2021: ГУЧИН ЖИЛИЙН ДАРААХ РЕКОРД УРГАЦ

2021-12-24 665 0

Монголчууд цахилгаан, шатахуунаар гадны хараат байгаа ч гэлээ мах, гурил, хүнсний бүдүүн ногоо гэсэн үндсэн хүнсээ өөрснөө авчихаж дөнгөөд байгаа. Нарийн ногооны хүрэлцээ бага ч жил жилээр ахиулсаар удахгүй дотоодын хэрэгцээгээ хангадаг болно. Ийм хатуу ширүүн өвөлтэй манайх шиг оронд тийм ч амар ажил биш. Ер нь монголчууд бид бусад гурван улиралдаа зөвхөн өвөлдөө л бэлддэг гэхэд болно. Хоол хүнс, эрчим хүч, зам харгуй гээд амьдралаа тасалчихгүй чухал салбарууд энэ улиралд л шалгалтаа өгдөг. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хувьд энэ жил амжилт арвин байлаа.

Ургац хураалтын урьдчилсан дүнгээр нийтдээ 605.6 мянган тонн үр тариа, (үүнээс 567.0 мянган тонн улаанбуудай), 181.5 мянган тонн төмс, 118.6 мянган тонн хүнсний ногоо, 302.5 мянган тонн тэжээлийн ургамал, 53.6 мянган тонн тосны ургамал тус тус хурааж авчээ.

Эдгээрийг нийтдээ 630 мянган талбайд тарьж ургуулсан аж. Энэ бүх үзүүлэлтүүд бүгд өмнөх жилүүдээс ахиу гарсан дүнгүүд бөгөөд 1989-1990 оны түвшинд хүрсэн нь гуч гаруй жилийн дараа тохиосон рекорд үзүүлэлт юм. Энэ бол ХХААХҮЯ-аас шат дараалан авсан арга хэмжээнүүд эзэддээ хүрч үр дүнгээ өгөөд буй нь энэ билээ. Техник шинэчлэлийн хүрээнд ОХУ-аас үр тариа хураах өндөр хүчин чадлын 50 гаруй комбайныг нийлүүлж ХААН банкны түрээсээр тариаланчдад борлуулсан. Мөн Беларусийн Засгийн газрын 4.5 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр ногоон тэжээл бэлтгэх зориулалттай 60 иж бүрдэл, төмсний 30 иж бүрдэл, хүнсний ногооны 20 иж бүрдэл, нийтдээ 440 гаруй техник, тоног төхөөрөмжийг ургац хураалтаас өмнө нийлүүлж, хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцлөөр олгожээ. Түүнчлэн 2021 оны 04 дүгээр сарын 23-ний өдөр батлагдсан Гаалийн албан татвараас хөнгөлөх болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчин төгөлдөр үйлчлэж эхэлснээр импортоор нийлүүлэгдэж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны болон хүлэмжийн тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис зэрэг бараа бүтээгдэхүүний импортоос урьдчилсан байдлаар 21.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн дүнтэй байна. Ургац ийм арвин байсан тул ургац хураалтын ажилд туслах аян өрнөснийг санаж байгаа биз дээ.

Нийт 1.7 мянган цэрэг, 2.0 мянган оюутан, 7.4 мянган халамжийн болон гэрээт ажилтан, нийтдээ 11.1 мянган хүн хөдөлмөрийн түр гэрээгээр ургац хураалтад тусалжээ.

Энэ бол Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Ургац хураалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 235 дугаар тогтоолын хэрэгжилтийн үр дүн юм.

Холбоотой мэдээ