*** Боловсрол экспортын орлогын гол эх үүсвэр болж байна ***
Бид аялал жуулчлалыг л утаагүй үйлдвэрлэл, үл үзэгдэгч экспорт гэж ойлгодог. Гэтэл утаа үйлдвэрлэж, биет баялаг бий болгохгүй ч экспортын орлогоороо улсынхаа эдийн засагт жин дарж, аж үйлдвэрийн дайтай босож ирсэн салбар бол боловсрол юм. Хэдхэн сарын өмнө боловсрлын салбарт олон улсын судалгаа, шинжилгээ хийдэг ICEF Monitor компани цахим хуудастаа нийтэлсэн “Австралийн боловсролын салбарын экспортын орлого 2017 онд 22 хувиар өслөө” гэсэн мэдээний эхний өгүүлбэрийг “Австралийн нүүрс, төмрийн хүдэр, боловсролын салбар юугаараа нийтлэг” вэ гэсэн тун даажинтай асуултаар эхэлсэн байв.
Манайхтай адил байгалийн баялаг экспортолдог тус улсын боловсролын чанар гадаад оюутнуудад АНУ, Их Британийн дараа үнэлэгдэх хэмжээнд болж хөгжсөн аж.
Хэдхэн жилийн хугацаанд Герман, Канад, Япон зэрэг улсыг чанартай дээд боловсролоороо гүйцэж түрүүлэн, 2017 онд 24.7 тэрбум ам.долларын орлого энэ салбараас олсон нь жилийн дотор 22 хувиар өссөн үзүүлэлт аж. Орлогын дийлэнхийг буюу 98 хувийг оюутны сургалтын болон байрны төлбөрөөс олдог гэсэн тоог тус улсын Статистикийн үндэсний хороо өгсөн байна.
Гэтэл манай улс боловсролыг сайнаар хэлбэл соёлын солилцоо эсвэл ард иргэдээ заавал хангах ёстой суурь эрх гэх өнцгөөр л харж, зардал мөнгө чадан ядан тавьдаг байсан. Тиймдээ ч ард түмний бичиг үсэг тайлагдсан байдлаараа дэлхийд гайгүй цохиж явдаг ч дээд боловсролын чанар чансаагаар бараа сураггүй байдаг биз. Харин туйлын муухайгаар хэлбэл дээд сургуулийг хамгийн чанар муутай үйлчилгээний салбар болгож, хэрэглэгчдэд нь улс төрийн зорилгоор ашиглах хэрэгсэл мэт ханддаг. Түүнээс биш хөдөлмөрийн зах зээлээр дамжиж улс орны макро эдийн засгийн өсөлт бий болгодог эдийн засгийн тулах цэг гэж одоо хэр нь ойлгоогүй байх шиг. Ийн биднийг боловсролын алдаа, оноогоо дэнсэлж ядан мунгинах хооронд улс орнууд боловсролын салбартаа хэн нь их мөнгө хүүдийлэх вэ гээд уралдаад эхэллээ. Гадаад худалдаа, валют, түүхий эд, эрчим хүч, технологийн салбарт өрнөдөг улс орнуудын хоорондох эдийн засгийн ширүүн өрсөлдөөн боловсролын талбарт өрнөж байна.
Эдийн засгийн дайны энэхүү шинэ талбар дээр хамгийн чанартай дээд боловсрол олгодог улс орнууд л олз олж, ашиг хүртдэг.
Тухайлбал, Франц улс гадаад оюутны сургалтын төлбөрөөс жилд 4.65 тэрбум евро, гэр бүл, найз нөхдийнх нь жуулчлалаас 466.7 сая евро олж буй. Харин Их Британийн ДНБ-нд жилд 13.8 тэрбум фунт стерлинг эрдэм өвөртлөхөөр зорьж ирсэн гадаад оюутнууд оруулдаг бол тээврийн салбарт 750 сая, жижиглэн худалдаанд 690 сая фунт стерлинг урсаж ордог аж. Тэгвэл АНУ-д нийт оюутных нь таван хувийг бүрдүүлдэг гадаад оюутнуудад хөдөлмөрийн зах зээл дээр 400 мянган ажлын байр нээлттэй байдаг аж. 2015- 2016 онд гэхэд гадаад оюутнууд АНУ-ын эдийн засагт 32.8 тэрбум ам.доллар оруулсан байна. Тус улсад суралцах гадаад оюутны тоо 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 85 хувиар нэмэгдээд буй аж. Сонирхолтой нь, АНУ-ын эдийн засагт тэргүүлэх үүрэгтэй технологийн салбар амжилттай байгаа нь сургуулиа төгссөн гадаад оюутнуудын хамгийн том ажлын байр болдог аж. Төгсөгчдийн 40 хувь мэдээлэл технологи, инженер тооцооллын салбарт ажилладаг бөгөөд тэдний тэн хагас нь старт ап компани байгуулж, цагаач болж үлддэг гэх судалгаа байдаг байна.
