“ОЮУХАЙ-2026” ЯРУУ НАЙРГИЙН ТЭРГҮҮН АЛТАН ЦОМЫГ Б.АЛТАНХУЯГ ӨРГӨЛӨӨ

2026-06-04 2 0
Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 42 дугаар тогтоолоор Төрийн шагналт яруу найрагч Ринчиний Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учралын ивээл дор Р.Чойномын нэрэмжит “Оюухай” яруу найргийн наадам 2026 оны 6 дугаар сарын 3-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт зохион байгуулагдлаа.
Монголын Улсын Төрийн шагналт яруу найрагч Ринчиний Чойномын нэрэмжит Оюухай-2026 яруу найргийн наадамд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын Яамны Соёл урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга, Ринчиний Чойномын 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн дарга Д.Наранцэцэг, Р.Чойномын өвийг хамгаалах Өд сангийн тэргүүн, хэл бичгийн ухааны доктор, Соёлын гавьяат зүтгэлтэн Дорлигийн Ганболд, Хэнтий аймгийн Дархан сумын Засаг дарга Г.Батболд, Р.Чойномын төрсөн дүү Р.Гансүх, охин Ч.Мөнхтэмүүлэн, төрөл төрөгсөд хүрэлцэн ирж, танхим уран зохиолд дуртай, яруу найраг шимтэн сонирхогчоор дүүрсэн байв. Р.Чойномын Гэр музейн үзмэрүүдээс дээжлэн үзэсгэлэн гаргажээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал яруу найргийн наадмыг нээж үг хэлэн, шалгарсан яруу найрагчдад амжилт хүслээ. “Оюухай” наадмын уламжлалын дагуу яруу найрагч Р.Чойномын 1978 онд урлаж, ах Төмөрбатдаа дурсгасан боржигин морин хуурын аялгуу өргөж наадам эхэллээ.
Р.Чойномын нэрэмжит “Оюухай-2025” наадмын тэргүүн байрын шагнал, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Балдансодномын Энхжаргал МЯЛААЛГЫН шүлэг уншив.
Р.Чойномын нэрэмжит “Оюухай-2026” наадмын хоёрдугаар шатанд 28 найрагч шүлгээ уншсанаас:
Тэргүүн байр, “Оюухай” алтан цомын эзэн: Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Балдоржийн Алтанхуяг
Хоёрдугаар байр: залуу яруу найрагч Баярсайханы Энэрэл
Гуравдугаар байр: МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Лхамсүрэнгийн Торой,
Дөрөвдүгээр байр: залуу шүлэгч Пүрэвжалын Намуун
Тавдугаар байр: МЗЭ-ийн шагналт яруу найрагч Эрдэнэбаярын ГАНТУЛГА
Тусгай байр “Алтан Оюухай-1993” наадмын тэргүүн шүлэгч Б.Бат-Оршихын нэрэмжит тусгай байр: МЗЭ-ийн шагналт яруу найрагч Алтанзагасын Түмэнбаяр
Наадмын шүүгчээр Монгол Улсын Ардын багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Лувсандамбын Дашням, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн ректор, профессор Жамъянсүрэнгийн Батбаатар, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Болор цомын эзэн, Хэнтий аймгийн “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдлийн тэргүүн Дэжидмаагийн Галсансүх, Монгол Улсын Их сургуулийн багш, доктор Эдуардын Батжавхлан, Сити их сургуулийн багш, Утга зохиол судлаач, шүүмжлэгч Хойлогдоржийн Чойдогжамц нар ажиллав.
Наадамд оролцсон найрагчид, үзэж сонирхсон үзэгч, уншигч түмэн, хамтран ажилласан байгууллага, хамт олон, нутгийн зон олондоо талархал илэрхийлье.

Холбоотой мэдээ