Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг /ZSL/-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газраас Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албатай хамтран хэрэгжүүлж буй “Экологийн цагдаагийн алба дэлхийн жишгээр ажиллаж нутгийн иргэдтэй түншлэх нь” төслийн хүрээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд нохойг ашиглах ажлын эхлэлийг тавиад байна. Энэ хүрээнд ЦЕГ-ын нохой сургалтын албыг чадавхижуулж, шаардлагатай машин, тоног төхөөрөмжөөр хангаснаас гадна, ИБУИНХУ-аас мэргэжлийн нохой сургагч нарыг Монголд урьж, сургалт хийх гэж буй юм. Энэ ажлын хүрээнд саяхан БОАЖЯ-тай хамтран Богдхан уулын ДЦГХЗ, Горхи, тэрэлжийн БЦГХЗ, Хустайн нурууны БЦГХЗ-ны нутагт нохойтой эргүүл ажиллуулжээ.
Эргүүл хийх явцад ЦЕГ-ын нохой сургалтын албаны 3 албан хаагч, 2 эрэлч нохой, Экологийн цагдаагийн 2 алба хаагч, хамгаалалтын захиргаадын байгаль хамгаалагч нар ил асаж байсан гал унтраах, модны хулгай илрүүлэх, зөвшөөрөлгүй агнасан нохой зээхийн арьс, бичиг баримтгүй галт зэвсэг зэргийг илрүүлж, улсын байцаагч нарт хүлээлгэж өгсөн байна.
У.Тунгалаг: Тусгай хамгаалалттай газрууд үнэрч нохойтой болсноор гэмт хэрэг буурах боломжтой
Төслийг хэрэгжүүлж буй Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын захирал У.Тунгалагаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Танай байгууллагаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хот орчмын улсын тусгай хамгаалалттай газарт нохойтой эргүүл ажиллуулсан байна. Гол зорилго юу вэ, ямар үр дүн хүлээж байна вэ?
–Манайд эрэлч, үнэрч нохойг гаалийн шалган, мөрдөн байцаах алба, хилийн цэрэг гэх мэт хууль сахиулах байгууллагад л зүтгүүлж байхад дэлхий нийтэд байгаль хамгаалах салбарт ашиглаж, технологийн дэвшлээр илрүүлж чадахгүй гэмт хэргүүдтэй тэмцэж эхэлсэн. Тиймээс манай байгууллагын хэрэгжүүлж буй төслийн хүрээнд байгаль хамгаалах салбарт нохойг ашиглах нь ямар үр дүнтэй вэ гэдгийг мэдэх үүднээс олон янзын туршилт хийж байна. Тухайлбал, өнгөрсөн жилийн өвөл ангийн улирлын үеэр Улаанбаатар хотруу орж, гарах пост болон хулгайн замуудад ЦЕГ-ын нохой сургалтын албаныхантай хамтран нохойтой эргүүл гаргаж, чамлахааргүй амжилттай ажилласан. Хаврын улиралд тусгай хамгаалалттай газруудаар байгаль орчны гэмт хэрэг гарах эрсдэл өндөр байдаг учир БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Экологийн цагдаагийн алба, ЦЕГ-ын нохой сургалтын албаныхантай хамтарч хот орчмын тусгай хамгаалалттай газар болох Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Горхи, тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны нутаг дэвсгэрт нохойтой эргүүл ажилууллаа. Бидний зүгээс тус газруудаар нэвтэрч буй тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийх санал гаргасан ч байгаль хамгаалагчид сэжигтэй гэж үзсэн газруудад үзлэг хийлгэх санал тавьсны үндсэн дээр багагүй газраар шалгалт хийсэн. Нохойтой эргүүлийн гол зорилго нь мэдээж үнэрч нохойн тусламжтайгаар хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг илрүүлэх, нөгөөтэйгүүр, Экологийн цагдаагийн алба, ЦЕГ-ын нохой сургалтын алба, хамгаалалтын захиргаадын үйл ажиллагааны хамтын уялдаа холбоог нэмэгдүүлэх байсан. Мөн иймэрхүү туршилт хийхэд хэдий хэмжээний төсөв хөрөнгө шаардлагатайг тооцоолох нь бидний зорилгын нэг хэсэг юм. Учир нь намар манай байгууллага Архангай аймгийн Хойд Могойн нол-Тээлийн Орон нутгийн ТХГ болон нийслэл хотын задгай захуудаар нохойтой эргүүл ажиллуулах төлөвлөгөөтэй байна. Учир нь энэ үед захуудаар ховор амьтны гаралтай эд, эрхтэн наймаалцах нууц үйл явц идэвхждэг. Үүнийг нохой л илрүүлэх боломжтой гэж үзэж байгаа.
–Манай улсын хувьд нохой сургалтын албаны чадавхи нь хэр байдаг юм бэ. Танай байгууллага нохой сургалтын албыг чадавхижуулах багагүй ажил хийсэн юм билээ?
