Догшин хутагтын аяга

2021-05-28 1340 1

Д.Энхбатын өвөө Д.Найдан нь 10 засгийн начин цолтой бөх, Говийн ууланд ан хийдэг хүн байжээ. Хувьсгалаас өмнө Манлай ван Дамдинсүрэнгийн цэрэгт элсэж өмнө зүгийн олон байлдаанд орж Цагаан хэрэм хүртэл явсан байна. Гэхдээ тэр цаг төрийн үймээний нарийн ширийнийг мэддэггүй өөрийн ах Д.Сэрээтэрийн үгийг дагадаг байж. Тиймээс “хувьсгал энэ тэр болж байгааг мэдээгүй ээ, хятадтай байлд гэхээр нь байлдсан, цагаантнуудтай байлд гэхээр бас байлдсан” гэж ярьдаг байж. Харин түүний ах Д.Сэрээтэр нь Богд хаанаас баатар цол шагнуулсан зургаан хүний нэг, Сүхбаатартай хамт баатар болж байсан нэгэн.

Д.Найдан эрийн цээнд хүрсний дараа тайжийн царайлаг охиныг оргуулан гэрлэжээ. Язгууртны охинтой сууснаас болж нутагдаа ад үзэгдэж магадгүй тул хошуу алгасан амьдарч явсаар одоогийн Төв аймгийн Батсүмбэрийн орчим нутаглажээ. Харин хувьсгал ялсны дараа нутагтаа очиж сумын агент хийдэг болжээ. 1960-аад оны эхээр Д.Найдан гуай ач хүү Д.Энхбатаа дагуулан нутгийн сайн лам дээр очиход “Таны энэ ач том хүн болно” гэж хэлж байв.

Агент болсны дараа нэгэн удаа албан шахалтаар Ноён хутагтын хөрөнгийг хураах хэрэгтэй болж. Харин хутагт “Олны хишгийг буцааж өгч байна” хэмээн уужуу загнаж, оронд нь харин хэдэн шил архи авчирч өгөхийг гуйсан байна. Хоёул хэдэн хоног дарс хүртэж байгаад буцах болоход Хутагт “Догшин хутагтаас эхлээд бүх дүрийн барьж байсан аяга байгаа юм” гээд нэгэн ногоон хаш аяга бэлэглэжээ. Одоо тэр нь Д.Энхбатын гэрд буй.

“Сэхээтний төөрөгдөл”-ийн удирдагч

Найдангийн ах Д.Сэрээтэр нь Д.Сүхбаатар жанжинтай нөхөрлөж байсан учир жанжныг нас барсны дараа Янжмаа гуайтай ярьж хөөрдөг байхдаа дүүгийнхээ хүү Н.Дангаасүрэнг нийслэлд авчран эрдэм номд сургаж, ажилд оруулсан байна. 1940 онд 10 нас ч хүрээгүй байхдаа морзчин болсон Н.Дангаасүрэнг Янжмаа гуай маршал Х.Чойбалсантай танилцуулснаар богино хугацаанд авьяас, ур чадвараар онцгойрч алба ажил дээшилжээ. Түүнээс хойш тасралтгүй суралцаж тухайн үедээ шилдгүүдийг бэлддэг байсан сургуулиудыг төгссөн байна.

Д.Энхбатын аав Н.Дангаасүрэн нь 1943-1959 оны хооронд Хувьсгалт залуучуудын Эвлэлийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар 10 орчим жил ажилласан байна. Эвлэлийн Төв хороо бол дайны үеийн залуучуудын хамгийн том, нийгэмд нөлөөтэй байгууллага байсан. Х.Чойбалсантай ойр ажиллаж байсан тэрээр Монголд төдийгүй олон улсын оюутан, залуучуудын байгууллагуудын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог байв.

И.Сталинг үхсэний дараа “Хрущевийн дулаарал”-ын цонх үе эхэлж, улс төр, нийгэмд хүмүүс үгээ арай чөлөөтэй хэлдэг байсан. Тэгэхэд Эвлэлийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Дангаасүрэн залуучуудыг барууны орнуудад сургах, хөгжингүй орнуудтай нягт хамтран ажиллах зэрэг хөгжлийн асуудлаар хурал, цуглаан дээр үг хэлж, илтгэл тавьдаг байж. Гэвч Л.Брежнев гарч ирч, Орос, Хятад муудалцсанаар байдал эвгүйтэв.

