ЦАДИГГҮЙ ЦАГИЙН “ЗАСВАРЧИН”

2023-05-08 569 0

Тэр Монгол Улсын Ерөнхий сайдын тамгыг хүлээж аваад 2 жил, 4 сар 19 хонож байна. Дэлхий нийт цар тахалд 2 сая орчим хүнээ алдсан хүнд цаг хугацаа түүний Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэгт ажлаа хүлээж авахтай яг давхцсан. Хаа сайгүй үхэл хагацал, нулимс, арга мухардал, уналт доройтол, цоожтой хил, хаалттай улс орон байлаа. “Ковидын” гэх ганцхан үгээр бүх бэрхшээлийг хаачихсан бэрх цагт тэр Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд гэх шинэ карьераа эхлүүлсэн юм. Цай биш тан ууж, амандаа масктай, хамартаа гуурстай, халуун ам бүлээсээ тусгаар явсан хэцүү цагт энхийг сахиулна гэхээс өөр итгэл үнэмшилгүй тэр одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тамгаа гардаж, тамираа харуулж байв. “Хэнтийнхэн засаглах нь ээ” гэхээс өөр хардалтгүй монголчууд өнөөх л жалга довоо ярьцгааж, итгэл хүлээлгэх гэхээсээ хэл амаа бэлүүдэж байлаа.

Өдгөө бид уусан тангийнхаа амтыг мартаж, улс хот хаалгаа хааж байгаагүй мэт л цэлийтэл дэлгэжээ. Тухайн үедээ яалаа даа, дотоодын хэрэгцээний өндөггүй баларч, өрөндөө баригдаж, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, энд тэнд тусгаарлагдаж, улаан бүс дэх хоолны хэрүүл хийцгээж, эм тариа эмнэлгийнхэн зүдэрч, дээр дооргүй уур бухимдал байлаа. Энэ хоёр жилийн хугацаанд сайн цаг ирсэн бололтой. Дээрх тоогүй үйл явдал тоосонд дарагдсан мэт мартагджээ.

Ковидын солиорол, цаг зуурын гачигдалгүй байсан мэт олон сайн мэдээнд өдөр бүр төөрч эхэллээ, ойрын өдрүүдэд. Энэ засаг үнэхээр ингэж үлгэрийн баатар шиг л ажиллаад, илбийн юм шиг эмхлэн журамлаад, элдүүрийн арьс шиг нөхцөлийг зөөллөөд байна уу. Үгүй бол бид маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги мэт авирлаж байна уу. Үүнд хариулт эрэв. Хайснаа олохын тулд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Монголын эдийн засгийн орчинд хэрхэн ажиллав, юу амжуулав гэдгийг шүүрдлээ.

НЭГДҮГЭЭРТ ЭДИЙН ЗАСАГ

 Эдийн засаг бол аль ч улсын хувьд нэгдүгээрт эрэмбэлэх, шийдвэрлэх, бодлогын дээр байх ёстой агуулга том, өгөөж нь хүртээмжтэй салбар. Энэ утгаараа Монгол Улс эдийн засгийн суурьтай парламентыг бэхжүүлж чадаж байна уу гэх асуулт яах аргагүй ургана.

Энэ Засгийн газрын авторын ам нээх бүрдээ хэлдэг мэдэгдэл бий. Тэр нь “Энэ Засгийн газар авлигын эсрэг Засгийн газар байх болно. Авлигатай тэмцэнэ. Монголын бүх шатны байгууллагад хэрсэн асар том авлигын царс модыг цавчина” гэдэг.