-Нохойн алба нь манайд албан бус маягтайгаар өдийг хүрсэн. “Нохой сургагч гэж хэн бэ, ямар ур чадвар эзэмшсэн, ямар сургууль төгссөн байх ёстой вэ” гэх мэт наад захын стандарт байхгүй. Үнэрч, эрэлч нохой ямар чадвартай байх вэ, түүний амьдрах, сургалтын орчин ямар байх юм. Ямар хоолоор тэжээх юм зэрэг нь тодорхойгүй. Нохой сургагч, хөтлөгч нар хөдөлмөрийн харилцаанд ороход жирийн цагдаа, гаалийн ажилтантай адилхан байр суурьтай байх жишээний. Гэтэл хөдөлмөрийн нөхцөл нь харьцуулашгүй өөр. Нохой хөтлөгч нь нялх хүүхэдтэй хүн шиг л ажилладаг юм билээ. Нохойгоо өвдөхөөс эхлээд бүх л асуудлыг хариуцаж, илүү ачаалалтай ажилладаг. Тиймээс манай байгууллагын зүгээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар нохой сургагч, хөтлөгчийн ажлын байрны болон дээр дурьдсан стандартуудыг дэлхий нийтийн жишгийн дагуу батлуулахаар ажиллаж байна. Энэ ондоо стандартыг нь баталчих байх. Албаны нохойны салбарынхан “Албаны нохойны холбоо” ТББ байгуулсан байна билээ. Энэ байгууллагын үйл ажиллагааг чадавхижуулах ажлыг ч хийж эхэлсэн. Үйл ажиллагааг нь бэхжүүлэх ажлыг хийхээс гадна техникийн хүчин чадлыг нь сайжруулах, нохойн үүр, тоглоом, сургалтын бүтээгдэхүүнүүд, үнэрийн лаборатори, сургагчийн хувцас, тоног хэрэглэлээр хангаад байна.
-Байгаль хамгааллын салбарт нохойг хэрхэн ашиглах боломжтой вэ. Нохойн оролцоотойгоор илрүүлсэн томоохон хэргүүдээс жишээ дурьдвал?
–Эхний ээлжинд улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаад үнэрч нохойтой болвол сайн. Хууль сахиулахын нохойнууд маш их стресстэй орчинд ажилладаг учир 6-7 жил болоод тэтгэвэртээ гардаг. Гэхдээ маш олон төрлийн үнэр таньдаг, мэргэжлийн өндөр чадвартай хэвээрээ шүү дээ. Тиймээс байгаль хамгаалагчдаа нохойн хөтөчийн сургалтад суулгаж, тэтгэвэрт гарсан ч чадвартай нохойнуудыг байгаль хамгааллын салбарт ашиглах бүрэн боломжтой. Эдгээр нохой хулгайн анчдын энд тэнд нуугаад явсан анг олохоос эхлээд маш олон гэмт хэргийг илрүүлэх бүрэн чадвартай байдаг нь тогтоогдсон. Тухайлбал, их хэмжээний тарвагыг хотод оруулах гэж байсан этгээдүүдийг тэтгэвэртээ гарсан боловч нийслэлийн байгаль орчны газарт ашиглаж байсан нохой илрүүлсэн байдаг. Манай байгууллагаас Гаалийн ерөнхий газрын нохойн албыг чадавхижуулах ажлын хүрээнд ИБУИНХУ-ын гаалийн албаны нохой сургагчийг урьж сургалт хийх үед нохойд сумны үнэр таниулсан байсан юм. Тэрхүү сургалтын дараа Буянт-Ухаагийн гаалийн нохой АНУ-аас ирсэн чингэлгээс ангийн бууны 96 мянган ширхэг сумыг илрүүлж байсан шүү. Нохойн албаныхан ямар хүнд хүчир ажилтайг мэддэг учир манайхаас 2019 оноос эрэлч нохойтой ажилладаг гаалийн улсын байцаагч нарын зэрлэг амьтны хууль бус худалдаатай тэмцэхэд оруулж буй хувь нэмрийг урамшуулах зорилгоор “Зэрлэг амьтан ургамлын шилдэг хамгаалагч”-ыг шалгаруулж эхэлсэн. Энэхүү шагналыг 2000 фунт стерлингтэй тэнцэх мөнгөн шагнал дагалддаг нь нохойн албанынханд багагүй урам болсон болов уу. Энэхүү шагналыг дээрх сумыг илрүүлсэн Буянт-Ухаан гаалийн нохойтой байцаагч Ууганбаяр, Замын-Үүдийн гаалийн нохойтой байцаагч Мөнхнасан нар хүртсэн. Тиймээс байгаль хамгааллын салбарт нохойг ашиглаж, үүнээс илүү гэмт хэргүүдийг илрүүлэх бүрэн боломжтой юм.
–Баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье.
–Баярлалаа.
1 сэтгэгдэлтэй
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article. https://www.binance.com/tr/register?ref=PORL8W0Z