Нэгэн удаа Намын төв Хорооноос “Сэхээтнүүдийн үгийг сонсож хэрэгжүүлэх” хурал гээчийг зохион байгуулжээ. Н.Дангаасүрэнгийн үзэл санааг дэмждэг хэсэг сэхээтэн, багш нар “Монгол Улсын хөгжил удаашралтай байна”, “Зөвхөн Оростой биш, гадаад олон оронтой худалдаа наймаа хийе”гэх мэтээр баахан илтгэл тавьж, Улс төрийн товчоонд хүртэл саналаа бичгээр хүргүүлжээ. Гэвч энэ бүхэн нь тэднийг занганд оруулах уран мэх байсан бөгөөд дараа нь “Сэхээтний төөрөгдөл”-д орсон хэмээн буруутгаж, цаазлахыг нь цаазалж, цөлөхийг нь цөлжээ. Ийнхүү Н.Дангаасүрэнг Монгол Ардын Намын түүхэнд “Сэхээтний төөрөгдлийн удирдагч” хэмээн бичиж үлдээсэн байдаг.

Н.Дангаасүрэнг ажлаас нь халав. Гэрийнх нь бараг бүх эд хогшлыг улс эргүүлэн авчээ. “Тэр байтугай унтах ор ч бидэнд байгаагүй, шалан дээр ширдэг дэвсээд унтдаг байсан” гэж Д.Энхбат ярив. Тэднийх зургаан хүүхэдтэй, аавыг нь хаана ч ажилд авахгүй байсан учраас амьдрал үнэхээр хэцүүдсэн. Харин ээж нь уран хүн болохоор хувцас оёж, олсон мөнгөөрөө цувдаа худалдан авч хоол хийнэ. Заримдаа ээж нь айлаас очоод талх гуйгаад ир гээд явуулна. Д.Энхбат хүүхэд байсан болохоор ичиж зовохоо мэдэхгүй, тэгж болдог л юм байх гэж бодоод хажуугийн орцны айлуудаас “Ээж талх өгөөч гэнэ ээ” гээд зогсож байдаг байжээ.

“До яам бид хоёр чамайг мөн ч их хайлаа даа”

Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Ширэндэв Н.Дангаасүрэнд тусалж ажилтай болгосноор байдал дээрдэж, Д.Энхбатыг Зөвлөлт рүү оюутан болоод явах үед тэднийх боломжийн амьдралтай болсон байв. Тэрээр эрдэм шинжилгээний ажил хийж, дэд эрдэмтэн, доктор профессор болжээ. Түүний судалгаанд Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын асуудал том байр суурь эзэлдэг. Ингэхдээ хөгжингүй болон хөгжиж байгаа орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийн зангилаа асуудлуудыг олон жил судалж, Монголын хөгжлийн стратегийн асуудлаар даацтай бүтээл туурвиж, энэ чиглэлд анхны шан татсан эрдэмтэн судлаачдын нэг юм.

Д.Энхбат заримдаа “Та Африкийн тухай бичээд байх юм. Ямар хэрэгтэй юм бэ?” гэж ааваасаа асуухад “Мозамбик гэдэг үгийн оронд Монгол гээд, Америкийн импералист гэдгийн оронд Орос гээд уншчих. Тэгвэл чи колончлолын зарчим, буурай орнуудын байгалийн баялгийг хэрхэн дээрэмддэгийг ойлгоно” гэж хэлдэг байжээ. Өөрөөр хэлбэл, Африк, Латин Америкийн жишээгээр төлөөлүүлж Монголын тухай бичиж байсан юм. Яагаад гэвэл шууд “Монгол” гээд биччихвэл ахиад хэрэгт орохоор байв.