Саяхны нэгэн өдөр бяцхан улс төржиж, хэсэг бусаг нөхдийн хамт хоол идэх зуурт “Аливаа Засгийн үйл ажиллагаа шударга ёс, зарчмын асуудал нэрээр иргэдээ барьж хориод эхэлбэл тэнд улс төрийн өш хонзон үүсэж байдаг” хэмээж байсан үг эрхгүй бодолд зурсхийж байна. Хэдий өнөөгийн Засгийн газрын эрчимжүүлэн хэрэгжүүлж байгаа “5Ш” ажиллагаа иргэдийг хаа байгаа газраас нь барьж хорьж байгаа явуулга мэт харагдах ч алс хэтийн нөлөө нь элгээрээ хэвтчихээд шахуу байгаа эдийн засгийн орчинд сэргэлт авчрах ач холбогдолтой юм. Учир нь, улсын төсвөөс ч их мөнгө аваад улс орноосоо дайжчихсан хулгайчдад хуулийн хариуцлага хүлээлгэх нь өш биш өр барагдуулж байгаа л үзэгдэл. Өмнө нь бид ингэж хүч дайчлан, хэрэг болгож, хулгайчаа хаа нуугдаж суугаа газраас нь баривчилж, дайчлан авчирдаггүй байсан нь бидэнд  гайхмаар жишиг болж байгаа ч байж мэднэ. Юутай ч энэ бол Монголын мөнгөний авдрыг хоослоод зугатсан хулгайчтайгаа тэмцэж байгаа шударга тэмцэл яах аргагүй мөн байлаа. Юуны тулд вэ, гэж үү. Валютын хомсдолд орж, инфляцдаа идэгдчихээд байгаа эдийн засгаа аврах л гэж шүү дээ. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эдийн засгийн хөрсийг “цөлжихөд” хүргэсэн авлигатай тэмцэхээс ажлаа эхлүүлээд 2 жил болов. Түүний зоригтой эхлүүлж, дорвитой хэрэгжүүлж байгаа ажил өдгөө цаг үеэ олов. Элгээрээ хэвтэхэд бэлэн байсан орчинд гэрэл асааж, сэргэлт авчрав.

СЭРГЭЛТ-1

Монголын эдийн засгийн “саалийн үнээ” Эрдэнэтийг авчрав, “Эрдэнэс Тавантолгой”-г шимэгчлэн хумслагчдыг таслан зогсоов. Ингэснээр нүүрс үнэд орж, экспортын хэмжээ ч боломжийн түвшинд нэмэгдчихлээ. Ингэснээр нүүрс олборлолтын хэмжээ 2.5 дахин, борлуулалтын орлого 3.5 дахин өссөн гэдгийг ЭТТ-гоос мэдэгдэж байгаа.

СЭРГЭЛТ-2

Засгийн газар “Мазаалай” ”Чингис “ Гэрэгэ” бондуудын өр төлбөрийг бүрэн барагдууллаа” гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдэл иргэдийг төдийгүй эдийн засагчдын магнайг тэнийлгэсэн нь гарцаагүй. Аргагүй юм, дээрх бондуудын өрийг барагдуулж дууссанаар Монгол Улс дефолтын эрсдлээс ангижирсан.

СЭРГЭЛТ-3

Олон жил онц ч юм шиг муу ч юм шиг явж ирсэн Оюутолгойн гэрээг шинэ шатанд гарган тавьж, “Рио Тинто”-г “айлгав”. Ингэснээр 2051 он хүртэл ашиг горьдолтгүй дүмбийхээр байсан Монгол Улс хожиж, валютын манайд орох урсгал нэмэгдсэн таатай мэдээг тэрбээр дуулгаж байлаа. Үүний хажуугаар тэрбээр, дуншаа эх шиг болчихсон байсан Дубайн гэрээг ухаж төнхсөн.

СЭРГЭЛТ-4

Өнөөдөр ч үргэлжилсээр байгаа хамгийн олон оролцогчтой Хөгжлийн банкны хэргийг задалж, хөнжлийн банк болгосон хулгайчдыг тэр илчлэхэд “шүгэл” үлээж, хууль, эрх зүйн орчноор шахсан. Үүнтэй зэрэгцүүлээд төрийн ордонд үүрлэсэн нүүрсчдийн бүлэглэлтэй тэмцэх ажиллагааг эрчимжүүлж, гар хөл нь хөө тортогтой хутгалдчихсан УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг ганхуулж, эхнээсээ үхсэн ч гишүүн хэвээр байна гэх нь холгүй сандал суудал, бүрэн эрхтэйгээ зууралддаг нөхөд төрийн түшээ байхаас татгалзсан зүүдэнд ч оромгүй явдал болов. Бид нүдээрээ харж, чихээрээ сонсож гэрч болцгоосон.

СЭРГЭЛТ-5

Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлах үеэрээ үсрэнгүй ололттой гэрээ ярьсан нь  30 сая тонн байсан нүүрсний худалдааг 70 сая тоннд хүргэхэд чиглэв. Гэрээг эхлүүлж гэнэтийн бэлэг барив.

