ОУ-ын хүүхдийн “Найрамдал” цогцолборын албан хаагчид төрийн одон, медалиар шагнууллаа

2021-06-24 642 1

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын зарим ажилтан, албан хаагчдыг төрийн одон, медалиар шагнасныг өнөөдөр гардууллаа.

Монгол Улсад залуучуудын хөдөлгөөн, байгууллага үүсэж, хөгжсөний 100 жил, Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 96 жилийн ойг тохиолдуулан олон жилийн хөдөлмөр, зүтгэл, зүрх сэтгэлээ хүүхдийн байгууллагад зориулан ажиллаж байгаа Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын Ахлах арга зүйч Туяагийн Тунгалаг, мөн тус цогцолборын Ахлах удирдагч Дорждэрэмийн Энхээ нарыг Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны зургадугаар сарын 02-ны 137 дугаар зарлигаар “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын үйлчилгээний хэсгийн ажилтан Бүдээгийн Шинэхүү, мөн тус цогцолборын маркетингийн менежер Манийханы Нарангэрэл нарыг “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-аар тус тус шагнасныг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж гардуулан өглөө.

Туяагийн Тунгалаг нь Говь алтай аймгийн Засаг даргын тамгын газар, Цох сонин, Монголын скаутын холбоо, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор зэрэг хүүхэд залуучуудын байгууллагад 30 гаруй жил ажиллаж байна. Дорждэрэмийн Энхээ нь 1999 оноос одоог хүртэл Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын ахлах удирдагчаар ажиллаж байгаа бол Бүдээгийн Шинэхүү нь 1995 оноос Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт барилгын засалчин, үйлчилгээний ажилтнаар ажиллаж байна. Манийханы Нарангэрэл нь 2000 оноос эхэлж Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт бүлгийн удирдагч, арга зүйч, менежерээр ажиллаж байна.

Холбоотой мэдээ