Н.Дангаасүрэн нь Монголын хамгийн том залуучуудын байгууллагыг олон жил удирдсан, Х.Чойбалсантай ойр байсан учраас Н.Цэдэнбал дарга түүнээс битүүхэн болгоомжилдог байж. Нэг хэсэг Төв аймгийн Батсүмбэрт цөөн мал маллан амьдарч байхдаа ном зохиолоо бичиж байв. Нэг удаа Цэндийн Дамдинсүрэн гуай түүнийг сураглан ирж гэрт нь ороод “До яам бид хоёр чамайг мөн ч их хайлаа даа” хэмээн хошигнож байсныг Д.Энхбат хуучлав.

Тэрээр 80 гаруй настайдаа нас барахаасаа өмнө хүү Д.Энхбатдаа нэгэн захидал бичээд “Нас барсны минь дараа задлаарай” гэжээ. Тэр захиандаа “Намайг нам засгийн ажил олон жил хийж байсан болохоор цаадуул чинь “Н.Дангаасүрэнг мөнх дурсана”энэ тэр гэж эмгэнэл бичиж, хээр талд хэрэггүй цемент овоолж хөшөө дурсгал босгоно гэх вий. Намайг нас барсныг битгий хэлээрэй. Амьдрал минь дордоход эргэж тойрч байсан хүмүүс тэртээ тэргүй дурсана. Харин ирээгүй хүмүүс манж зангаар дурсана гэж ярьдаг юм. Сайхан мартагдах шиг сайхан зүйл байхгүй шүү, миний хүү” гэж бичсэн байв. Тэгэхэд Д.Энхбат УИХ-ын гишүүн байсан учир аавынхаа нас барсныг хэлсэнгүй гэж дарга нарт баахан зэмлүүлжээ.

Д.Энхбат аавынхаа амьдрал, үйл хэргээс “Өөрийн зарчимд үнэнч байх” гэсэн оюун санааны үнэт зүйлсийг өвлөж авчээ. Ямар нэгэн үнэт эдлэл, өв хөрөнгө гэхээсээ илүү зөв хүн байх арга ухааныг тэр хүүдээ үлдээсэн. Тэр хэлмэгдээд, хавчигдаад ирэхэд хамаатан садан, найз нөхөдгүй болсон ч хэзээ ч бууж өгч, зарчмаасаа ухарч байгаагүй улс төр, нийгмийн зүтгэлтэн байсан.

Нас барсных нь дараа Д.Энхбат төрсөн нутагт нь очиж нэгэн жижигхэн толгодын оройгоос аавынхаа чандрыг салхинд хийсгэжээ. Түүнийг жаахан байхад аав нь хүүгээ мөрөн дээрээ суулгаад тэрхүү толгойн орой дээр гарч байсныг санаж “Аавынхаа мөрөн дээр суугаад гарч байсан толгод дээр өнөөдөр би аавыгаа үүрээд гарч ирлээ дээ” хэмээн ярьж байсныг эхнэр Д.Оюунцэцэг дурслаа.

Компьютерт үүрлэсэн инженер

Д.Энхбат хүүхэд байхдаа “Аавыгаа үхэхээр нүдний шил, ном хоёрыг нь авна” гэж ярьж. Тэгэхэд ээж нь “Нүгэл гэм, дуугүй бай” гэж загнасан гэдэг. Түүний хүүхэд насны дурсамж аавынх нь ярьж өгсөн сонин хачнаар дүүрэн. “Том болоод аавтайгаа адилхан гоё ажил хийнэ” гэж бодно.

Дунд сургуульд байхдаа “Квант” гэдэг математикийн сэтгүүл уншдаг байсан бөгөөд Москвагийн их сургуульд математикч мэргэжлээр сурахыг мөрөөддөг байв. Энэ мөрөөдөл биелээгүй ч Монголд маш олон инженер бэлдэж өгсөн Уралын политехникийн их сургуульд системийн инженер хэмээх ижил төстэй мэргэжлээр сурч төгсчээ. Уг сургууль хатуу дэг журамтай, маш ачаалалтай хичээллэдэг байв. Үүний нөлөөгөөр Д.Энхбат цаастай уйгагүй ноцолдож, нухацтай сурах дадал эзэмшсэн байна.

