Г.Хонгорзул: Даатгагчийн баталгаа бизнесийн эргэлтийн хөрөнгийг хамгаалж, томоохон төслүүдэд оролцох боломжийг нэмэгдүүлж байна

2026-06-05 44 0

“Мөнх даатгал” ХХК-ын андеррайтер Г.Хонгорзултай даатгагчийн баталгааны үйлчилгээ, түүний эдийн засгийн ач холбогдол болон олон улсын давхар даатгалын шинэ боломжийн талаар ярилцлаа.

Сүүлийн жилүүдэд төрийн худалдан авах ажиллагааны тогтолцоонд хийсэн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд даатгалын компаниуд баталгаа гаргах эрхтэй болсон нь бизнесийн байгууллагуудын санхүүгийн дарамтыг бууруулах, эргэлтийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах чухал өөрчлөлт болсон юм.

-Даатгагчийн баталгааны эрх зүйн орчин хэзээ бүрдсэн бэ?

-Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд 2023 онд орсон өөрчлөлтөөр даатгалын компаниуд төрийн худалдан авах ажиллагаанд баталгаа гаргах эрхтэй болсон. Үүнээс өмнө баталгааг зөвхөн арилжааны банкууд олгодог байсан бол шинэчлэлийн үр дүнд даатгалын салбар энэ зах зээлд нэвтрэх боломж бүрдсэн.

Энэ хүрээнд 2024 оноос “Мөнх даатгал” даатгагчийн баталгааны үйлчилгээг нэвтрүүлж, салбарынхаа анхдагчдын нэг болсон. Эхний жилдээ нийт зах зээлийн 60-70 орчим хувийг дангаар бүрдүүлж байсан бол өнөөдөр салбарын 17 орчим компани энэхүү үйлчилгээг үзүүлж байна.

-Даатгагчийн баталгааны эдийн засгийн гол ач холбогдол юу вэ?

-Даатгагчийн баталгааны үндсэн зорилго нь бизнесийн байгууллагуудын санхүүгийн уян хатан байдлыг нэмэгдүүлэхэд оршиж байна. Өмнө нь компаниуд тендерт оролцохын тулд баталгааны дүнгээр эх үүсвэртэй мөнгөн хөрөнгийг банкан дахь дансанд тендерийн болон ажил гүйцэтгэх хугацаагаар түгждэг байсан нь эргэлтийн хөрөнгөд дарамт учруулдаг байлаа.

Харин даатгагчийн баталгааны үйлчилгээ нэвтэрснээр компаниуд тодорхой хэмжээний хураамж төлөөд баталгаагаа шийдвэрлэж, эргэлтийн хөрөнгөө бизнесийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, төслийн санхүүжилтдээ ашиглах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, энэ үйлчилгээ нь компаниудын хөрөнгийн үр ашигтай менежментийг дэмжиж, тендерийн оролцооны санхүүгийн босгыг бууруулж байгаа юм.

-Танай компани ямар төрлийн баталгаа гаргаж байна вэ?

-Бид тендерийн, гүйцэтгэлийн, урьдчилгаа төлбөрийн болон чанарын гэсэн дөрвөн төрлийн баталгаа гаргаж байна. Тендерийн баталгаа нь оролцогч компани тендерийн хугацаанд саналын үүргээ биелүүлж, шалгарсан тохиолдолд гэрээ байгуулах баталгаа болдог бол гүйцэтгэлийн баталгаа нь гэрээний дагуу ажил, үйлчилгээг хугацаанд нь чанартай гүйцэтгэх санхүүгийн баталгаа бөгөөд гэрээний эрсдэлийг бууруулах ач холбогдолтой.

Урьдчилгаа төлбөрийн баталгаа нь захиалагч талаас олгосон санхүүжилт тухайн төсөлдөө зориулалтын дагуу ашиглагдахыг хамгаалдаг. Энэ нь төслийн санхүүжилтийн сахилга бат, мөнгөн урсгалын хяналтыг сайжруулдаг давуу талтай. Харин чанарын баталгаа нь тухайн ажлын гүйцэтгэл дуусан захиалагч хүлээн авсны дараах зүгшрүүлэх хугацаанд үүсэх эрсдэлийг хамгаалдаг бөгөөд барилгын салбарт эрэлттэй бүтээгдэхүүн болж байна.

