Хог тээврийн 25 автомашиныг дүүргүүдийн удирдлагуудад хүлээлгэн өглөө

2021-07-28 637 3

Нийслэлийн хог тээврийн үйлчилгээнд явдаг автомашинуудад дорвитой парк шинэчлэл хийгдэлгүй 10 орчим жил болжээ. Өдгөө нийслэлийн есөн дүүргийн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн үйлчилгээнд 240 гаруй машин тогтмол явж байна. Тэдгээрийн 80 гаруй хувь нь наймаас дээш жил болж, эвдрэл гэмтэл байнга гарах болжээ. Үүнтэй холбоотойгоор хог тээврийн хуваарь алдагдах, ил задгай хог хаягдал үүсэх нөхцөл байдал бий болоод байгаа юм. Иймээс үүнд улс, нийслэлээс онцгой анхаарч, тухайн жилийн эдийн засаг, санхүүгийн боломж, нөөцөөс хамаараад 2020 онд хог тээврийн 10 автомашиныг авч, дүүргүүдэд хуваарилсан. Мөн 2020 онд дахин 25 автомашинаар парк шинэчлэл хийх шийдвэр гарч, улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар төсвийг шийдвэрлэсэн хэдий ч төсвийн тодорхой хүндрэлүүд, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж он дамжин нийлүүлэгджээ.

Хог тээврийн 25 автомашиныг дүүргийн удирдлагуудад өнөөдөр хүлээлгэн өглөө. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт ес, Хан-Уул дүүрэгт гурав, Сонгинохайрхан дүүрэгт долоо, Налайх дүүрэгт хоёр, Сүхбаатар, Баянгол, Багануур, Багахангай дүүрэгт тус бүр нэг автомашин өгсөн юм. Цаашид дүүрэг бүрд үе шаттайгаар хог тээврийн машин олгоно гэдгийг албаныхан энэ үеэр хэлж байлаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн 173 хороонд хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулахад хүндрэлтэй олон асуудал тулгарч байна. Тухайлбал, хог тээврийн тусгай зориулалтын машины хүрэлцээ, хангамж муу байна. 2012 онд нийслэлийн төсвөөс 163 машиныг нийслэл, дүүргийн хог тээврийн байгууллагад өгснөөс хойш 2020 он хүртэл парк шинэчлэл хийж чадаагүй.

Үүнээс улбаатайгаар хогны тээвэрлэлтэд хүндрэл гарч, нийслэлийн гэр хороолол, орон сууц, зуслангийн чиглэлд үүссэн үүсмэл хогуудаа дор бүр нь авч чадахгүй байдал бий болсон. Гэхдээ бид зүгээр суугаагүй. Нийслэл, дүүргийн дарга нар, энэ чиглэлийн байгууллагууд боломжоороо ажиллаж ирсэн. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хот нийтийн урсгал зардлын хэмнэлтээс, мөн хувийн хэвшлийн хог тээврийн байгууллагуудыг оролцуулж, зардлыг нь гаргаж, хүндрэлтэй байгаа дүүргүүдийнхээ хогийг шуурхай тээвэрлэх арга хэмжээ авсан. Ковидтой холбоотойгоор зуслангийн бүсэд их айл бууснаар хогны хэмжээ нэмэгдсэн тул манайхаас 200 сая гаруй төгрөгийн эх үүсвэр олж, зуслангийн бүсэд гурван хувийн хэвшлийн есөн хог тээврийн машин гаргаж, хог ачих давтамжийг нэмэгдүүлсэн” гэсэн бол Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Хог хаягдлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор парк шинэчлэл хийж байгаагийн эхлэл нь өнөөдрийн энэ арга хэмжээ. Цаашид жил бүр хог тээврийн автомашинд парк шинэчлэл хийхээр төлөвлөж байна” гэсэн юм.

Энэ үеэр тохижилт, үйлчилгээний компанийн жолооч нар автомашин хүрэлцээгүй байсан тухайгаа ярьж, шинэ машинтай болж байгаадаа баяртай байгаагаа хэлж байлаа.

Нийслэлийн зүгээс Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг шинэ түвшинд гаргах, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулан, нийслэлийн иргэдийн ая тухтай, цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна. Цаашид хог тээврийн автомашины парк шинэчлэлийг жил бүр нэмэгдүүлж, 2024 он гэхэд дүүргүүдийн хог тээврийн автомашины парк шинэчлэлийг бүрэн хийх зорилттой ажиллаж байгаагаа албаныхан хэлж байв.

Холбоотой мэдээ