1980 онд их сургуулиа төгсөж ирсний дараа Статистикийн төв газарт дөрвөн жил ажиллажээ. Гэхдээ уг дөрвөн жилийн гуравт нь хадлан бэлтгэх, өвс хураах, мал төллүүлэх, субботникт гарах, уулнаас чулуу бэлтгэх, малын хашаа хороо барих зэргээр нийгмийн ажилд олон сар дайчлагдаж байв.

Статистикийн төв хороонд ажиллаж байхад нь хүн амын бүртгэлийн ажилд хэрэглэх компьютер гээч юм иржээ. Тэр үедээ биеийн тамирын заалтай дүйцэхүйц том компьютер байсан ч Д.Энхбатын хувьд энэ нь гайхамшигтай шинэ технологи байв. Эндээс түүний компьютерын инженерээр ажиллах зам мөр тавигдсан байна.

Тэр үед Монгол Улс тэргүүлэх таван чиглэлийн дотор шинжлэх ухаан технологийг багтааж мэргэжилтнүүдийг тусгайлан бэлдэж байсны нэг нь Д.Энхбат юм. Тэрээр 1984-1986 онд Москвад эдийн засгийн удирдлагын математик загварчлал гэсэн чиглэлээр суралцан техникийн ухааны доктор болов. Эрдмийн зэрэг хамгаалсны дараа Удирдлагын автоматжуулсан системийн хүрээлэнд хожим нь Ерөнхий сайд болсон Д.Бямбасүрэнгийн удирдлагад ажиллав. Ингэснээр Д.Энхбат өнөөдөр моодонд ороод байгаа хиймэл оюун ухаан буюу компьютерыг сэтгэдэг болгох программ зохиох чиглэлд мэдлэг, чадвараа сорьж байсан хэрэг.

1990 онд программ хангамжийн чиглэлээр Энэтхэгт гурван сар болох хойгуур нь Монголд ардчилсан хувьсгал гарсан тухай мэдээ иржээ. Эзгүйд нь албаны хувцастай хүмүүс түүнийг сураглаж ирээд байсан учир гэрийнхэн нь санаа зовсон шинжтэй угтав. Гэвч хэдийнэ Ерөнхий сайд болсон Д.Бямбасүрэнгийн өрөөнд ороод гарахдаа Шинжлэх ухаан техникийн улсын хорооны дэд дарга болоод буцаж ирсэн байна. Жилийн дараа Улсын төлөвлөгөөний комисс татан буугдахад Үндэсний хөгжлийн дэд сайд болжээ.

“Би тэгээд хэн рүү бичих юм бэ?”

1994 онд дэд сайдын ажлаа өгөхөд ажиллаж байсан хүрээлэн нь хэдийнэ татан буугдаж, улс орны төсөв технологи манатай болсон байлаа. Угаас эрдмийн хүн учир ганзагын наймаанд явахын оронд компьютерын чиглэлээр ажиллаж байсан 10 гаруй хүнтэй хамтарч компани байгуулахаар шийджээ. 16 хүн нийлж 4000 ам.доллар гаргаж, тэрийг нь Д.Энхбат халааслаад Москваг зорьжээ. Тэнд очиход Оросын шинжлэх ухааны хүрээлэнгүүд цалингаа тавьж чадахгүй хэмжээнд байсан учир тэдний зарим технологийн патентыг нь Д.Энхбат боломжийн үнээр худалдан авсан байна.

Ийнхүү Монголд интернэт сүлжээний эхлэлийг тавьсан Датаком компани бий болжээ. Тухайн үед “Наадах чинь амьдралд ямар ч хэрэгцээгүй эрдмийн ажил” гэж хэлэх хүн цөөнгүй байсан ч алсын хараатай хүний хувьд Д.Энхбат хийж буй ажлынхаа ирээдүйд итгэлтэй байв.

