З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

Ц.Анандбазарын сэтгэц хэвийн биш бол гишүүн байх эрхгүй

2021-04-28 752 0

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг иргэн Б.Сүндэръяа бэлгийн хүчирхийллийн гэмт хэргээр хуулийн байгууллагад шалгуулахаар өгснөөс хойш эрхэм төрийн түшээ нэг ч мэдэгдэл хийсэнгүй. Таг чиг.

Гэтэл сошиал орчинд иргэн Б.Сүндэръяа, дуучин М.Нарантуяа болон нэр бүхий инфлюнсэрүүд өөрсдийн пэйж хуудсаар өөрсдийгөө Ц.Анандбазар гишүүний бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртсөн гэх эмэгтэйчүүдийн нэрээ нууцалсан зурвасуудыг дэлгэсээр байна. Мөн www.tsahiur.mn сайтаар түүний хүчирхийлэлд өртсөн гэх хохирогчдын тухай нэвтрүүлэг, эх сурвалжууд цацагдаж, олон хүнийг айж цочирдуулав.

Арай хүнлэг тал нь гэвэл, цахим ертөнцөд эрхэм төрийн түшээг хууль батлаад суух биш оронд нь сэтгэцийн тусламж үйлчилгээ яаралтай авах шаардлагатай гэсэн “зөвлөгөө” гарч эхлэх нь тэр.

Үүсээд буй нөхцөл байдлын талаар Ц.Анандбазар гишүүнээс өөрөөс нь албан ёсны тайлбар авахаар олон хэвлэл хандаж буй боловч тэрбээр өнөөг хүртэл “чимээгүй” байна.

Уг нь таны талаар сошиал орчинд тархаад байгаа мэдээлэл хэр зэрэг үндэслэлтэй вэ, ийм олон эмэгтэйчүүд нэгэн дуугаар гарч ирж байгаа нь тохиолдол биш биз?, тэдний илгээсэн зурваст бичсэн зүйлс үнэн үү?, хэрэв тийм бол ийм олон эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлж, дорд үздэг шалтгаан чинь юу вэ?, та өөрөө амьдралдаа бэлгийн болон өөр төрөл бүрийн хүчирхийлэлд өртөж байсан уу?, хөрөнгө мөнгө ба эрх мэдлийн өмнө хүчин мөхөс залуу эмэгтэйчүүдтэй зүй бус харьцах нь танд өөрт чинь ямар санагддаг вэ? гэх мэтээр Ц.Анандбазар гишүүнээс олон асуулт асуухсан.

Зурваст бичсэн зүйл хэрэв үнэн бол эрхэм гишүүнтэй эрх мэдэл болоод мөнгөний хувьд огт эн чацахгүй эмэгтэйчүүд, тэр дундаа залуухан эмэгтэйчүүд бэлгийн дарамтанд нь өртсөн байсан бөгөөд “хэргийн эзэн” яг л эмэгтэй хүнээс өшөөгөө авдаг юм уу гэмээр араншин гаргадаг аж.

Хүн тийм араншинтай болоход юу нөлөөлсөн байж болох талаар Монголын сэтгэл зүй, сэтгэц хэмжил зүйн үндэсний төвийн сэтгэлзүйч Б.Баярцэнгэлээс асуухад тэрбээр хэд хэдэн шалтгаан байдаг гэв. Түүний хэлсэн шалтгаануудыг дор жагсаавал,

  1. Амьдралдаа бэлгийн зүй бус харилцаанд автаж мэдэрсэн, эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан.
  2. Биологи талаасаа бэлгийн харилцаанд орох хэрэгцээ ихтэй буюу дааврын ялгарал ихтэй байж болно.
  3. Залуухан, өөрөөсөө олон дүү эмэгтэйчүүдийг сонирхдог.
  4. Бэлгийн амьдралд эрт орсон, дур хүсэл нь хангагддаггүй.
  5. Өөрөө чин сэтгэлээсээ бусдад хайрлуулж байгаагүй мэдрэмж төрдөг

Мөн нарциссист хүмүүс ийм гэмт хэрэг хийдэг тохиолдол түгээмэл байдгийг зарим мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Сэтгэл судлалд нарциссизм нь өөрийгөө хэт дөвийлгөх бие хүний хурцадмал шинж чанар буюу disorder. Хэвийн биш сэтгэцтэй, гаж шинжтэй гэсэн үг. Ийм хүмүүс өөртөө ашигтай байхын тулд бусдыг ашиглаж, бусдын хэрэгцээ мэдрэмжийг таних хүсэл сонирхолгүй байдаг.

