Л.Алтангэрэл: Инженер, технологийн залуу мэргэжилтнүүдийг шинжлэх ухааны магистрт суралцахыг урьж байна

2021-08-12 758 1

Байгалийн нөөц, технологийн салбарт ХБНГУ-ын их сургуулиуд болон герман профессоруудтай хамтран шинжлэх ухааны ахисан түвшний хөтөлбөр хэрэгжүүлж буй Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн онцлон магистрын хөтөлбөрт зэрэг ахиулахаар сонирхож буй залууст мэдээлэл хүргэхийг зорилоо. Тус сургуулийн Сургалт хариуцсан дэд захирал Л.Алтангэрэлтэй ярилцлаа.

-“Байгалийн нөөц, технологи”-ийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөрийг яагаад эхлүүлэх болсон тухай ярилцлагаа эхэлье. Зорилго нь юу вэ?

– Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль 2014 оноос Механик инженер, Уул уурхайн боловсруулах инженер болон Хүрээлэн буй орчны инженер мэргэжлээр бакалаврын хөтөлбөрүүдээ эхлүүлж байлаа. 2021 онд дөрөв дэх төгсөлтөө хийж, одоогоор зургаан мэргэжлээр бакалаврын сургалтаа явуулж байна.

Анхны төгсөлтөө хийсний дараа бидний төлөвлөсөн гол ажлуудын нэг нь ахисан шатны магистрын болон докторын хөтөлбөрийг боловсруулж, эхлүүлэх байсан. 2019 оноос эхлэн Германы эрдмийн солилцооны алба (DAAD), Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Германы түнш их сургуулиудын дэмжлэг, оролцоотойгоор зохион байгуулсан олон удаагийн хөтөлбөрийн уулзалт, хэлэлцүүлгийн үр дүнд 2021 оны хаврын улирлаас “Байгалийн нөөц, технологи”-ийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөрийг амжилттай эхлүүлээд байна.

Уг хөтөлбөрт элсэн суралцагч нь шинжлэх ухаан, инженерчлэлийн судалгааны арга зүй, инженерийн ёс зүй, энтрепренершип зэрэг хичээлийг судалсны дараа уул уурхайн боловсруулалт, механик инженер, хүрээлэн буй орчин, цахилгаан, эрчим хүч зэрэг тодорхой чиглэлээр сонгон судалж, хэрэглээний ахисан түвшний судалгааны төслийн хичээлд хамрагдаж, магистрын ажлаа бичиж, хамгаалснаар төгсөх болно.

-Манай улсын хувьд энэ салбарын мэргэжилтний эрэлт өндөр байна уу?

-2018 онд Монгол Улсын засгийн газраас баталсан “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-т тавигдсан зорилтуудын нэг нь ахисан түвшний сургалт, судалгааг хөгжүүлэхээр заасан. Манай сургуулийн хувьд уг магистрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр нэг талаас үйлдвэртэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд томоохон дэмжлэг болохоос гадна өмнө дурдсан “Ахисан түвшний судалгааны төсөл” хичээлийн хүрээнд улс орны, эсвэл тодорхой компанийн хувьд тавигдсан асуудлыг олон талаас нь цогцоор нь шийдвэрлэж, шийдэл гаргах суралцагчдын хувьд багаар ажиллах ур чадвараа хөгжүүлэх, инновацийн бүтээгдэхүүн гаргаж, гарааны компани байгуулах зэрэг олон талын ач холбогдолтой.

-Германы сургалтын системээс ямар онцлогуудыг тусгасан бэ?

-Манай сургуулийн сургалтын хөтөлбөрүүд Европын кредит системээр явагддаг нь олон улсад магадлан итгэмжлүүлэхэд давуу боломжийг олгодог. Тиймээс 2019 онд бакалаврын анхны хөтөлбөрүүд ACQUIN байгууллагаар олон улсад магадлан итгэмжлэгдсэн.