Эхэндээ банкны мэдээллийн сүлжээ байдлаар ажиллаж байгаад аяндаа интернэт сүлжээ рүү шилжсэн байна. Анхны электрон захидал /и-мэйл/ туршиж, анхны и-мэйл хэрэглэгчээ урьж авчрахад нөгөөх нь “Би тэгээд хэн рүү бичих юм бэ?” гэж асууж байв. Түүнээс гадна и-мэйлтэй хүмүүсийн уулзалтыг тусгайлан зохион байгуулж байсан нь өнөөдөр бодоход хачирхалтай санагдана.

Монголд байсан гадаадын бүх байгууллагын гадаад руу холбогдох суваг нь Датаком болов. Сансрын холбоогоор Америк руу ганцхан минут ярихад 5 ам.долларын үнэтэй байлаа. Гэтэл  Датакомынхон сансрын сүлжээнд бүтэн 24 цагаар шугам авч, 5 ам.долларын төлбөр аваад 50 ам.долларын зардал гаргах үе байсан нь одоо бодоход бараг санаанд багтамгүй зүйл.

1994 оны өвөл жижүүр нь “Тантай нэг гадаад хүн уулзах гээд доор ирчихсэн байна” гэхэд нь цонхоор хартал Америкийн далбаатай элчингийн машин зогсож байв. Тэр өдрөөс хойш АНУ-ын Элчин сайд Доналд Жонсон, Д.Энхбат хоёрын ажил хэргийн нөхөрлөл эхэлжээ. Хүү нь Америктаа интернэтийн чиглэлд ажилладаг байсан учир Датаком компанийнхны өдөр шөнөгүй зүтгэн хийж буй ажлын ач холбогдлыг сайтар ойлгож, эцэстээ байн байн компани дээр нь ирж ажлыг нь сонирхоно. Одоогийн таван яамны орчим байрлаж байсан Датакомын гадаа Америкийн элчингийн машин ирэх болгонд Сангийн яамны Ч.Улаан сайд их гайхдаг байжээ.

Тэр үед АНУ нь Монголын маслын хомсдолыг багасгах зорилгоор хүнсний масло нийлүүлж, бий болсон орлогыг тусгай сангийн хэлбэрээр банканд байршуулдаг байв. Д.Энхбат компанидаа зээл авах гээд барьцаа хөрөнгө энэ тэр байхгүй учраас Элчин сайд Д.Жонсон түүнд туслан дээрх сангийн мөнгийг барьцаалан батлан даалт гаргаж Хотош банкнаас зээл гаргуулсан байна. Ингээд 50 ам.долларын зээлийг сарын 4.8 хувь, жилд 60 орчим хувийн хүүтэй, дээд тал нь зургаан сарын хугацаатай доллароор авчээ. “Огт мэдэхгүй зүйлээ тийм өндөр зардалтайгаар, өөрсдөө бүх программаа бичээд, Америк Монголыг холбоод хийсэн гэхээр тэнэг гэж хэлж болмоор дэндүү зоригтой байж” хэмээн Д.Энхбат дурсав.

Сансрын сүлжээг ашиглахын тулд цаад талын америк компаниудтай харилцах хэрэгтэй байв. Гэтэл саяхан коммунист байсан жижигхэн орны жижигхэн компанийг тоож харьцахгүй учраас Д.Жонсон Элчингийнхээ нэрийн өмнөөс захиа бичиж америк компаниудтай холбож өгч байжээ.

Датакомыг гаднаас нь харахад мөнгөтэй юм шиг харагдах ч цаанаа их өртэй байлаа. Тиймээс маш хурдтай ажиллаж, банкны зээлийг цаг тухайд нь төлөөд явахаас өөр аргагүй болж олсон мөнгөө зээл, зардалдаа зориулаад дуусна. Банкныхан заримдаа “Датаком мөнгөө өгөхөөр цалингаа тавина” гээд хүлээгээд суудаг байв. Ийм байдлаар компани эхний таван жилдээ огт мөнгө хийгээгүй өнгөрөөсөн байна.

