БЯЛДУУЧ МОНГОЛ

2021-06-16 1072 4

“…Дарга аа! Гадаа бороо орж байна. Орж л байг уу?” гэдэг шиг дарга юу л хий гэнэ, бүгдийг нь гүйцэлдүүлэхэд бэлэн явдаг “могой баригчид” эрт үеийн түүхэнд ч, эдүгээ цаг дор ч байсаар л байна. Гэхдээ дээр үед бол бялдууч, эзнээсээ урваж шарвадаг түшмэдийг бас ч гэж төрийн үйл хэргээс ангид байлгаж, өчиггүй шийтгэж ирсэн түүхтэй.  

            Миний багад 1980-аад оны дунд үед аавтай минь хамт ажилладаг байсан цэргийн дарга нар ийм онигоо ярьдаг байсан юм.

“Соц” нийгмийн үед тухайн үеийн Намын Төв Хорооноос Баян-Өлгий аймгийн ажил байдалтай танилцахаар арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй шалгалт Өлгийд очжээ. Дарга харахаараа л “Шинэ дарга дээшээ, хуучин дарга доошоо” гэдэг сэтгэлгээтэй хэсэг казахууд тэднийг уламжлалт зангаараа бялдуучлан угтахдаа байдгаа урдаа барьсан нь шалгалтынхныг ёстой л “Алтан загас”-ны эмгэний дүрд хувиргаж гэнэ. Угаас бялдууч занд дуртай монгол дарга нар казахуудаар цаг наргүй дайлуулж, бор дарсанд хөлчүүрхэн агсам согтуу тавьж, бэлэг сэлт нэхэж, хөгөө чирч л дээ.

Хэд хоногийн дараа шалгалтын бүрэлдэхүүнийг буцах болоход тэдний улыг долоохоос наагуур “…Жанжаан, буудчих уу?” гэдэг шиг далдааж байсан нэг нөхөр шалгалтыг ахалж явсан хүнд даргынх нь нэр дээр хаягласан захидал дайжээ. Шалгалтыг ахалж явсан ихэмсэг нөхөр ч казах эрийн захидалд хар буруу саналгүй даргадаа дамжуулж арга хэмжээнд орсон гэдэг. Учир нь уг захидалд шалгалтын бүрэлдэхүүний хэд хоногийн тансаглал, ёс зүйгүй үйлдлүүдийг нэг ч үг үсэг орхилгүй матаж бичсэн байжээ. Энэ онигооны учрыг хүүхэд байхдаа төдийлэн сайн ойлгодоггүй, бусдыг дагаж дэмий л инээдэг байж билээ. Харин хожим нь бодит амьдрал дээр ийм хүмүүстэй олон тааралдсан юм.

Эртний танил ах маань хүмүүст ихэд эрэлт хэрэгцээтэй байгууллагын даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарч, түүнээс хойш нэг жил өнгөрсний дараа танил талаараа яриулж байж хуучин газартаа эргээд дарга болсон юм. Мань эрийг тэтгэврийн өвгөн байх үед өмнө нь шургаж унахаас наагуур гүйж, гарыг нь удаанаар атгаж тонголздог байсан нөхдийн гар барих хэв маяг, дуу хоолойны өнгө хүртэл өөрчлөгдөж, бараг мэндийн зөрөө ч үгүй болж, баяр ёслолоор утсаар ярьж, уран цэцэн үгсээр мэндчилдэг байсан хүмүүсийн тоо гэрлийн хурдаар цөөрч, бүр фэйсбүүкт оруулсан зураг, мэдээлэлд нь сэтгэгдэл бичдэг, “Түүн шиг мундаг ухаантан байхгүй” гэж магтдаг бялдуучдын дийлэнх нь нам гүм болжээ. Хааяа гудамжинд тааралдахад гүйж ирээд гар барьдаг байсан ажил төрлийн холбоотой хүмүүс хүртэл холоос толгой дохиж, зарим нь бүр танихгүй хүн шиг өнгөрдөг болж.

Харин мань хүнийг буцаж дарга болоход мөнөөх багтай бялдуучид зөв харж инээж, буруу харж уйлж, яах ч учраа олохгүй сандралдаж, шилээ маажсан гэдэг. “Нэрэлхээд нэрээ идэх биш” гэгчээр цагаандаа гарахаар шийдсэн нэг ажилтан нь бүр “…Таныг хэзээ нэгэн цагт дарга болоод буцаад ирнэ гэдгийг мэдэж байсан юм” гэж бялдуучилжээ.