“Байгалийн нөөц, технологи”-ийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөрийн хувьд суралцагч нийт 120 ECTS кредитийг цуглуулна. Бид ойрын нэгээс хоёр жилд багтаан энэ хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр төлөвлөж байгаа. Манай бусад хөтөлбөрүүдийн нэгэн адил сургалт англи хэлээр явагдана. Сургалтын хөтөлбөрийн хувьд заавал болон сонгон судлах хичээлүүд, улсын болон хувийн хэвшлийн байгууллага, компаниудтай хамтран хэрэгжүүлэх хэрэглээний судалгааны төсөл, магистрын төгсөлтийн ажил гэсэн дөрвөн хэсгээс бүрдэж буй. Өмнө хэлсэнчлэн Германы түнш их сургуулиуд болон өөрийн сургуулийн профессор, багш нарыг оролцуулсан олон удаагийн хэлэлцүүлэг, семинарын үр дүнд хөтөлбөрийг боловсруулсан. Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнг судалгааны арга зүйд суралцах, судалгаанаас шийдэлд шилжих, багаар ажиллах, манлайлах, хариуцлагатай байх гэсэн үндсэн хэсгүүдийн хүрээнд боловсруулан гаргасан.

-Энэ хөтөлбөрт хэн суралцах боломжтой вэ? Ямар шалгуур тавигдаж байна вэ?

-Энэ хөтөлбөрт элсэн суралцагчийн хувьд байгалийн ухаан, инженерийн мэргэжлээр бакалаврын зэрэгтэй байхаас гадна манай сургуульд элсэх англи хэлний шалгуурыг хангасан байх шаардлагатай. Тухайлбал, англи хэлний түвшин IELTS 6.0 эсвэл TOEFL 60-78 оноотой, эсвэл МГТИС-ийн Англи хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн байх шалгуур тавигдана.

Энэ хөтөлбөрийг эхлүүлэхээс өмнө 2020 оны сүүлээр манай сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй компаниудыг оролцуулсан арга хэмжээг цахимаар зохион байгуулж, хөтөлбөрөө танилцуулж байсны үр дүнд манай анхны элсэгчдийн дотор уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “АПУ” ХК, “Ачит Ихт” ХХК-ийн ажилтнуудаас элсэн суралцаж байна. Цаашид манай сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй компаниудаас ажилтнуудаа суралцуулж, хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх замаар хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

-МГТИС бүх сургалт нь англи хэл дээр явагддаг гэлээ. Тэгэхээр Англи хэлний бэрхшээл тулгарч байгаа залууст ямар боломж олгох бол?

-Өмнө хэлсэнчлэн манай сургуулийн бүх хөтөлбөрийн сургалт англи хэлээр явагддаг. Мэдээж энэ нь уг хөтөлбөрт элсэхээр хүсэгчийн хувьд нэг хүндрэл байж болох талтай. Манай сургуулийн хувьд анх байгуулагдсанаасаа эхлэн сургалтыг англи хэлээр явуулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэйгээр Хэл, заах аргазүйн төвийг байгуулж, монгол багш нараас гадна Германы эрдмийн солилцооны алба (DAAD)-ын дэмжлэгтэйгээр Германаас урт хугацаагаар багш нар ажиллуулж ирсэн туршлагатай учир тодорхой компани, байгууллагын захиалга, элсэгчдийн хүсэлтээр англи хэлний B2, C1 түвшинд бэлтгэх сургалтуудыг явуулах боломжтой. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахалтай холбоотойгоор цахим сургалт явуулсан туршлагадаа үндэслэн дээрх англи хэлний сургалтыг мөн цахимаар санал болгохоор төлөвлөж байна.

-Хөтөлбөрийн зохицуулагч, хичээл заах багш нарын тухай танилцуулахгүй юу?

-Манай сургууль анх 2017 онд ХБНГУ-ын Фрайбергийн Техникийн их сургуульд 2000 оноос хэрэгжиж байгаа “”Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежмент”-ийн хөтөлбөрийг эхлүүлж байсан. Шинэ магистрын хөтөлбөрийн хувьд ялангуяа заавал судлах хичээлүүдийг манай сургуулийн профессор, багш нар хариуцан заахаас гадна инноваци ба энтрепренершип, бас мэргэжлийн сонгон судлах хичээлүүдийг Германы түнш их сургуулиудын оролцоотой явуулахаар санал болгож байна. Мөн “Хэрэглээний судалгааны төсөл” хичээлийг явуулахдаа төрийн байгууллага, үйлдвэр компаниуд болон Германы түнш их сургуулиудтай хамтран ажиллана.

