Сүүлчийн хонхны жингэнээ хөгжлийн шинэ цуурай байгаасай

2020-11-05 649 0
Их, дээд сургууль төгсөгчдийн 2-3 өдрийн тансаглалтай тэнцэх хэмжээний мөнгөөр багш, эмч нар хоёр сар амьдралаа залгуулдаг гэхэд хэтрүүлсэн болохгүй. Дөрвөн жил суралцаад, дээд боловсрол эзэмшсэн шинэхэн мэргэжилтнүүдийн төгсөлтийн баярын зардал энэ жил дунджаар 800 мянгаас нэг сая гаруй төгрөг байна. Энэ тоо статистикийн байгууллагаас хамгийн сүүлд гаргасан цалингийн дундаж хэмжээтэй бараг л тэнцэж буй юм. Нөгөөтэйгүүр, эдээр зиндаархсан хонхны баярууд цаг хугацааны хувьд цалингаа нэмүүлэхийг шаардсан багш, эмч нарын тэмцэлтэй давхцаж буй нь хувь заяаны даажигнал гэлтэй.
Жилд дунджаар  улсын хэмжээнд 85 их, дээд сургууль, 14 коллеж, МСҮТ-ийг 33 орчим мянган оюутан төгсдөг. Тэдний төгсөлтийн баярын зардлыг нийтэд нь тооцвол 28-33 тэрбум төгрөгөөр хэмжигдэнэ.
Ийм их хэмжээний мөнгө хэдэн ээлжийн хувцас, гоо сайхны үйлчилгээ, архи дарс, амралт зугаалга гэх мэт үргүй зардал болон хувирч байна гэсэн үг. Бас багагүй хэсэг нь Хятадын өмнө зүгийн өндөр хөгжилтэй хотууд, Өмнөд Солонгос, Зүүн өмнөд Азийн аялал жуулчлалыг тэтгэдэг болоод удаж буй. Саяхан нийгмийн сүлжээгээр лицей сургуулийн төгсөгчид төгсөлтийн баяраараа автобусны оронд Mercedes Benz G Class, Lexus 570 болон Limousine түрээсэлсэн нь олны дургүйцлийг ихээхэн хүргэсэн. Энэ нь ч аргагүй.
Тансаг машины нэг өдрийн түрээсийн төлбөр сувилагчийн сарын цалингаас ч өндөр байдаг юм билээ.
Мөн төгсөгчдийн хаа явсан газар уусан оргилуун дарс, ус ундааны сав, хэмлээд орхисон хуушуурын гурил, амны цаас, тамхины иш гээд нүд хальтирам дүр зураг л үлддэг. Эрдмийн өргөөнөөс амьдралд хөл тавьж буй шинэхэн мэргэжилтнүүд хотынхоо төв талбайд бөөнөөрөө архидаж, зах замбараагүй зугаацаж байхыг магадгүй Монголоос өөр аль ч улсад харахгүй биз ээ. Mercedes Benz-ээ түрээслэх, амарч зугаалах бол мэдээж төгсөгчдийн эрхийн асуудал. Баяраа тэмдэглэх гэж байгаа хүмүүсийг ингэ тэг гэж заах эрх хэнд ч байхгүй. Гэхдээ дэлхий нийтэд хуваалцах эдийн засаг, минималист амьдралын хэв маяг моданд орж байна.
Хөгжлийн загвараар бидний үлгэр дуурайл болдог орнууд ч төгсөгчдөө улс орны шийдвэр гаргагч, бизнесменүүдтэй уулзуулж, тэдний амжилтад хүрсэн түү­ хийг хуваалцаж, хийж бүтээх урам зоригийг нь бадраадаг.
Харин Монголын шинэ үеийн сэхээтнүүд амьдралын гараагаа утга учиргүй их тансаглалаар эхлүүлж буйг хараад дуугүй өнгөрч чадахгүй нь. Уг нь шинэ мэргэжилтэн, шинэ боловсон хүчин, шинэ үе гэдэг хөгжлийн шинэ давалгааг түүчээлэгчид биш бил үү. Улс орны оюун санааг сэлбэж буй шинэ “цус” баймаарсан. Дөрвөн жил доктор, профессоруудаар хичээл заалгаж, номын дуу сонссон тэд бусдад тустай, нийгэмд өгөөжтэй ажил үйлсээр төгсөлтөө тэмдэглэх болсон ЕБС-ийн төгсөгчидтэй харьцуулахад дэндүү ичмээр, сэтгэл өвдмөөр санагдана. Өнгөрсөн жил ерөнхий боловс­ ролын 23 дугаар сургуулийн 12Б ангийн төгсөгчид анги хамт олноороо бусдын төлөө гэсэн сайхан сэтгэлээр амьдралд хөл тавьж, хонхны баяраараа илүү зардал гаргахгүйгээр, хэмнэсэн мөнгөөрөө эрүүл саруул амьд­ рахаар зүтгэж буй бяцхан хүүхдүүдэд тусалж байсан юм.
