“Мөнгөн хараацай” олон улсын хүүхдийн урлагийн наадмыг цахим фестиваль хэлбэрээр зохион байгуулна

2021-06-30 528 2

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбороос (ОУХНЦ) уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнгөн хараацай” Олон улсын хүүхдийн урлагийн наадмыг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2021 оны 7 дугаар сарын 01-27-ны өдрүүдэд цахим фестиваль хэлбэрээр зохион байгуулах гэж байна.

Фестивалийг улс үндэстний хүүхэд, өсвөр үеийнхний урам зоригийг сэргээх, урлагаар дамжуулан сайн сайханд тэмүүлэх, өөртөө итгэх итгэлийг бадраахад нэмэр болохуйц, орчин үеийн хэлбэр, агуулгаар зохион байгуулах юм.

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор нь 1978 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд улс үндэстний хүүхэд, өсвөр үеийнхний чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, тэдний үерхэл нөхөрлөлийг бэхжүүлэх, шинэ мэдлэг, мэдээллийг олгох, авьяас чадварыг нээх, хөгжих оролцоог нь хангахад нь чиглэсэн амралт, аялал жуучлал, хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг билээ.
Соёл урлаг, өв соёлоо хайрладаг, хүндэлдэг хүүхэд, өсвөр үеийнхэн та бүхнийг бусад улс орны үе тэнгийн хүүхдүүдийн тоглолтыг үзэх, өөрийн орны соёлоо дэлхийн өнцөг булан бүрт таниулах боломж бүхий Найрамдал цогцолбороос зохион байгуулж буй олон улсын цахим фестивальд оролцохыг урьж байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: Mungun Kharaatsai international children’s virtual festival фэйсбүүк хуудсаас авна уу. Мэдээллийг цаг тухай бүрт нь хүргэх болно.

Холбоотой мэдээ