байсан. Олон тийшээ хүчтэй савалдаг төхөөрөмжөд суусан хүмүүсийн царай цайх, тэнцвэрээ алдах тохиолдлууд гарч байсан ч бидэнд ноцтой өөрчлөлт мэдэгдээгүй. Бидний ихэнх нь хөдөө гэрт унинаас өлгөөтэй уяулж, зүүгдэж өссөн болохоор тийм зэргийн туршилтыг торохгүй гарахад нөлөөлж байсан биз.
Тэр үед 4-5 улсын сансрын баг бэлтгэл сургуулилт хийж байсан.
Л. Лхагва: 5000 м өдөр уул руу, секундэд 5 м хуртай өгсөх хэмжээнд агаарын найрлага, даралтуудыг өөрчилж, туршдаг. Тэгээд 5000 метр өндөрт ямар байх вэ гэдэг агаарын найрлагаар 30 минут амьсгалуулна. Секундэд 40 метрийн хурдтай буулгана. Ийм туршилтын ард манай нисэгчид ухаан алдаж унах нь битгий хэл инээсээр гарч ирж байгаа юм. Ингээд орос эмч нар бүр гайхаад танай энэ хүмүүс чинь төмөр хүн шиг ямар сонин юм бэ гэдэг байсан.
Тэр хүчтэй доргио чичиргээний туршилтад орж сэгсрүүлсний дараа шинжилгээ авна. Ихэнх тохиолдолд шээс нь цустай гарна. Манайхан харин зөв зүгээр. Морьтой давхиж байгаад ирсэн юм шиг тийм л байдаг байсан. Мөн манайхны шүд, нүдийг нь харж шалгаад мөн л гайхаж байгаа юм. Тэр үед монголчуудын бие маш сайхан байж, манай шалгаж сонгосон баг ч сайн ажиллажээ.
-Ж. Гүррагчаа баатрын хувьд 1978-1981 он хүртэл хүний нутагт хатуу хүтүү бэлтгэл сургуулилттай байхдаа эцэг эх, эх орон, найз нөхдөө хэр санаж байсан бол?
Ж. Гүррагчаа: Манай Ганзориг бид хоёр гэр бүлээрээ ЗХУ-д очсон байсан. Хоёрдугаарт элчин сайдын яамнаас байнга анхаарал тавьж ажиллана. Тэгээд Орос ах нартайгаа найз болчихсон. Хүндрэл бэрхшээлтэй зүйл байвал хэлж уламжлаад шийдүүлчихдэг байлаа. Сансрын багийн гишүүд юм үзэж нүд тайлсан, соёлтой хүмүүс байсан учраас биднийг сургах, чиглүүлэхэд ямар ч асуудал байгаагүй. Бусад улсын багийн гишүүдтэйгээ хамт бэлтгэл сургуулилт хийдэг учраас бас их ойр дотно.
Ганаатайгаа байнга хамт байдаг байлаа. Д.Ганзориг маань их тайван, хэр баргийн зүйлд годгонож сүр болоод байхгүй, монгол хүний гүндүүгүй зантай хүн. Нэг том хүрэн цүнх бариад хичээлдээ явдаг. Би нэг удаа тэр цүнхэнд нь алх хийгээд орхичихлоо. Мэдсэн ч юмгүй хичээлдээ явж ирчхээд маргааш нь “чи миний цүнхэнд алх хийчихдэг нь яаж байгаа юм бэ” гээд инээд алдах жишээтэй. Бид гурван жилийн хугацаанд хамт байхдаа шантарч цуцаад буцдаг юм уу, яах вэ гэж санаа чилээж байсангүй.
ШУА-ын ерөнхийлөгч байсан Б.Ширэндэв гуай мундаг сайхан захиас даалгавар өгч байсан. Ю.Цэдэнбал дарга хүлээн авч уулзаад “За хичээгээрэй хүүхдүүд ээ. Монгол хүн сансар нисэх их үйл хэрэг та бүхний итгэл зүтгэлээс шалтгаална. Монгол улсын нэр хүнд та бүхнээс шалтгаална” гэж аминчлан захиж байлаа. Тэр үед засгийн газрын бүх гишүүд сансрын комисст орж ажиллаад онцгой ач холбогдол өгч байсан. Ийм их захиа даалгавартай, итгэл хүндлэл хүлээсэн улс хичээхээс өөр арга байгаагүй.
-Би сансрын нисэгчдийг вакум орчинд харуул хамгаалалтын дор идэж уух, өмсөж хэрэглэх, явж суух бүр нь заавар зөвлөмжийн дагуу байдаг байх гэж боддог байлаа. Харин та бүхний ярианаас арай өөр байж гэж олгож байна.
