Б.Бямбадорж: Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлнэ

2021-03-25 968 0

“Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол болон ойрын хавьтал бүхий иргэдийг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан гэрийн тусгаарлалт, ажиглалтад шилжүүлэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа.

-Халдварын батлагдсан тохиолдол болон ойрын хавьталд болсон иргэд хэрхэн гэрийн тусгаарлалтад шилжих вэ?

-Коронавируст халдварын цар тахлын дэгдэлт нийслэлийн ихэнх хороонд тархаж байгаа энэ үед эмчилгээний тактик гэрээр тусгаарлан ажиглах тактик руу шилжиж байна. Энэ хүрээнд өрхийн эмч нарын үйл ажиллагаанд тулгуурласан эмнэлгийн болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ. Халдварын батлагдсан тохиолдол болсон тухайн иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эсвэл гэрийн тусгаарлан ажиглалтад шилжин эмчилгээ хийлгэх эсэхээ өөрөө шийднэ. Энэ нь Эрүүл мэндийн сайдын 101 дүгээр тушаалаар зохицуулагдаж байгаа. Гэрээр тусгаарлах боломжтой, гэр бүлийн ахуй нөхцөл, бололцоо нь бүрдсэн нөхцөлд тусгай асуулга дээр анкет бөглөж, гарын үсгээр баталгаажуулж өгснөөр тухайн иргэн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ хийлгэх боломжтой юм.

Халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг ХӨСҮТ, Өрхийн эрүүл мэндийн эмч нарын хамтарсан баг тогтооно. Ойрын хавьтлаар тогтоосон даруйд шинжилгээ авах, мөн долоо болон 12 дахь хоногт шинжилгээ авах байдлаар нийт гурван удаагийн шинжилгээнд хамруулж, тухайн иргэнийг гэрт нь тусгаарлан, өрхийн эмчийн хяналтанд авах зохицуулалтыг журамласан.

-Гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл өгөхгүй юү. Нийт хэчнээн иргэн байна вэ?

-Өнөөдрийн байдлаар халдварын батлагдсан тохиолдол болох 600 гаруй, ойрын хавьтал 2900 гаруй хүн гэрийн тусгаарлалтад өрхийн эмч нарын хяналт, ажиглалтад байна. АШУҮИС-ийн хоёрдугаар дамжааны 733 резидэнт эмч нийслэлийн төвийн дүүргүүдийн 140 гаруй ӨЭМТ-д ажиллаж байгаа. ӨЭМТ-ийн эмч нар гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэд хэдэн чиглэлээр үзүүлж байна. Тухайлбал, гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдтэй өдөрт хоёр удаа цахимаар холбогдон, эрүүл мэндийн байдал, биеийн халуун болон биед гарч байгаа өөрчлөлтийг асууна. Мөн архаг хууч өвчтэй, илүүдэл жинтэй, ахмад настан зэрэг иргэдийг ӨЭМТ-ийн эмчийн шийдвэрээр гэрийн өдрийн эмчилгээнд хамруулахаар болсон. Эрүүл мэндийн сайдын тушаал, ЭМДЕГ-ын шийдвэрийн дагуу энэ эмчилгээ үйлчилгээний асуудал зохицуулагдана.

Гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах үүднээс явуулын лаборатори ажиллуулж байгаа. ЭХО, зүрхний бичлэг, рентген оношилгоо, лабораторийн шинжилгээ хийх явуулын багийг өрхийн эмчийн товлолт захиалгын дагуу тухайн иргэний гэрт очиж, тусламж үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.

-Өрхийн эмч нарт зөвлөх, иргэдийн эрүүл мэндэд давхар хяналт тавих эмч нарын баг ажиллуулж байгаа гэсэн?

-Тийм ээ, НЭМГ-ын даргын тушаалаар нийтдээ найман төрөлжсөн мэргэжлийн зөвлөх зэрэгтэй эмч нарын багийг гаргаж, ӨЭМТ-ийн эмч нартай хамтран ажиллуулж байгаа. Ингэснээр гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэнтэй цахимаар холбогдож, эрүүл мэндийн байдалд нь давхар хяналт тавих боломж бүрдэж байна. Архаг хууч өвчтэй иргэд болон ахмад настнууд халдвараар өвчилсөн тохиолдолд ихэвчлэн хүчилтөрөгчийн хэрэгцээ үүсдэг. Үүнийг хэмжих пульсоксиметр, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, автомат даралтын аппаратыг шаардлагатай бол зарим иргэний гэрт түр хэрэглүүлэх байдлаар эрүүл мэндийн хяналтад ашиглаж байна.

-Гэрийн тусгаарлалтад байгаа иргэд өөр дүүрэг рүү шилжих зайлшгүй шаардлага гарвал хэрхэх вэ?

-Гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа зарим иргэний хувьд өөр дүүрэг рүү шилжилт хөдөлгөөн хийх зайлшгүй шаардлага тулгарах нь олонтаа. Үүнтэй холбоотой асуудал өдөрт 200 гаруй гарч байна. Халдвартай иргэн болон ойрын хавьтлуудыг ердийн машинаар тээвэрлэж болохгүй учраас товлосон захиалгын дагуу тухайн иргэнийг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, тусгай зориулалтын автомашинаар 09:00-21:00 цагийн хооронд нэг дүүргээс нөгөө дүүрэгт зөөвөрлөнө. Мөн тухайн өрхийн эмчээс нөгөө дүүргийн өрхийн эмчийн хяналтад шилжүүлэх зохион байгуулалтыг хийж байна.

-Ойрын хавьтлуудын давтан шинжилгээг хэдий хугацаанд хийдэг вэ. Мөн гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн сэтгэцийн эрүүл мэндэд анхаарч ажиллаж байгаа гэсэн?

-Ойрын хавьтлуудын давтан шинжилгээг манай тандалт, шуурхай удирдлагын нэгж хийдэг. Өрх, дүүрэг болгон дээр 1-2 автомашиныг ажиллуулж байна. Хамгаалах хувцас хэрэгсэл өмссөн 4-5 хүний баг товлолт хуваарийн дагуу тандалт, шинжилгээ хийж байгаа. Түүнчлэн сэтгэл судлалын үндсэн мэргэжлээр суралцагч найман резидэнт эмч нарын баг гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдэд зориулж сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх цахим сургалтыг өдөрт хоёр удаа зохион байгуулж байна. Мөн цахимаар сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, амьдралын зөв дадал хэвшилд сургах, гэрийн тусгаарлалтад байх хугацаандаа эрүүл мэнд болон чөлөөт цагтаа хэрхэн анхаарах зэрэг сургалтыг явуулж, иргэдтэй тогтмол харилцаж ажиллаж байна.

Холбоотой мэдээ