Бод малын зохиомол хээлтүүлгийн технологич бэлтгэх сургалт болж байна

2021-06-16 604 2

Сүүлийн жилүүдэд малын тоог нэмэгдүүлэхээс илүү чанарыг сайжруулж, цөөн атлаа өндөр ашиг шимтэй мал өсгөн үржүүлэх хүсэл эрмэлзэлтэй малчин, аж ахуйн нэгжүүд нэмэгдсээр байна. Төр засгийн зүгээс ч арвин ашиг шимт цэвэр үүлдрийн малын үржүүлгийг бодлогоор дэмжиж, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэн шаардлагатай байгаа мал үржлийн технологич мэргэжилтнүүдийг бэлтгэхэд анхаарч байна. Үүний нэг жишээ бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Малын удмын сангийн үндэсний төвөөс “Нутаг академи” төрийн бус байгууллагатай хамтран сүүлийн 5 жилийн турш зохион байгуулж буй “Бог, бод малын зохиомол хээлтүүлгийн технологич бэлтгэх” сургалт юм.

Бод малын зохиомол хээлтүүлгийн технологич бэлтгэх вакум сургалт энэ сарын 14-нөөс 27-ны хооронд Улаанбаатар хот болон Булган аймгийн Хутаг-Өндөр суманд үргэлжилж байна.

Сургалтад 6 аймаг, Улаанбаатар хотын 30 гаруй иргэн хамрагдаж, малынхаа ашиг шимийг сайжруулахад анхаарч байна.

Сургалтад хамрагдсан хүмүүстэй эргэх холбоо тогтоож, нэгдсэн зохион байгуулалт буюу хоршооны хэлбэрт оруулж цаашдын бодлогоо болгон ажиллахыг чухалчилж байна. Өөрөөр хэлбэл, технологичоор бэлтгэгдсэн хүмүүс аймаг, бүс нутагтаа энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг болох юм. Улмаар үйлчилгээ үзүүлсэн малын тухай мэдээлэл нь хөдөө аж ахуйн цахим системд орж, “баталгаатай, эрүүл, гарал үүсэл нь тодорхой” малын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрэх нөхцөлийг бүрдүүлэх бодлого, чиглэлээр салбарын яам ажиллаж байгааг Малын удмын сангийн үндэсний төвийн захирал П.Ганхуяг онцолж байлаа.

Мал зүйч мэргэжилд зайлшгүй шаардлагатай нэг чухал зүйл бол зохиомол хээлтүүлгийн ажил үйлчилгээг өргөн хүрээнд чанартай зохион байгуулах явдал юм.

1990 оноос өмнө манай улсад нэг жилд 75-100 хүн дээд мэргэжлийн мал зүйчээр суралцан төгсдөг байсан бол энэ тоо 20-30 болж цөөрсөн.

Ийнхүү энэ мэргэжилтэн ховордсоноор Монгол Улсын малын чанарыг сайжруулах ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн хүний заавар, зөвлөгөө, удирдамжийн дагуу зохион байгуулах ажил орхигдож байна. Тийм учраас энэ асуудалд төрөөс анхаарч, арьс шир, ноос, сүүний урамшууллыг малчид, иргэдэд олгож, сум бүрд мал үржлийн мэргэжлийн тасаг, албыг бий болгож байна. Мөн өндөр ашиг шимтэй малын үр үржүүлгийн бүтээгдэхүүнийг Малын удмын сангийн үндэсний төвөөс хөнгөлөлттэй нөхцөлөөр иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа юм.

Холбоотой мэдээ