Мөн сургуулийнхаа хаяанд мод тарьдаг, өөрсдийн нэрэмжит төгөлтэй болох давалгаа ЕБС-иудад хот, хөдөөгүй өрнөж байна. Тэгэхэд аливаа юмны наадах, цаадахыг илүү ойлгосон байх учиртай их, дээд сургуулийн төгсөгчид өнөөх л байдгаараа хэрээс хэтэрсэн тансаглалыг эрдмийн баяр гэж ойлгодог хэвээр.
Дөрвөн жилийн өмнө МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 120 төгсөгч хонхны баярын оронд 9.3 сая төгрөг цуглуулж, Хавдар судлалын үндэсний төвд зүрхний дефибириллятор аппарат хандивлаж, хүүхдэд зориулсан номын сан байгуулж өгч байсан. Дараа жилийнх нь төгсөгчид Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлэгт 7.2 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардуулж байсансан. Нийгэм өөдөлж дэвждэг бол иймэрхүү сайн сайхан санаачилга муугаасаа илүү хурдан түгэх учиртай. Харамсалтай нь өнөө жил ч төгсөлтийн баяр нэрийн дор оюутнууд өнөөх л янзаараа, бахь байдгаараа бужигнаж байна. Гэтэл тэдний ахархан хоногуудын хэрээс хэтэрсэн тансаглалын мөнгөөр 28-33 хүүхдийн цэцэрлэг, эсвэл 200 ортой хэд хэдэн эмнэлэг барьчихна.
Тэр ч бүүхэл эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэхэд шаардлагатай төсвийн тэн хагасыг санхүүжүүлж болно. Ийм том ярихаа больё гэхэд эх орон, нийслэл хотод маань засаж сайжруулах, хийж бүтээх ажил ямар их байгаа билээ. Адаглаад сургуулийнхаа хашаанд мод тарих, эсвэл ойр орчмын явган зам, кабинет тохижуулж болж байна. Хэдэн жилийн өмнө нэгэн хувийн сургуулийн төгсөгчид автобусны буудлаас сургууль хүртэлх явган зам тохижуулах гэсэн боловч мөнгө нь хүрээгүйн улмаас мод тарьсан нь өнөөдөр тун сайхан ургаж байгаа.
Нүд үзүүрлээд байдаг хувийн сургуулийн төгсөгчдөөс ийм сайхан санаа­ чилга гарч байхад улсын сургуулиуд бол нийлж байгаад хотхон барьсан ч болохгүй гэх газаргүй.
Сургуулиараа ярилцаад Сүхбаатарын талбайг угаагаад өгөхөд нийслэлээс гардаг зард­лыг хэмнэхийн зэрэгцээ нийгэмд гэрэл гэгээ түгээсэн, үлгэр дуу­ райлтай үйл явдал болно. Еврейчүүд дэлхийн хүчирхэг үндэстэн болсон түүх нь хаа явсан газрынхаа талаар, хийж бүтээсэн бүхнээ хойч үедээ үлдээж, улам сайжруулах боломж олгодог зуршилтай холбоотой байсан гэдэг. Бид ч гэсэн еврейчүүдийн эл уламжлалыг авах гээхийн ухаанаар нутагшуулж, салбар бүрийн шинэ төгсөгчид дараа үедээ үлдээх өвтэй байж яагаад болохгүй гэж.
Тухайлбал, ШУТИС-ийн төгсөгчид техно логийн хотхонд кабинет, Анагаахын төгсөгчид аль нэг эмнэлэгт хүүхэд хүлээн авах өрөө тохижуулж, хөдөө аж ахуйн салбарын төгсөгчид дун­ даасаа нэг инноваци салбартаа нэвтрүүлэх гээд ямар ч санаа­ чилга багахан сэтгэл зүтгэл, оролдлого байхад л олны хүчээр ажил хэрэг болдог.
Эх орноо гэсэн залуу хүний халуун сэтгэл ийм л санаачилгаас эхэлдэг гэж би боддог. Хотын захиргаа, салбар яам ч гэсэн дээрх шиг сайн сайхан санаачилгаар нь уралдуулж, залуу үеийнхээ хийж бүтээх эрмэлзлэлийг хурцалдаг уламж­ лал тогтоовол ууж идэхийг нь хориглосон тушаал шийдвэрээс илүү үр дүнтэй хэрэгжих нь эргэлзээгүй. Төгсөгчдийн сүүл­ чийн хонхны жингэнээ хөгжлийн шинэ цуурай байгаасай.

Холбоотой мэдээ