Б.БОЛОРМАА: ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАД ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ЦАХИМ СИСТЕМЭЭР ИРҮҮЛСЭН 135  ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВААД 98  ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДВЭРЛЭСЭН

2023-05-02 468 0

Цахим засаглал үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ГЕГ-аас хүнд сурталгүй, чирэгдэлгүй, нээлттэй, ил тод төрийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор цахим үйлчилгээг үе шаттайгаар нэвтрүүлэн ажиллаж байна. Бид энэ удаа зөвшөөрлийн нэгдсэн системд хамаарах гаалийн үйлчилгээний талаар Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн газрын ГУАБ Б.Болормаагаас тодрууллаа.

-Гаалийн байгууллагаас хэдэн төрлийн зөвшөөрөл олгодог вэ? зөвшөөрөл авах хүсэлтээ хаана хэрхэн гаргадаг вэ?

-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа гаалийн шинэчлэлийн хүрээнд гаалийн байгууллагаас Гааль татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв УҮГ-тай хамтран Гаалийн тухай хууль тогтоомжийн дагуу Гаалийн ерөнхий газраас олгож байгаа  7 төрлийн  тусгай, 1 төрлийн  энгийн зөвшөөрөл болон гаалийн хяналтын бүс тогтоолгох, тээвэрлэгч байгууллагад олгодог гаалийн итгэмжлэл авах хүсэлтүүдийг 2022 оны 12 дугаар сараас эхлэн https://license.mn/ хаягаар цахимаар  хүлээн авч шийдвэрлэж байна. Гаалийн тухай хууль тогтоомжийн дагуу гаалийн баталгаат бүс, тусгай бүс, гаалийн хяналтын бүс, түр агуулах  ажиллуулах болон  тээвэрлэгч байгууллагад олгох гаалийн итгэмжлэл авах хүсэлтэй аж ахуйн нэгж  гаалийн тухай хууль тогтоомжид заасан шаардлагуудыг  хангасан тохиолдолд гаалийн удирдах төв байгууллагад цахимаар хүсэлт гаргаж,  шийдвэрлүүлэх  боломж нээлттэй байдаг.

Өнөөдрийн байдлаар гаалийн удирдах төв байгууллагад тусгай зөвшөөрлийн цахим системээр ирүүлсэн 135  хүсэлтийг хүлээн аваад 98  хүсэлтийг нь шийдвэрлэсэн бусад хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэхээр хянаж байна.

-Гаалийн ерөнхий газраас олгож байгаа зөвшөөрлүүдийг цахим хэлбэрт шилжүүлснээр аж ахуйн нэгжүүдэд ямар боломжууд бий болсон бэ?

-Дээр дурдсан хүсэлтийг цахимаар хүлээн авч хянаж, шийдвэрлэснээр  аж ахуйн нэгжүүд цаг хугацаа, орон зайнаас хамаарахгүйгээр  хүсэлтээ тусгай зөвшөөрлийн  цахим системийг ашиглан  илгээх мөн хүсэлтийг нь гаалийн байгууллагын албан хаагч нар  хүлээн аваад хянаж,  шийдвэрлэх  бүх  үйл явцыг  цахимаар харах  боломжтой болсон. Гаалийн байгууллага дээр дурдсан  зөвшөөрлүүдийг олгохдоо   аж ахуйн нэгжүүдээс  цаасаар ирүүлсэн  бичиг баримтыг хүлээн авч, хянаж, шийдвэрлэдэг  байсан. Мөн өмнө нь аж ахуйн нэгжүүд зөвшөөрлийн төрлөөс шалтгаалаад гаалийн байгууллагад  нийт 11-16 бичиг баримтыг бүрдүүлж, цаасаар гаргаж өгдөг байсан.

