Эцсийн өмчлөгчдийн мэдээллийг илүү чанартай, хүртээмжтэй болгохын төлөө дахин түншилнэ

2022-05-31 489 2

Монгол Улс бүх хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг ил тод болгоод ердөө сар орчим л болж байна. Энэ оны 5 сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар нээлттэй болж буй багц мэдээллийн нэг нь хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээлэл юм. УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн сангаас ямар ч төрлийн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг харах боломжтой. Гэхдээ энэхүү мэдээлэл нь тухайлбал, тухайн компанийн хэдэн хувийг эзэмшдэг, эзэмшигч нь хэзээ хэрхэн солигдсон бэ гээд FATF-ын зөвлөмж, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын стандартыг хангах хэмжээнд ил тод биш байгааг ОҮИТБС-ын Олон талт ажлын хэсгийн гишүүн, “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын менежер Б.Эрдэнэчимэг “Олборлох үйлдвэрлэлийг нээлттэй болгох нь” төслийн нээлтийн үеэр онцлов.

“Олборлох үйлдвэрлэлийг нээлттэй болгох нь” төслийг ОҮИТБС-ын Олон улсын нарийн битгийн дарга нарын газар, Лондон хотноо төвтэй “Нээлттэй өмчлөл” олон улсын байгууллагаас ОҮИТБС-д нэгдсэн 13 оронд хэрэгжүүлэхээр болсны нэг нь Монгол Улс юм. Төслийн зорилго нь бүх төрлийн ашигт малтмал, газрын тосны олборлогч компаниудын эцсийн өмчлөгчдийг системтэй, чанартай, олон нийтэд хүртээмжтэйгээр ил тод болгоход чиглэж буй.

Тиймээс төслийг хэрэгжүүлэгч олон улсын хоёр байгууллага, Монголын талаас УУХҮЯ, БОАЖЯ, ТЕГ, АМГТГ, АТГ, СЗХ, МХЕГ, УБЕГ, ҮАГ болон Монголын Уул уурхайн үндэсний ассоциац, Нүүрс ассоциац болон томоохон олборлогч компаниуд, ТАН эвсэл, ННФ, Трансперенси Интернешнл Монгол ОУБ гээд иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн төлөөллүүд цахим болон танхим хосолсон хэлбэрээр энэ сарын 19-нд төслийн нээлтийг хийлээ.

Эцсийн өмчлөгчдийн ил тод байдлыг хангах нь олон талын ач холбогдолтой. Үүний тулд төрийн байгууллага, оролцогч талууд тодорхой, үнэн бодитой, нийтэд хүртээмжтэй нээлттэй мэдээллийн сантай болох шаардлагатай юм. Энэ нь нуугдмал хөрөнгийг үр дүнтэйгээр ил тод болгож, улмаар улс орны эдийн засагт хувь нэмэр оруулдгийг ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн газрын гүйцэтгэх захирал Марк Робинсон төслийн нээлтийн үеэр онцлов. Харин хамтран хэрэгжүүлэгч “Нээлттэй өмчлөл” олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Ден Таузенд “Монгол Улс эцсийн өмчлөгчдийг ил тод болгож амжилт гаргасан орнуудын нэг юм. Тиймээс энэхүү мэдээллийн чанар, үнэн бодит байдлыг сайжруулж, баталгаажуулах системийг бий болгоход энэ удаагийн төсөл чиглэнэ. Үүний төлөө Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн” байгаагаа тэрбээр илэрхийллээ.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс Нээлттэй засгийн түншлэл, FATF, ОҮИТБС зэрэг засаглалыг сайжруулах олон улсын санаачилга, хамтын түншлэлүүдээр дамжуулан дэлхий нийтийн өмнө хүлээсэн эцсийн өмчлөгчдийг ил тод болгох үүрэг амлалтаа тодорхой хэмжээнд биелүүлж ирсэн. Тухайлбал, ОҮИТБС-ын стандартын хүрээнд 2017 онд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эцсийн өмчлөгчдийг ил тод болгох замын зураглалыг боловсруулан хэрэгжүүлж, 2020 оноос тусгай зөвшөөрөл эзэмшигчид ашиг хүртэгч жинхэнэ эздээ заавал ил тод болгохоор болсон. Энэ хүрээнд 2020 оны байдлаар холбогдох маягтын дагуу эцсийн өмчлөгчөө мэдүүлсэн хуулийн этгээдийн тоо 687 байна.

Байгалийн баялгийг иргэн бүрт тэгш хүртээх Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд “Олборлох үйлдвэрлэлийг нээлттэй болгох нь” төсөл томоохон дэмжлэг болохыг зохион байгуулагчид онцолсон юм.

Төслийн хүрээнд олборлох компаниудын ашиг хүртэгч жинхэнэ эзэд, эцсийн өмчлөгчдийн ил тод байдлыг сайжруулахад Монгол Улсын хууль тогтоомжуудыг уялдуулах, мэдээлэл цуглуулж, шалгах стандартыг боловсронгуй болгоход чиглэсэн техникийн чадавхыг нэмэгдүүлэх цогц үйл ажиллагаа явуулах аж.
Нийтийн баялагт тулгуурлан эдийн засгийн ноён нуруу болдгийн хувьд олборлох үйлдвэрлэл нь стратегийн салбар юм. Тэр утгаараа компаниудын орлого зарлага, эцсийн өмчлөгч, хандив дэмжлэг гээд бүхий л мэдээлэл ил тод байх шаардлагатай. Үүнийг ил тод болгож буй тогтолцоо болох ОҮИТБС-ыг хэрэгжүүлээд 16 жил болж байгаа хэдий ч ашиг хүртэгч жинхэнэ эздийн ил тод байдлыг сайжруулах хэрэгцээ байсаар байна. Монголын ОҮИТБС-ын Ажлын албанаас 2020 онд эцсийн өмчлөгчдийн өгөгдөл мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд Ашиг хүртэгч жинхэнэ эздээ ил тод болгосон компаниуд орон нутагт цугласан төлбөр хураамжийн 50 орчим хувь, улсад төвлөрүүлсэн орлогын урсгалын ердөө 21 хувийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, олборлох салбараас улс, орон нутгийн төсөв, эдийн засагт бий болж буй мөнгөн хөрөнгийн дийлэнх нь эцсийн өмчлөгч нь ил тод биш аж ахуйн нэгжүүдэд хамаарч байгаа юм.
Иймд тэрхүү ил тод болсон мэдээллийн ашиглалтыг сайжруулахад хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэний нийгмийн үйл ажиллагааг дэмжих замаар нөлөөлөл бий болгох, өгөгдлийг илүү чанаржуулах, эцсийн өмчлөгчийг ил тод болгоогүйн улмаас учирсан хохирлыг барагдуулах эрх зүйн тогтолцоог сайжруулах, улс төрд нөлөө бүхий этгээдийг ил тод болгох нөхцлийг бүрдүүлэх, олон улсын стандартын дагуу өгөгдлийн санг бүрдүүлж, улам хүртээмжтэй болгох, төрийн мэдээллийн сангуудыг нэгтгэх зэрэгт энэ удаагийн төслийн үр дүн чиглүүлэх нь үр дүнтэй гэдгийг Монголын талын оролцогчид онцолсон юм.

Холбоотой мэдээ