Даргынхаа амийг егүүтгэж зугтаад, ууланд бүгсэн цэргүүдийг бүслээд байна

2021-04-09 2521 3

Говь-Алтай аймгийн Алтай суманд байх Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн дөрөвдүгээр застав буюу Баянтооройн заставт өчигдөр орой (2021.04.08) даргынхаа амийг егүүтгээд зугтсан цэргийн алба хаагчдыг бүслээд байгаа аж.

Энэ талаар ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав “Даргынхаа аминд хүрсэн хоёр байлдагчийг цагдаагийн алба хаагчид мөр даган, бүсэлсэн байгаа бөгөөд завсэгтэй байгаа учир шууд баривчлах боломжгүй. Манаан даргаа цээжин тус газар гурван удаа буудаж амь насыг нь хөнөөсний дараагаар тэдний байрлаж байсан заставтай ойр байх малчин айлаас мотоцикл авч явсан байна. Цагдаагийн алба хаагчид тэднийг мөрөөр нь дагахад мотоцикл авсан айлаас 50 гаруй км-ийн цаана түлш нь дуусч, зэвсэгтэй хоёр цэрэг уул уруу зугтсан байна” гэлээ.

Хил дээр алба хааж буй цэргүүд биедээ байнга галт зэвсэгтэй явдаг. Нэг цэрэгт 25 сум ногддог. Оргосон цэргүүд биедээ 45 сумтай яваа нь тогтоогдоод байгаа юм байна.

Сэжигтнүүдийн нэг нь Ховд аймгийн Чандмань сумаас өнгөрсөн намар татагдсан 19 настай Х, нөгөө нь Орхон аймаг Баян-Өндөр сумаас татагдсан 19 настай М нар аж. Амиа алдсан  дарга 34 настай, эхнэр хүүхдийн хамт амьдардаг байжээ. Цэргүүд харуулын даргын аминд хүрэх болсон шалтгаан нь урьдчилсан байдлаар дарамт шахалтаас болоогүй. Харин ар гэрийн хүмүүжлээс шалтгаалсан байхыг ч үгүйсгэхгүй бөгөөд тайван цагт өргөсөн тангаргаасаа няцаж, ийм үйлдэл гаргасанд харамсаж байгаагаа хошууч генерал Ш.Лхачинжав хэллээ.

 

Холбоотой мэдээ