СЭРГЭЛТ-6

“Дорнын эдийн засгийн форум”-аас эхлээд урд хойд хөрштэйгөө үр дүнтэй хэлэлцээрүүд хийж, сэргээгдэх эрчим хүч, хилийн боомт, зам тээвэр харилцаа, төмөр зам, бараа эргэлт ложистикийн асуудлаа шийдвэрлэж байгаа нь үр дүнгээ богино хугацаанд өндөр хувиар өгөв. Цаашид Солонгос, Герман, Япон, Сингапур зэрэг улстай үйлдвэрлэл, уул уурхай, аялал жуулчлал гэх мэт салбарт хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны олон төсөл, хөтөлбөр эхлүүлнэ гэдгээ байнга мэдэгдэж байгаа.

СЭРГЭЛТ-7

Одоо харин Л.Оюун-Эрдэнэ цалин, тэтгэврийн реформ хийнэ гэдгээ зарлав. Цаашид төрийн албыг төрлийн алба болгох, төрийн өмч, ажиллах хүчийг хувийн хэвшилд шилжүүлэх, төрийн албан хаагчийн цалинг нэгдсэн системд оруулж, бүтээмж, үр дүнд суурилсан өндөр цалинтай, цомхон чадварлаг нийтийн албан хаагчидтай байх суурь реформыг хийнэ гэв. Ингэхдээ цалин хөлсний асуудлыг зохицуулсан салбарын хуулиудад өөрчлөлт оруулах, төрийн захиргааны албаны цалингийн тогтолцоог шинэчлэхээр салбарынхантай нь уулзалт хийгээд эхэлжээ.

СЭРГЭЛТ-8

            “Гэр хорооллын сэргэлт” дунд хугацааны төслийг тэрбээр хэрэгжүүлнэ. Энэ бол бүхэлдээ “Улаанбаатар хотын сэргэлт” яах аргагүй мөн билээ. Эдгээр төслийг дагаад нийслэлийн 9 дүүрэг өнгөө засна. Эдгээр түүхэн том төсөл тэр чигтээ эдийн засгийн агуулгаараа олон талт хөрөнгө оруулалтын харилцааг солонгоруулна.

СЭРГЭЛТ-9

            Тэрбээр төр хувийн хэвшлийг орхигдуулахгүй, анхаарна гэдгээ ажил хүлээж авсан эхний өдрөөсөө л онцолж байв. Улс орон хөгжье гэвэл ЖДҮ-ээ өмнөө барих ёстой. Энэ хүрээндээ Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хөтөлбөрт 64 мянган бизнес эрхлэгч хамрагдаж 4.73 их наядын зээл авчээ. Энэ нь өдгөө бид өлсөхийн зовлонгүй, эдийн засаг сэргэх боломж бүрдүүлсэн болов уу. Учир нь, цар тахлын үед манай улсын эдийн засаг 1992 оноос хойш анх удаа хасах баланс руу буюу 5.3 хувиар унасан байлаа. Тэгэхээр үгүй ээ мөн богино хугацаанд эдийн засаг сэргэхээр барах уу, одоо дахиад ч цаашид эерэг хүлээлттэй байх болсон.

СЭРГЭЛТ-10

Энэ Засгийн газрын бодлогын хамгийн атаархам цогц алсын хараа, тэмүүлэл нь “Шинэ сэргэлтийн бодлого”. Боомтын, эрчим хүчний, аж үйлдвэрийн, хот хөдөөгийн, ногоон хөгжлийн, төрийн бүтээмжийн, гэр хорооллын, Улаанбаатарын гээд салбарладаг “Шинэ сэргэлтийн бодлого” тэр чигтээ Монголын эдийн засгийн сэргэлтийн гол амин тариа нь болж байгаагаараа өндөр хүлээлт үүсгэсэн, сюрприз дүүрэн бодлого юм.

Энэ бүхнээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын эдийн засгаа аврах алсын хараа нь дан ганц авлигачдыг барьж хорьсноор хязгаарлагдахгүй бөгөөд дээрх сэргэлтийн бодлогуудыг цогцоор нь хэрэгжүүлж байж үр дүнгээ өгөх нь гарцаагүй байгаа юм. Хамгийн бэрх цагт эмх журмаа алдсан эдийн засгаа ч сэргээнэ, иргэдийн итгэлийг ч сэргээх хүндхэн алба түүнийх. Цаг хугацаа зогссон мэт тулгуухан мөчид цадиггүй цагийн “засварчин” болж тэрбээр улс төрийн өндөр сэнтий дундуур алхаж явна.

Гэрэл зургийг Г.АРГУУЖИН

Холбоотой мэдээ