Даатгагчийн баталгаа нь зөвхөн нэг талын ашиг сонирхол бус, ажил гүйцэтгэгч болон захиалагч талуудын эрсдэлийн тэнцвэрийг хангаж буй санхүүгийн хэрэгсэл гэж үзэж болно.

-Танай компанийн үйлчилгээний цар хүрээ хэр өргөжиж байна вэ?

-2024 оноос хойш бид нийт 1000 орчим баталгаанд 40 гаруй тэрбум төгрөгийн баталгааг өөрийн эх үүсвэрээр гаргасан. Мөн 100 гаруй төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, яам, агентлаг, төрийн өмчит компаниудад гүйцэтгэгчийн хүсэлтийн дагуу баталгааны үйлчилгээ үзүүлэн хамтран ажиллаж байна. Сүүлийн үед барилгын салбарт чанарын баталгаанд түлхүү төвлөрч байгаа ч тендер, гүйцэтгэл, урьдчилгаа төлбөрийн баталгааг тогтмол гаргасаар байна.

-Цахим үйлчилгээ нэвтрүүлсэн нь ямар өөрчлөлт авчирсан бэ?

-Бид харилцагчийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор баталгааны материалыг бүрэн цахимаар хүлээн авах систем нэвтрүүлсэн. Мөнх даатгалын албан ёсны сайт дээр “Даатгагчийн баталгаа” гэсэн тусгай модуль нэмсэн бөгөөд харилцагчид шаардлагатай материалаа онлайнаар илгээж, ажлын нэг хоногийн дотор хариу авах боломжтой болсон. Энэ нь бизнесүүдийн цаг хугацаа, үйл ажиллагааны зардлыг бууруулж, үйлчилгээний хурд, хүртээмжийг нэмэгдүүлж байна.

-Даатгагчийн баталгаа авахад компаниуд ямар шалгуур хангах шаардлагатай вэ?

-Бид баталгаа гаргахдаа тухайн компанийн санхүүгийн сахилга бат, туршлага, тогтвортой байдлыг голчлон үнэлдэг. Үүнд өр, орлогын харьцаа, өмнө хэрэгжүүлсэн төслүүдийн туршлага, удирдлагын тогтвортой байдал, ижил төрлийн гэрээний гүйцэтгэлийн түүх зэрэг үзүүлэлтүүд орно. Өөрөөр хэлбэл, зөвхөн хөрөнгийн хэмжээ бус, төслийг хэрэгжүүлэх чадамж болон санхүүгийн сахилга хариуцлагыг хамтад нь үнэлдэг гэсэн үг.

-Олон улсын давхар даатгалын шийдэл нэвтрүүлж байгаа талаар дэлгэрүүлэхгүй юу?

– Даатгалын компани бүрт баталгаа гаргах зөвшөөрөлтэй эрхийн хэмжээ гэж байдаг ба баталгаа гаргуулах хүсэлтийн дүн тухайн тендерийн төсвийн дүнгээс хамааран хэлбэлзэж байна. Энэхүү хязгаараас давсан баталгааны эрсдэлийг бид дотоодын давхар даатгалын компанид шилжүүлэн ажиллаж буй ч өндөр дүнтэй Мега төсөл, бүтээн байгуулалтын үед энэ хязгаар хүрэлцэхгүй байх тохиолдол бий. Иймээс бид энэ жилээс олон улсын баталгааны давхар даатгалын зах зээлтэй хамтран ажиллаж эхэлсэн. Ингэснээр тухайн тендерийн төсвийн дүнгээс үл хамааран баталгааны эрсдэлийг олон улсын зах зээлд шилжүүлэх боломж бүрдэж байгаа юм. Энэ нь Монголын бизнесүүдэд илүү том төсөл, бүтээн байгуулалтад оролцох санхүүгийн боломжийг нээж, даатгалын салбарын чадавхыг олон улсын түвшинд ойртуулж буй чухал алхам гэж үзэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

Холбоотой мэдээ