Датакомын Д.Энхбат

1996 оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс Монгол улс 24 цагийн интернэтийн сүлжээнд холбогдсоноор интернэтэд холбогдсон Азийн 10 орны нэг болсон юм. Гэхдээаливаа юмны эхлэлийг тавина гэдэг маш хэцүү. Д.Энхбатын хувьд бэрхшээл зовлон өдөр тутмын ажлынх нь нэг хэсэг байсан гэж болно. Программ хангамж боломжийн ч техникийн асуудал их байв. 1996 онд тун хүйтэн өвөл болж, шөнөдөө газрын антенн хөлдөж интернэт тасрах тохиолдол ч гарна. Интернэтээ тасалчихгүйн тулд Их дэлгүүрт байсан бүх үсний сэнсийг антеннаа тойруулан байрлуулан тогонд залгаад гадуур нь шуудайгаар боож хөлдөхөөс хамгаалах байдлаар өвлийг давсан удаа бий.

Монголд интернэт нэвтрүүлснээ зарлахаар яарч байх цагт тэр үеийн Засгийн газар Д.Энхбатыг төрийн зөвшөөрөлгүйгээр барууны технологи нэвтрүүлсэн, түүндээ Монголын аюулаас хамгаалах байгууллагад ч байхгүй сүүлийн үеийн сансрын холбоо ашиглаж, Монголын нууцыг гадагшаа задлах гэж байна гэсэн үндэслэлээр шүүхэд өгчээ. Гэвч үнэндээ Датаком холбооны сүлжээний бизнесийг эхлүүлснээр монголчууд дэлхийн хаана ч байсан мэдээлэл солилцох “цахим тусгаар тогтнол”-ыг олж авсан юм.

Шүүхийн асуудал хаашаа ч эргэж магадгүй байсан учир Д.Энхбат Ерөнхийлөгчийн тамгын газрынханд хандаж, П.Очирбат Ерөнхийлөгчийг сайд нарынх нь хамт нээлтэндээ урьснаар эрх баригчид өргөдлөө буцаан авчээ.

Гэсэн ч интернэтийг ойлгодоггүй байсан тэр цагт хөгтэй явдал цөөнгүй гарна. Гэнэт нэг өдөр шар сонинд “Д.Энхбат Италийн мафийн сүлжээг Монголд оруулж иржээ” гэсэн нийтлэл тавигдаж, түүнийгээ дэлхийг ороож шамшийлгасан наймаалжны зургаар чимж, өөрийнх нь зургийг зэрэгцүүлэн тавьсан байв. Д.Энхбат гайхаад сонины эрхлэгч рүү нь залгахад нийтлэлийг бичсэн сэтгүүлчтэй нь уулзуулжээ. Тухайн үед зурагтаар гардаг байсан “Наймаалж” Италийн олон ангит киног тэр сэтгүүлч үздэг, комиссар Каттани мафийнхантай тэмцэж байгааг шимтэн хардаг байсан болохоор Д.Энхбатыг “Манай компани бол дэлхийг хэрсэн харилцаа холбооны сүлжээ” гэж рекламдахад нь мафийн сүлжээ юм байна гэж ойлгосон хэрэг.

Эдүгээ бидний амьдралыг интернэтгүйгээр төсөөлөхийн аргагүй. Монгол Улс мэдээллийн технологийн ашиг тусыг бүх талаар хүртэж, тэр нь хүн, байгууллагын өдөр тутмын ажил, амьдралын салшгүй хэсэг, эдийн засгийн тулах дэд бүтцийн нэг болоод байна. Д.Энхбат интернэтийг нэвтрүүлсэн тухайгаа ярихдаа “Цагаан Хэрэм, Сибирь хоёрын дунд мартагдах аюултай, далайд гарцгүй Монгол Улсаа дэлхийд гарцтай болгохын тулд үүнийг хийсэн” гэж ярьдаг билээ. Үнэхээр л өнөөдөр гурван сая гаруй монголчууд түүний бий болгосон гарцаар дэлхийгээр чөлөөтэй аялж байна.

