Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 225 айлын орон сууц ашиглалтад орлоо

2021-09-10 516 2

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “А” хэсэгчилсэн талбайн нэг хэсэг болох 225 айлын орон сууцны барилга өнөөдөр ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганхүү болон төсөл хэрэгжүүлэгч “Бүргэд констракшн” ХХК-ийн захирал Ч.Цогтсайхан нар оролцсон юм.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тусгасан байдаг. Энэ хүрээнд Хотын даргын зүгээс гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэн ажиллаж байна. Өнөөдөр ашиглалтад орсон 225 айлын орон сууцыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан юм.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны А хэсэгчилсэн талбайн төсөл хэрэгжүүлэгчээр  2019 онд “Бүргэд констракшн” ХХК шалгарсан бөгөөд нийт 22.2 га буюу 294 нэгж талбай бүхий газарт 3940 айлын орон сууц, 1520 хүүхдийн сургууль, 640 хүүхдийн цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Төлөвлөлтийн дагуу эхний ээлжид 62 нэгж талбарыг чөлөөлөн, 225 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа. Цаашид тус хэсэгчилсэн талбайн төслийн барилга, байгууламжаас гадна оршин суугчдын амралт, чөлөөт цагаа өнгөрөөх бүс, хүүхдийн тоглоомын болон   залуучуудад зориулсан бие бялдраа хөгжүүлэх биеийн тамирын талбай, автомашины зогсоол, явган хүний зам, гэрэлтүүлэг, камер, ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Төсөл хэрэгжүүлэгч “Бүргэд констракшн” ХХК нь уг бүтээн байгуулалтуудыг 2026 он гэхэд бүрэн дуусгахаар гэрээнд тусгажээ.

Шинэ орон сууцны нээлтийн үеэр Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар “Иргэд тохилог орчинд амьдрах ёстой. Зөвхөн орон сууц ашиглалтад оруулахаас гадна иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрэн хангасан цогц бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй. Гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулна гэдэг нь 1-2 жилийн хугацаанд бүрэн дуусах зүйл биш. Төлөвлөлтөө маш зөв хийх шаардлагатай байдаг. “Бүргэд констракшн” ХХК богино хугацаанд эхний ээлжийн орон сууцыг ашиглалтад оруулан, иргэдэд хүлээлгэн өглөө. Цаашид ч барилгын ажлыг хурдан, чанартай хийж гүйцэтгээрэй” хэмээсэн.

Уг 225 айлын орон сууцыг барихаас өмнө тус байршилд оршин сууж байсан айлуудыг бэлэн орон сууцанд оруулан, газрыг чөлөөлжээ. Дараагийн ээлжийн газар чөлөөлөлтөд хамрагдах 43 айлыг шинээр барьсан орон сууцанд оруулан, газрыг нь чөлөөлж, бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлэхээр төлөвлөөд байгаа талаар “Бүргэд констракшн” ХХК-ийн захирал Ч.Цогтсайхан ярьж байв. Мөн үеэр гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан зарим айлд шинэ байрных нь түлхүүрийг гардуулан өгсөн юм.

Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар нь 2013 оноос өнөөг хүртэл төвийн зургаан дүүргийн гэр хорооллын 27 байршилд 33 төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулан, 2238 нэгж талбарт газар чөлөөлж, 10.514 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна.

Холбоотой мэдээ