Deusche Welle-ийн цахим хуудасны шинжлэх ухааны буланд гарсан “Хүчиндэгчийн сэтгэл зүй” хэмээх нийтлэлд бичсэнээр бэлгийн хүчирхийлэл нь бусдыг эзлэн түрэмгийлж, халдсан үйлдэл. Хүчирхийлэгчид ихэвчлэн эрэгтэйчүүд байдаг бөгөөд энэ гэмт үйлдлийн эхлэл залуу насанд нь тавигдсан байх нь түгээмэл аж. Залуу эрэгтэйчүүдийн дунд бэлгийн амьдралын хувьд туршлагатай байх нь үе тэнгийнхнийхээ дунд нийгмийн статустай байх гол арга нь. Эс бөгөөс гутаан доромжлогдсон мэт мэдрэмж авдаг. Үе тэнгийнхний ийм төрлийн дарамт нь эрэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийлэгч болгодог талаар тус нийтлэлд тайлбарлажээ.

Хэдийгээр эмэгтэйчүүдэд хүч хэрэглэж, зүй бус харьцдаг нь дээрх шалтгаантай байж болох ч явцын дунд хальтраад өөрт байгаа хөрөнгө мөнгө, эрх мэдлийн хүчээр далайлган хүслээ хангах болсон байж болзошгүй билээ. Нэг үгээр бол донтсон гэсэн үг. Архичин хүн архи уух гээд бусдаас шалаад явдагтай агаар нэг хэмээн сэтгэлзүйч жишиж байна. Гэхдээ архичинтай харьцуулахад илүү хурц хэлбэрийн илрэл. Сэтгэл зүйн хувьд эрүүл, бүрэн бүтэн сэтгэцтэй хүн бусдад тэгэж хандахгүй. Тиймээс ийм үйлдэл хийдэг хүнд сэтгэцийн эмч, сэтгэлзүйчийн тусламж хэрэгтэй гэсэн үг. Аль эрт тусламж үйлчилгээ авах шаардлагатай байсан. Ойр хавийнх нь хүмүүс ийм үйлдлийг нь өөгшүүлэх бус харин эмчлэхэд анхаарах ёстой. Үгүй бол эцсийн цэг нь олон охид бүсгүйчүүдийг хохироож, гэр бүлийг нь сэтгэл зүйн асар хүнд зовлонд унагаж, өөрөө гэмт хэрэгтэн болох.

Харин нийгмийн ойлголт талаасаа бэлгийн хүчирхийлэл үйлдэгч нь сэтгэцийн хувьд ямар ч байлаа гэсэн тэр бол гэмт хэрэгтэн. Бэлгийн хүчирхийллийг гэмт үйлдэл гэж тооцдог. Тиймээс эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

Хэрэв Ц.Анандбазар үнэхээр ийм гэмт үйлдэл хийсэн нь нотлогдож, эсвэл сэтгэцийн хувьд хэвийн биш гэдэг нь оношлогдсон тохиолдолд УИХ-ын гишүүнээр ажиллах боломжгүй. Сэтгэц нь хэвийн биш хүнээр шийдвэр гаргуулж, хууль батлуулах нь МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ, ЭРХ АШИГТ харш.

Харин зурвасын эзэд үнэхээр хохирогчид мөн бол хуулийн байгууллагад хандсан нь дээр. Сэвтсэн нэр төр, шархалсан сэтгэл зүйн гэмтлийнхээ хохирлыг нөхөн төлүүлж, гэмт хэрэгтэнд зохих хариуцлагыг нь хүлээлгэх ёстой. Түүнээс биш хэвлэл мэдээллээр өөрсдийгөө зарлаж, сошиал орчинд ил гарснаараа нэр төр, сэтгэл санаандаа учирсан хохирлыг барагдуулж чадахгүй. Харин ч нэг хэсэг хүний улс төрийн зэвсэг болж, нөгөө нэгийнх нь ад болж, эцэс сүүлдээ өөрсдөө давхар хүчирхийлүүлэх болно.

Холбоотой мэдээ