“Форум”-ын Энхбат

Оросуудын нэрлэдэгээр “Соросын сан” буюу “Нээлттэй нийгмийн хүрээлэн” Монголд байгуулагдахад Ерөнхий сайд Д.Бямбасүрэн болон Д.Энхбат нар Удирдах зөвлөлд нь оржээ. Тэрээр Удирдах зөвлөлийн даргаар нь таван жил ажиллажээ. Энэ үед Д.Энхбатад “Форум” нэвтрүүлгийн санаа төрж түүнээ бичгээр цааш нь өгчээ. Бизнесийн ажилдаа цаг зарцуулах шаардлагатай байсан учраас УЗ-ийн даргын ажлаа өгөв. Гэтэл 2005 онд гэнэтхэн нэвтрүүлгийн төсөв батлагдав. Гэвч нэвтрүүлгийг хөтлөх тохиромжтой хүн олдоогүй учраас Д.Энхбат санаачилсан нэвтрүүлгээ өөрөө хөтлөхөөр болсон байна. Улмаар 60 гаруй дугаарыг амжилттай хийсэн юм.

Уг нэвтрүүлэг нь сэтгүүл зүйн салбарт телевизийн нэвтрүүлгийн шинэ хэв маягийг бий болгосон. Нэвтрүүлгийн үеэр олны анхаарлын төвд байдаг асуудлыг хурцаар гарган тавьдаг байв. Тухайлбал, Роберт Фрийдланд гэгч нөхөр Оюу толгой асар их нөөцтэй тухай, ашиглалтанд хяналт тавих иргэний хөдөлгөөн байхгүй тухай, өөрийн эзэмшилд Калифорни мужаас ч том газартай болсон тухай хөрөнгө оруулагчдад гайхуулан ярьж байсан илтгэлийг англи хувилбараар олж авч орчуулаад “Форум” нэвтрүүлэг дээр хэлэлцэж, тэр нь олон нийт, хэвлэл мэдээллийн анхааралд орж байжээ.

Иргэний эвслийн Д.Энхбат

2006 онд “Форум” нэвтрүүлэг хаагдсаны дараа Д.Энхбат хэсэг хүмүүсийн хамт “Шинэ бодлого” хүрээлэнг байгуулж тэргүүнээр нь ажиллажээ. Зорилго нь улс төр, эдийн засгийн шинэ гарц, бодлогыг боловсруулахад нийгмийн оюунлаг хэсгийг дайчлах байв. Үндсэн хуулийн эцэг гэгддэг. Б.Чимэд анхны лекцүүдийн нэгийг уншиж байжээ.

Гэвч тус хүрээлэнг үүсгэн байгуулсан таван хүний хоёр нь өөр зам сонгож, Д.Энхбат нь хоёр нөхрийн хамт “Иргэний холбоо”-г байгуулжээ. Ерөнхийлөгчөөр нь тэр сонгогдов.“Иргэний холбоо” нь иргэний нийгмийн төлөө ажилладаг хөдөлгөөнүүдийг нэгтгэж Д.Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж байлаа. Гэвч 2006 оны дөрөвдүгээр сард тэмцэл зохион байгуулалтгүй болов. Зарим судлаачид үүнийг эрх баригчдаас шургуулсан хутган үймүүлэгчдийн явуулга байсан гэж үздэг.

Иргэний хөдөлгөөний тэмцэл мухардалд орсны дараа “Иргэний эвсэл” халааг нь авч Д.Энхбат тэмцлээ үргэлжлүүлэв. Тус эвсэл “Монгол хүн бүр өөрийнхөө амьдралд, улс орондоо эзэн байх ёстой” гэсэн уриатайгаар олон мянган хүнтэй жагсаал цуглаан зохион байгуулж, эрх баригчдад шаардлага тавьж байв.

2006 оны 10-11 дүгээр сард “Бүх ард түмний Хуралдай” зарласан ч иргэний хөдөлгөөнүүд нэгдэж чадаагүйгээс амжилт олсонгүй. Д.Энхбат “Сонгуулийн хувьсгал” хэмээх нэр томъёог гаргаж, иргэний хөдөлгөөнүүдийг сонгуульд оролцуулах зорилготой байв. Гэвч эрх баригчид сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулж, зөвхөн нам, намуудын эвсэл сонгуульд нэр дэвших боломжтой гэж хуульчлав. Д.Энхбат 2007 онд Монголын Ногоон Намын даргаар сонгогдов. Улмаар 2008 онд “Иргэний зориг – Ногоон нам” эвслээс УИХ-ын сонгуульд Улаанбаатар хотын Баянгол дүүргээс нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогджээ.