Харин тусгай зөвшөөрлийн цахим систем ашигласнаар өнөөдрийн байдлаар ААН-үүд зөвхөн 5-9 төрлийн бичиг баримтыг PDF-ээр хавсаргаж цахимаар илгээдэг болсон буюу ААН-ээс бүрдүүлдэг бичиг баримтын тоог 7-оор багасгасан.  Гаалийн байгууллагаас  ААН-ийн гэрчилгээ, татварын байгууллагын тодорхойлолт, санхүүгийн тайлан гэх мэт 7 төрлийн  бичиг баримтад агуулагдаж байгаа мэдээллийг  холбогдох байгууллагын системээс  шууд татаж, хянадаг болсон.

-Зарим ААН гаалийн ерөнхий газраас зөвшөөрөл авах хүсэлтээ цахимаар илгээж чадахгүй байна, санхүүгийн шалгуурыг нь давахгүй байна. Бид үйл ажиллагаа явуулахын тулд зайлшгүй зээл авдаг. Гэтэл үүнээс шалтгаалаад системд хүсэлтээ оруулах боломжгүй байгаа нь гаалийн байгууллагаас тавьсан  хэт өндөр  шалгууртай холбоотой гэсэн   асуудлууд гарч байгааг тодруулна уу?

-Сангийн сайдын 2021 оны 122 дугаар тушаалаар батлагдсан “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний харьяа байгууллагаас олгох тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрээр шийдвэрлэх түүний харьяа байгууллагаас олгох тусгай зөвшөөрлийг цахимаар шийдвэрлэх журам”-д аж ахуйн нэгжүүд Гаалийн ерөнхий газарт   зөвшөөрөл авах болон зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах хүсэлт  илгээхдээ  тусгай зөвшөөрлийн цахим системийг ашиглахаар зохицуулсан.  Энэ журмын дагуу зөвшөөрөл олгох болон зөвшөөрлийн хугацаа сунгуулах  хүсэлтийг шийдвэрлэхэд зөвшөөрлийн  нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянах зорилгоор системд байнгын шалгуур ажиллаж  5 мэдээллийг шалгадаг.  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, Татварын өртэй эсэх, Санхүүгийн чадавх, Нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлдөг эсэх, Цахим төлбөрийн баримтын системд холбогдож, төлбөрийн баримт олгодог эсэхийг шалгадаг. Иймд зөвшөөрөл, хүсэлтийн төрлөөс шалтгаалаад тухайн зөвшөөрөл авахад тавигдах нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг цахим системээс хянадаг. Хүсэлт илгээх аж ахуйн нэгжийн  дээрх 5 бичиг баримтад агуулагдсан мэдээлэл нь  шаардлага хангаагүй тохиолдолд  тухайн аж ахуйн нэгжийн хүсэлтийг тусгай зөвшөөрлийн цахим систем  хүлээж авахгүй. Тусгай зөвшөөрлийн цахим систем танай компанийн хүсэлтийг хүлээж авахгүй байгаа нь гаалийн байгууллагын албан хаагч нараас шалтгаалаагүй. Тусгай зөвшөөрлийн цахим систем танай аж ахуйн нэгжийн  мэдээллийг холбогдох байгууллагын системээс  татаж хянаад, нөхцөл шаардлага хангагдаагүй тохиолдолд хүлээж авахгүй байгаа гэдгийг ойлгохыг хүсэж байна.

Ковидын халдвараас сэргийлэх зорилгоор түр хязгаарлалтын арга хэмжээ хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа  тодорхой хугацаагаар зогсоож байсан. Үүний улмаас санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд дээр системээс тавьж байгаа шаардлагыг хангаж чадахгүй байна гэсэн асуудлуудыг аж ахуйн нэгжүүдээс их ирүүлж байна.  Мөн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдуулан зээл авсан,  олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрлийн цахим системийн санхүүгийн чадавхын шалгуурыг хангаж чадахгүй байгаагаас бизнест саад учирч байна. Энэ асуудлыг шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг аж ахуйн нэгжүүдээс их ирүүлсэн. Иймд гаалийн байгууллагаас дээрх аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадавхын тодорхойлох асуудлаар Сангийн яамны холбогдох ажилтнаас чиглэл авахаар ажиллаж байна.

Холбоотой мэдээ