Өнөөгийн монголчуудын албан тушаалтнуудад бялдуучилж, нам бүлгийн сүлжээг даган хөлөө хугалчих шахан гүйлдэхийг харахаар өмнөөс нь ичиж үхмээр санагддаг юм. Бүгд л шахуу дарга нарт таалагдахыг хичээж, болж л өгвөл нүдэнд нь өртөж, үнэнч боолын дүрд хувирч, урдуур хойгуур нь гүйлдэцгээж байна. Дарга гэхээр бараг л нэрээ мартаж, амнаас гарах үг бүхнийг нь толгой дохин зөвшөөрч, хэлсэн ярьсныг нь тоть шиг давтан эшилцгээж, цүнхийг нь чирж, үүдийг нь манаж, харсаар байтал худал эвийлж, “Ээ, гөөлгий минь!” хэмээн саймшрах зальт авгай мэт төрхтэй бялдуучид өнөөдөр хаа сайгүй амь зуух аргаа хайж, үхэн хатан тэмцэж байна. Энэ бол бидний олонхийн нэгэнт чаддаг болсон зүйл. Гэсэн хэрнээ дарга нарт долигонодоггүй, ая тал засдаггүй, зарчимч, голч нэгэндээ ясны дургүй. Өмнөөс нь бухимдаад сүйд болно. Муухай аргаар гутамшигтай амьдарч буйгаа мэддэг учраас тийм хүмүүсийг хараад өөрсдийнхөө зангаас ичдэг гэж бодогдохоор. Мэдээж хэрэг бүгд адилхан бялдуучийн багтай бол хэн нь ч хэнээсээ бишүүрхэхгүй, нэгийгээ эгдүүцэн харахгүй шүү дээ.

“Ядахад яр” гэгчээр өнөөх бялдууч занд дуртай ноёд нь “Энэ ноён надтай яаж харьцана, би тэгж харьцана” гэдэг шиг бялдууч зангүй, цүнх барих дургүй нэгнийг гадуурхан хавчиж шахаад хүүхэд, нохойн доог болмоор зан гаргадаг. Бямбын Ринчен гуай ийм хүмүүст “Улсыг бөгсөөрөө биш, бөндгөрөөрөө удирддаг юм” гэж сануулж байжээ.

Монголчууд хүнийг эрх мэдэлтэй, өнгөтэй өөдтэй явахад нь ёстой л шимэгч хорхой шиг шавж, өмнөөс нь эгцэлж харж ганц үг дуугарч чаддаггүй хэрнээ уруудах цагт нь бол “Задарч явахад хамгийн их зусардсан хүн Зүдэрч явахад хамгийн их доромжилдог” гэдэг шиг “…Өө, тэр муу юу?” гэлцэн уралдаж доош нь хийдэг хорон зантай.

Тагнуулын байгууллагын дарга асан, хошууч генерал нэгэн эрхэм “…Намайг гэмт хэрэгт сэрдэгдэж байх үед хир халдаахгүй өмгөөлөн хамгаалж, хайрлаж явсан тагнуулын хүмүүс ар нуруу руу минь ил далд олон удаа хутга шидсэн дээ. Зарим нь намайг зориудаар муулуулах гэж сонины газар руу жим гартал гүйцгээсэн байдаг. Ийм өөдгүй хүмүүсийг би тэжээж, гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэж, тийм л өөдгүй улсуудаар өөрийгөө тойрон хүрээлүүлж байсан гэдгээ тэгэхэд ойлгосон” гэж ярьсныг уншихад тийм хүмүүсийн үнэн дүр төрх нүдэнд харагдах шиг болж билээ.

Гэхдээ ийм хэл амны “бай”-д өртөгсөд ихэвчлэн биеэ хэт тоосон, бүхнийг мэдэгчийн өвчинд нэрвэгдсэн “Өндөрт авирч явахдаа бусадтай тааламжтай байхгүй бол буухад замд чинь тэд ахиад дайралдана” гэдэг үгийг ор тас мартагсад байдаг. Монгол хүний бялдууч зангийн эцсийн зорилго нь хувийн ашиг сонирхол л байдаг. “Энэ нөхөрт зусардаж байгаад ийм ажил амжуулна, тийм шагналаар шагнуулна, албан тушаал дэвшинэ, гадаадад сургууль, дамжаанд суралцана, тийм зүйл салгана” гэсэн бүтэх бүтэхгүй шунал, хүсэл мөнхийн дагалдаастай байдаг. Түүнээс биш бусдыг бодох өчүүхэн ч сэтгэл байдаггүй.

Бидний өвөг дээдэс зусарч бялдууч занг жигшин зэвүүцдэг, тийм хүмүүсийг үнэгтэй зүйрлэдэг байжээ. Хөдөөгийн Пэрлээ Абугайн бичсэнээр “Тал нутгийн эзэд үнэг шиг зусарч байснаас баатрын ёсоор үхсэн нь дээр” гэдэг сэтгэлгээтэй байж. Үүнийг монгол хүн бүр санаж явууштай.

                                                                 Ж.БАТБОЛДЫН “МУУХАЙ МОНГОЛ ХҮН” НОМЫН ХЭСГЭЭС

Холбоотой мэдээ