Намын шугамаар улс төрд орох болсон шийдвэрээ хожим дүгнэхдээ “Сонгуульд оролцохын тулд иргэний хөдөлгөөнөө улс төрийн нам болгон хувиргаж, улс төрийн тоглоомонд орчихсон нь нэг том алдаа байсан” гэж ярьдаг.

2008 оны 7 сарын 1-ний жагсаал дээр Д.Энхбат очиж үг хэлж байв.Түүнийг тус жагсаалыг зохион байгуулагчдын нэг гэсэн цуу яриа бий. Харин тэр яагаад тэнд очсоноо дараах байдлаар тайлбарладаг, “Уг нь улс төрийн хүчний удирдагчид эхлүүлсэн юмнаасаа зугтаж талбарыг орхих ёсгүй байсан. Ямар ч муу зүйл болж байсан тэндээ зогсож байх ёстой байсан гэж би үзсэн. Тэд олны өмнө гараад “Бидэнд тэд хоногийн хугацаа өгчих. Асуудлыг судлая, зохицуулъя” гэж хэлсэн бол нэг өөр хэрэг. Гэтэл хүмүүс мэдээлгүй, мухардалд орчихсон, бужигначихсан байхад нөгөө удирдлагчид нь алга болчихсон. Тийм учраас дахиад тийм жагсаал болсон ч очно. Яагаад гэвэл нэгэнт л тоглоомыг эхлүүлсэн бол хамгийн хэцүү цагт нь байж байх ёстой. Тийм хямрал болоход маш олон хүн зугтаачихдаг юм байна лээ. Миний хувьд зугтаахыг хүсээгүй.

Боловсрол, бизнесийн салбарт

2012 онд Д.Энхбат улс төрөөс гарч боловсрол, мэдээллийн технологийн салбарт соён гэгээрүүлэх ажил хийж эхлэв. Тэр жилдээ “Нээлттэй мэдлэг боловсролын сан”-г байгуулж, “One Mongolia” боловсролын төслийг хэрэгжүүлжээ. Тэрээр интернэтийг хүмүүс насан туршдаа сурч байдаг орчин, соёл болгох алсын хараатай байв. Төсөл нь нийт Нэг оюутан, Нэг ном, Нэг Эрдмийн бүтээл, Нэг академи, Нэг хэл, Монголпедиа гэсэн хэсгээс бүрдэж байв. Төслийн хүрээнд хийгдсэн нэг томоохон ажил нь Америкийн Хан Академийн 500 видео хичээлийг монгол багш, сурагчдад зориулан эх хэлнээ орчуулжээ. Түүнчлэн монгол онлайн цахим толь бичиг болох http://www.wikitoli.mn/ платформыг байгуулж байв.

2018 оноос тэр Монголын бизнесийн салбарт мэдээллийн технологийн давуу талыг ашиглах чиглэлд идэвхитэй ажиллах болов. Тэрээр “Бизнес 2.0 Академи”-ийг байгуулж албан байгууллага, ажил хэрэгч хүмүүст зориулан мэдээллийн технологи ашиглан ажил хэргээ зохион байгуулах талаар төрөл бүрийн захиалгат сургалт хийх, онлайн хичээл бэлтгэн явуулах технологийн шийдэл санал болгон ажиллаж байна. Түүнчлэн 2018 онд “Хархорум дижитал академи” болон Бизнес Медиа ХКК-ийг үүсгэн байгуулж бизнес эрхлэгчдэд хэвлэл мэдээлэл, онлайн сургалтын төслүүд хэрэгжүүлж байна. Түүний санаачилж, хамтран байгуулсан Business.mn сэтгүүл нь цаасан сэтгүүл, вэб сайт, бизнесийнхэнд зориулсан онлайн сургалтууд, подкаст зэргээс бүрддэг, контент маркетингийн үйл ажиллагаа эрхэлдэг платформ хэлбэрээр хөгжиж байна.

 

 

Холбоотой мэдээ