-Ерөнхийдөө нууцын зэрэглэлд хийгдсэн ажил. Тэр аймгийн тэр суманд төрсөн, тийм мэргэжилтэй хүн сансарт нисэхээр бэлтгэгдэж байна шүү гэдгийг тэр бүр мэдээлж байгаагүй. Тийм ч учраас монголд байх хугацаанд хардаг харгалздаг хүн байсан. Их л анхаарал халамжийн доор бэлтгэгдэж байсан. Ганаа бид хоёр Монголоос Зөвлөлт рүү явахад, тэндээс ирэхэд хоёр өөр онгоцоор тус тусgд нь үйлчилдэг байлаа. Хоёр хүн бэлтгэж байгаагийн учир тэр. Нэг нь аюул осолд орлоо гэхэд дараагийн хүн нь байж байх ёстой. Цаг хугацаатай, эртнээс төлөвлөж байсан учраас маш болгоомжтой хандахгүй бол болохгүй.
Л.Лхагва: “Оддын хотхон”оос Байконур луу нисэхэд нэг газраас нэг газарт очих гэж байгаа ч энэ хоёрыг өөр өөр онгоцоор авч явж байсан. Нэг удаа Гүрээ бид хоёр нэг онгоцонд нисэгчид, сургагч багш нар, ганц нэг албаны хүмүүс гээд маш цөөхөн хүнтэй нисэж байлаа. Гэтэл онгоц яг буухын өмнө буцаад явчихлаа. Гайхаад тэдний яриаг сонсож байтал тухайн онгоцны дугуй нь бүрэн буухгүй ч юм уу нэг бэрхшээл гарсан учраас шууд буцаад өөр онгоцонд суугаад дахиж нисэж байсан. Тэр үед бэлтгэл сургуулилалтыг нь дэргэдээс нь харж байлаа.
Сансрын бүхээгт суулгаад түймэр гарлаа, эвдрэл гэмтэл гарлаа гээд сургагч багш нар нь үүрэг даалгавар өгөөд янз бүрийн бэрхшээл саадыг бий болгож, түүнээс гарах даалгавар өгч байгаа харагдсан.
Ж.Гүррагчаа: Сургуулилтын ихэнх хэсэг нь тэр. Саад бэрхшээл тулгарлаа гэхэд тэндээс гарах нь бидний үүрэг. Гэхдээ гарах заавар зөвлөмжийг шууд хэлж өгөхгүй. Ер нь аюулгүй ажиллагааг маш сайн анхаарч байсан. Ганаа бид хоёр онгоцоор нисэхдээ байнга тус тусдаа явж байгаад 1981 оны тавдугаар сарын 5-нд эх орондоо ирэхдээ хамт нэг онгоцонд суусан юм.
-Сансрын нисэгчдийг бэлтгэх сургуулилтад дөрвөн залуу хамт яваад хоёр нь буцах болоход бас хүндхэн байсан болов уу?
-Л.Лхагваа: Монголчууд их өрөвч, сониуч улс. Болж өгвөл шалгараад явсан дөрвөн залууг бүгдийг нь сансрын хөлөгт суулгаад нисгэх санаа байсан байх. Ер нь дөрвүүлээ л бүх сорилтуудыг давсан. Даанч нэг л хүн нисэх учраас хасаж таарна. Тэгээд Сайнцог, Сүрэнхорлоо хоёрыг хасаад Ганзориг, Гүррагчаа хоёрыг үлдээгээд бэлтгэл хийж эхэлсэн. Дараа нь Ганзоригийг үлдээгээд Гүррагчааг нисгэх шийдвэр гарч байсан.
Би нэг их юм үзсэн хүн болж тэр үед үлдэж байгаа залуучууддаа хандан “Сансарт нисэх ч сайхан, эх нутагтаа үлдэх ч сайхан” хэлж байсан. Учир нь сансарт ниснэ гэдэг нь ямар ч аюул осолгүй ажил биш. Маш их эрсдэл дундуур явна. Очих замдаа яах вэ, очоод ямар нөхцөл угтах билээ, буухдаа яах билээ. Манай нутгийн нэг хүн “Гүррагчаа ямар сүрхий хүүхэд вэ. Галтай нисээд явчих юм” гэж хэлж байсан. Энэ бол онож хэлсэн айхтар үг. Яг л галын үзүүр дээр байгаа юм шиг тийм аюултай алхам хийж байгаа юм.
-С.Сайнцог хурандаагийн хувьд эх орноосоо явахдаа сансарт ниснэ гэсэн хүсэл эрмэлзэлтэй яваад эрүүл мэндийн багахан шалтгаанаар хасагдаад ирсэн гэдэг. Тэр үед ямар байсан бэ?
С.Сайнцог: Мэдээж хүнд хэцүү мэдрэмж төрж байсан. Гэхдээ бидэнд социалист орнуудаас ирсэн дөрөв дөрвөн залуугаас хоёр хоёр нь үлдэж бэлтгэлд орно, нэг нь ниснэ гэдэг нь ойлгомжтой байсан. Бид хоорондоо “тэр шалгаруулалтад тэнцэхгүй балрах вий. Ядахдаа хоёр нь заавал тэнцэх хэрэгтэй. Нэг нь сансарт заавал нисэх юм шүү” гэж ярьж, хичээж байсан. Тэр зорилго маань бүтсэн учраас бүгд л баяр хөөртэй байдаг.
