Монгол Улсын Их Сургуулийн Дугуй танхимд нэгэн өвөрмөц бөгөөд түүхэн үйл явдал боллоо. Манай улсын шинжлэх ухаан, технологийн салбарт шинэ хуудас нээж, цөмийн энергийн салбарын эмэгтэйчүүдийг нэгтгэсэн анхны мэргэжлийн сүлжээ болох “Монголын цөмийн энергийн салбарын эмэгтэйчүүдийн холбоо” төрийн бус байгууллага 2026 оны тавдугаар сарын 31-ний өдөр нээлтээ хийв.
Цөмийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, тэднийг дэлхийн тавцанд гаргах зорилготой тус холбоо нь дэлхийн 145 гаруй орны 35 мянгаас дээш гишүүнтэй олон улсын Women in Nuclear (WIN Global) байгууллагын албан ёсны гишүүн болж, “Нэгд, Хөгж, Манлайл” уриан дор үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
Нээлтийн арга хэмжээнд Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, МУИС болон Хавдар судлалын үндэсний төв, Улсын нэг, хоёрдугаар төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд зэрэг цацрагийн хэрэглээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөлөл цуглаж, салбарынхаа ирээдүйг хэлэлцсэн юм.

“Дэлхийн чиг хандлагыг дагаж, хүний нөөцөө тогтвортой хөгжүүлнэ”
“Монголын цөмийн энергийн салбарын эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-ын УЗ-ийн дарга Ч.Намуунтөгс:
-Дэлхийн цөмийн энергийн салбарын эмэгтэйчүүдийн холбоо бол зургаан бүсчилсэн тивийг холбосон маш том байгууллага бөгөөд Олон улсын Атомын энергийн агентлаг (ОУАЭА)-тай зэрэгцэн үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн үед дэлхий даяар цөмийн салбарын эмэгтэйчүүдийн эзлэх байр суурь 50 хувиар өслөө. Бид энэ чиг хандлагыг дагахаас гадна Монгол Улсад энэ салбарт буй эмэгтэйчүүдийн хүний нөөцийг тогтвортой хөгжүүлж, ирээдүй хойч үедээ сурталчлан таниулахаар зориг шулуудсан.
Хүмүүс цөмийн эрчим хүч гэхээр л шууд уран, уурхай гэж ойлгоод байдаг. Гэтэл эрүүл мэнд, аж үйлдвэрийн салбар дахь хэрэглээг нь тэр бүр мэддэггүй. Манай улсад цөмийн салбар үүсэж, хүний нөөцөө бэлтгээд, дэлхийн түвшний эрдэмтдээ төрүүлээд аль хэдийн 60 жил болжээ. Өнөөдөр Цөмийн болон цацрагийн улсын хяналтын алба маань 50 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна.

Төгсөхөөсөө өмнө “захиалагддаг” оюутнууд буюу ажлын байрны эрэлт
Цөмийн инженерчлэлээр суралцаж буй залууст ажлын байр хэр олдоцтой байдаг бол? Энэ асуултад багш удирдах ажилтнууд ам уралдан, эрэлт маш өндөр байгааг онцолж байв.
МУИС-ийн цөмийн инженерчлэл хөтөлбөрийн профессор С.Одмаа:
-Ажлын байр харьцангуй элбэг, бүр маш их хэрэгцээтэй байна. Сүүлийн үед цөмийн арга, технологийг хэрэглэж байгаа салбар Монголд олон болсон. Цөмийн эрчим хүч, цацраг гэдэг нь зөвхөн ганцхан салбараар хязгаарлагддаггүй. Анагаах ухаан, эмнэлэг, геологи, уул уурхай гээд маш олон салбарт хэрэгцээтэй тул төгсөгчид маань бараг дипломоо авахаас нь өмнө ‘Манайд ажиллаарай’ гэж байгууллагууд ирж захиалдаг.

Олон улсын боломжуудыг холбох гүүр
Тус холбооны гүйцэтгэх захирал И.Ариунсайхан холбоо байгуулагдсаны гол ач холбогдлыг олон улсын төсөл, хөтөлбөрүүдтэй холбон тайлбарлалаа. Тэрээр “Монгол Улс 1976 онд Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн орноор элсэж, төсөл хөтөлбөрүүдэд нь идэвхтэй оролцож ирсэн. Манай холбоо залуу мэргэжилтнүүдээ дэмжих, туршлага солилцох платформ болно. Ялангуяа ОУАЭА-ийн ихэнх сургалт, хөтөлбөрүүд эмэгтэйчүүдийг дэмжих квот, давуу талтай байдаг тул холбоо маань тэрхүү боломжуудыг холбох гүүр болох юм. Өнөөдөр компьютер томографи, ПЭТ-КТ (PET-CT) зэрэг анагаах ухааны дэвшлээс гадна Оюу Толгой, Эрдэнэт зэрэг томоохон үйлдвэр, уурхайд нүүрс, баяжмалын нягт, чийгийг хэмжихэд цацрагийн үүсгүүрийг ашиглаж байна. Манай мэргэжилтнүүд энэ бүхэнд ажиллаж байна” гэв.

Хавдрыг эрт илрүүлэх эмчилгээний тэргүүн шугамд
Цөмийн физикийн ололт амьдрал дээр, тэр дундаа хүний алтан амийг аврах үйлст хэрхэн хэрэгжиж буйг бодит жишээгээр харуулж буй мэргэжилтэн бол Цөмийн физикч, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн цацрагийн хяналтын ажилтан Ц.Дагий юм. Тэрээр “Анагаахын салбарт цөмийн энерги хөгжөөд 50 жил болжээ. Манай эмнэлэг Монголдоо анхны циклотрон (хурдасгуур)-д суурилсан цацраг идэвхт эм үйлдвэрлэдэг бөгөөд үүгээрээ хавдрын оношилгоо, эмчилгээ хийдэг тасагтай. Энэ нь хавдрыг маш эрт үед нь илрүүлэх, үнэлэх, хяналт хийхэд онцгой ач холбогдолтой. Бид цацраг идэвхт бодис ашиглан хүний амь нас аврах эмчилгээг өдөр тутамдаа хийж байна” хэмээв.

Шинжлэх ухааны салбарт эмэгтэйчүүдийн дуу хоолой, манлайлал дутагдаж байна гэх шүүмжлэл олонтаа сонсогддог. Харин “Монголын цөмийн энергийн салбарын эмэгтэйчүүдийн холбоо” байгуулагдсанаар энэ салбарын эмэгтэй мэргэжилтнүүд зөвхөн дотооддоо төдийгүй олон улсын хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, цацрагийн аюулгүй байдлыг хангах, залуу халаагаа бэлтгэх шинэ гарц, том боломжийг нээж өглөө. Тэдний “Нэгд, Хөгж, Манлайл” уриа ирээдүйн олон залуу охидыг шинжлэх ухааны салбарт хөтлөх биз ээ.



0 cэтгэгдэлтэй