-Тэгэхээр компани, бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой гэлээ. Ямар хэлбэрээр хамтран ажиллах вэ?

-Энэ хөтөлбөрийн нэг онцлох зүйл нь төрийн байгууллага, үйлдвэр компаниудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд илүү боломжийг олгож байгаа. Манай сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй, хамтран ажилладаг компаниудаас ажилтнуудаа сургахаар явуулж, хамтарсан төсөл хэрэгжүүлж эхлээд байгааг дахин дуулгахад таатай байна. Компаниудын хувьд өөрийн ажилтнуудыг уг хөтөлбөрт суралцуулахаас гадна тухайн компанид тулгамдаж буй тодорхой сэдвээр хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх боломжтой. Суралцагчийн хувьд компанидаа ажиллахын хажуугаар суралцаж, хамтарсан судалгааны төсөлд гүйцэтгэгчээр ажиллаж, сургууль болон компанийн хамтын ажиллагааг холбон ажиллах таатай нөхцөл бүрдэнэ.

Магистрын сургалтын хичээлийг өнгөрсөн улиралд бид үдээс хойш цахимаар зохион байгуулсан нь суралцагчдад ажиллангаа суралцах боломжийг олгосон. Мэдээж, ажил олгогчийн зүгээс суралцаж байгаа ажилтнуудынхаа цалинг бүтнээр нь олгох, сургалтын төлбөрийг хариуцах, ажлын цагийг нь зохицуулах зэргээр дэмжиж ажиллах нь чухал гэдгийг онцолмоор байна.

“Байгалийн нөөц, технологи”-ийн шинжлэх ухааны магистрын зэргийг эзэмшсэн залуусын ирээдүйн өсөн дэвжих, карьерын боломжууд юу байна?

-Аливаа сургалтын хөтөлбөрийн хувьд тухайн хөтөлбөрт суралцагч төгсөөд ямар ур чадвартай болохыг суралцахуйн үр дүнгээр тодорхойлдог. Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнг дээр дурдсанчлан судалгааны арга зүйд суралцах, судалгаанаас шийдэлд шилжих, багаар ажиллах, манлайлах, хариуцлагатай байх гэж багцлан тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, судалгааны арга зүйд суралцсан, тодорхой тавигдсан асуудалд шийдэл санал болгож, багаар ажилладаг, манлайллын ур чадварыг эзэмшсэнээр мэргэжлээрээ өсөн дэвжих, хариуцлагатай албан тушаалыг хаших боломж нь нээгдэнэ. Тийм учраас байгалийн ухаан, инженерийн салбарын залуу мэргэжилтнүүд Та бүхнийг ажил мэргэжлийн хувьд өсөн дэвжиж, олон улсын профессор багш нарын дор ахисан түвшинд мэдлэг чадвараа дээшлүүлэх боломжийг олгосон энэхүү хөтөлбөрт суралцахыг урьж байна.

-Магистрын ангийн оюутнууд бакалаврын хөтөлбөрийнхний нэгэн адил тэтгэлгүүдэд хамрагдах уу?

-Манай сургууль оюутнууддаа Монгол Улсын засгийн газрын санхүүжилттэй сургуулийн нэрэмжит тэтгэлэг, Германы эрдмийн солилцооны алба (DAAD)-ны оюутан солилцооны болон сургалтын төлбөр, амьжиргааны зардлын тэтгэлгийг санал болгодог. DAAD-ын тэтгэлгийн шалгаруулалт өнгөрсөн долоо хоногт амжилттай явагдлаа. Магистрын оюутнуудын хувьд Фрайбергийн Техникийн их сургуульд DAAD-ын тэтгэлэгтэй нэг семестрээр суралцах боломжтой. Цаашид бид энэ хөтөлбөрт жил бүр хоёр оюутан хамруулахаар харилцан зөвшилцөөд байна.

Холбоо барих мэдээлэл:

 

Холбоотой мэдээ