Монгол улсын шилдэг эмч, эрдэмтэд, сайд дарга нар бүгд онцгой ач холбогдол өгч байсан ажил. Бид дөрөв шалгарч үлдээд хойшоо явахдаа улс төрийн товчоогоор орж байсан. Тэр үед сайд дарга нар бидний тухай мэдээллийг сонсоод санал бодлоо илэрхийлсний дараа зураг авахуулсан юм. Тэгэхэд улс төрийн товчооны гишүүд араар суугаад Ж.Гүррагчаа, Д.Ганзориг, Д.Сүрэнхорлоо, Л.Лхагваа эмч бид хэд Ю. Цэдэнбал даргын хоёр талаар хуваагдаж суугаад зургаа авахуулсан байдаг. Энэ зураг эх хувиараа олдох юм бол их зүйлийг өгүүлнэ.
Ж.Гүррагчаа: Дөрвүүлээ хойно оччихоод хоёр нь буцах тэр үед би хувьдаа нэг их юм бодож сүйд болоогүй. Мэдээж хүсэл мөрөөдлөө хяргуулж байгаа найз нөхдөд минь хүнд байсан нь ойлгомжтой. Тэгээд Ганаа бид хоёр үлдээд бэлтгэл сургуулилтаа гурван жил мөр зэрэгцэж хийгээд яг сансрын хөлөгт суух хүнээр би тодорч найз маань үлдэж байхад их зүйл бодогдож байсан. Миний найз үнэхээр баатарлаг байсан. Өнөөдөр эрүүл мэндийн шалтгаанаар энэ нэвтрүүлэгт орж чадаагүй ч гэсэн бидний хажууд сууж байгаа юм шиг тийм л сайхан хүн.
-Малчны хүү учраас Ж. Гүррагчааг сансарт нисгэх гэж сонгосон юм гэнэ билээ, сансарт нисэхийн урьд шөнө М. Ганзориг нь унтаагүй юм гэсэн ярианууд байдаг. Энэ ярианд та цэг тавьж тайлбар хэлэх үү, аль эсвэл оньсого мэт үргэлжлээд явж байг уу?
Ж. Гүррагчаа: Харин л дээ. Оньсого мэт байсан нь сонирхолтой юм болов уу. нэг учир байдаг, түүнийг нь тайлах гэж хойноос нь хөөгөөд явдаг уран сайхны кино шиг байвал зүгээр ч юм шиг. /инээв/
Гэхдээ би монголынхоо ард түмэнд нэг л зүйлийг хэлье. Энэ шалгаруулалтыг хийхэд монголын талын оролцоо маш бага байсан. ОХУ-ын сансар судлалын баг, бэлтгэл сургуулилтыг удирдаж байсан улсын санал дүгнэлт голлосон байх. Манай талаас нарийн ширийн зүйлийг нь Адъяа дарга мэдэж байсан байх.
Бид сансрын нэг, хоёрдугаар баг гээд бэлтгэл сургуулилтаа хийж байсан. Тэгээд 1981 оны гуравдугаар сарын 20-нд сонгон шалгаруулалтын комисс дүнгээ танилцуулсан. Манай багийг сансарт нисэх болсныг дуулгасан.
-Тэр үед М. Ганзориг нисэгчийн сэтгэл санааг хуваалцаж байсан хүний нэг нь дэргэд нь байсан Л. Лхагваа эмч та болов уу, тийм ээ?
Л. Лхагваа: Хоёулаа хамт бэлтгэл сургуулилт хийж, хатуу ширүүнтэй нүүр тулж байгаад нэг нь нисээд, нөгөөх нь торойгоод үлдэхийг харахад нулимс гардаг юм билээ. Ганзоригтой дарга нар нэг их ойртож юм ярихгүй би л дэргэд нь байсан. Тэр үед сансарт нисэх нь ямар хатуу тоглоом бэ гэдгийг бас харж байсан. Д. Ганзоригтой хамт байсан багийн ахлагч В.А.Ляховын ээж нь өнгөрчихсөн байсныг хоёр гурав хоног нууж байгаад сансрын баг ниссэний дараа хэлж байгаа юм. Тэр харамсалтай мэдээг сонсоод В.Ляхов нулимс унагаж байсан ч нэг сүрхий амьсгаа аваад бие барьсан. Тэгэхэд нь В.Шаталов генерал “Битгий уйл, чамайг нисэж чадаагүй болохоороо уйлж байна гэж бодно шүү” гэж хэлсэн байгаа юм. Тэгээд В.Ляхов нэг сайн гүнзгий амьсгаа аваад, нулимсаа татсан байгаа юм.
Д.Гүррагчаа: Тийм амар эд биш байгаа биз.
Үргэлжлэл бий…
0 cэтгэгдэлтэй