Гэхдээ АНУ-ын боловсролын тогтолцоонд шүүмжлэлтэй хандагсад бий. Оюутны зээлээр дамжуулж боловсролын системээ луйврын схем болгосноос төгсөгчид оюутны зээлээсээ өндийж чадахгүй байгаа нь магадгүй энэ дайнд хамгийн их ялагдал хүлээж буй хэсэг биз. 40 жилийн өмнө нэг жилийн сургалтын төлбөрийг хамгийн бага цалинтай ажил 385.5 цаг хийгээд буюу нэг зуны хугацаанд олдог байсан бол одоо 3249 цаг буюу бараг 4.5 сар ажиллаж байж бүрдүүлдэг болжээ. Мөн Их Британид Дэлхийн II дайны дараа ахлах сургууль төгсөгчдийн гурван хувь л дээд боловсрол эзэмшдэг байсан бөгөөд 1998 он хүртэл дээд боловсрол үнэгүй эзэмшдэг байжээ. Гэвч тус улс сургалтын төлбөрөө өнгөрсөн 20 жилд есөн мянган фунт стерлинг болтол өсгөсөн нь ихээхэн шүүмжлэлд өртдөг. Харин Европын хүний эрхийг дээдэлдэг Швед зэрэг оронд коллеж, их сургуулийн боловсрол европчуудад үнэгүй байдаг бөгөөд суралцаж буй хугацаанд нь сар бүр амьжиргааны тэтгэлэг өгдөг. Иргэн хүн баян, залуу хүний ирээдүй гэрэлтэй байвал улс орны ирээдүй ч гэрэлтэй байна гэдэг зарчим үйлчилдэг гэсэн үг.
Эсрэгээрээ боловсролын салбарыг үйлдвэрлэл хэмээн үзэж, валют олох хэрэгсэл болсон улс орнуудад сургалтын төлбөр эрүүл мэндийн зардал, байрны үнэ гээд юу юунаас илүү хурдтай өсөж буйг эсэргүүцэх хүн олон.
Манайд ч гэсэн чанартай боловсрол үнэтэй байх ёстой гээд өнгөрсөн хугацаанд сургалтын төлбөр жил бүр нэмсээр ирсэн. Гэвч элсэгчдэд тавих шалгуур жилээс жилд буурч байгаагаас эргээд дээд мэргэжилтэй төгсөгчид ажил олгогчдын шалгуурт нийцэхгүй байна. Өнгөрсөн жилүүдэд ажил олгогчид шинэхэн боловсон хүчнүүдийг голж, төгсөгчид ажил олгогчдыг хүний хөдөлмөрийг мөлжигч мэтээр ярьсаар л өдий хүрсэн шүү дээ.
Улсын сургуулиудын санхүүжилтийг сургалтын төлбөрөөр 100 хувь таглах биш тодорхой хэмжээний татаас олгох хэрэгтэй гэдгийг салбарын туршлагатай мэргэжилтнүүд хэлдэг юм билээ.
Олон улсад ч энэ нь сайн туршлагад тооцогддог. Тухайлбал, Сингапурын Lasalle урлагийн коллеж Карьер хөгжлийн төвтэй болсноор ажлын байраар хангагдсан төгсөгчид 90 гаруй хувь болж нэмэгдсэн. Гэхдээ санхүүжилт олгохдоо тус сургуулийн бүтээгдэхүүн хөдөлмөрийн зах зээлд борлогдож чадсан эсэхийг нь гол шалгуур болгодог гэсэн.
Армени улсын Ереваны анагаах ухааны улсын сургууль ч гэсэн эмч нарын ур чадварыг сайжруулах шилдэг технологи сургалтдаа нэвтрүүлсэн нь шинэхэн боловсон хүчнийх нь үнэ цэнэ нэмэгдэхэд ихээхэн түлхэц болсон гэдэг. 2000-аад оны дунд үеэс хөгжлийн дараагийн төв болсон Ази нь өдгөө дээд боловсролын мөнгөний урсгалыг жолоодогч гол хүч болж буй. Энэтхэг, Хятад оюутнуудыг татахын тулд боловсролын акулуудын дунд ширүүн өрсөлдөөн өрнөдөг.
Азид ч мөн их өсөлтөө хадгалах, хүртээмжийг нь нэмэгдүүлэх, цаашлаад дэлхийн эдийн засагт манлайлахын тулд хүний нөөцөө чадавхжуулах асар их эрэлт хэрэгцээ бий.
Тухайлбал, Хятад улс ажиллах хүчнийхээ чадварт онцгойлон анхаарах болсныг шинжээчид хөгжлийн дараагийн үедээ орж буй хэмээн дүгнэжээ. Өнгөрсөн жил тус улс ажилчид үйлдвэрчний эвлэл байгуулж, цалингаа нэмүүлэхийг шаардах эрхийг нь нээж, авто болон электроникийн үйлдвэрлэлийн ажилчдын ажиллах цагийг багасгасан байна. Харин 150 гаруй мянган иргэнээ гадаадад суралцуулж буй бид ирээдүйг засаглахын төлөөх энэ тулааныг алсын мөрөөдөл мэт харж суух хэрэггүй биз.
0 cэтгэгдэлтэй