Хүүхэд бүрийн тэгш боломж, хэлний мэдлэгийн ижил гарааг хангасан Боловсролын ерөнхий хуулийн 6.1 дүгээр заалт

2023-08-30 425 0

Хичээлийн шинэ жил эхэллээ. Монгол Улсын хэмжээнд 859 ерөнхий боловсролын сургуульд 781.178 сурагч суралцана. Тэдний 73900 нь нэгдүгээр ангид элсэж байгаа бол  улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 302226 хүүхэд байгаа аж. Үүний 142798 Улаанбаатар хотын цэцэрлэгүүдэд хамрагдах албан ёсны тоо гарчээ.

2023-2024 оны хичээлийн жилийн онцлог нь Боловсролын ерөнхий хууль батлагдсантай холбоотой “Боловсролын сэргэлт”-ийн хүрээний бодлого, үйл ажиллагаанд СӨБ, ЕБС-иуд, МСҮТ, дээд боловсрол, насан туршийн боловсролын байгууллагууд оролцож эхлэхээрээ түүхэн ач холбогдолтой. Цоо шинэхэн хуулийн үйлчлэл дор үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг. Анх 2002 онд Боловсролын тухай хууль батлагдаад, түүнээс хойш хэд хэдэн удаагийн өөрчлөлт оруулж байсан ч энэ удаад Боловсролын ерөнхий хууль нэрээр цогц шинэчлэлийг хийсэн нь энэ чухал салбарт Шинэ сэргэлтийн бодлогыг тусгахаас гарцаагүй цаг ирсэнтэй шууд холбоотой юм. Долоон бүлэг 48 зүйлтэй байсан хуучин хууль найман бүлэг 45 зүйлтэйгээр батлагдан, хэрэгжээд эхэлсэн. Багш, сурагчийг дэмжсэн ямар гол өөрчлөлтүүд орсныг “Хуулийн хэлээр…” буландаа цувралаар тоймлон хүргэе. Энэ удаад нийгэмд маргаан дагуулж, эцэг эхчүүдийг төдийгүй улс төрчдийг талцуулаад байсан Зургаадугаар заалтыг онцолж байна. Хуулийн төслийн 6.1 дэх хэсгийн заалтад өөрчлөлт оруулахдаа Монгол Улсад боловсрол эзэмшүүлэх сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулна. Сургалтын үндсэн гадаад хэл нь Англи хэл байх бөгөөд эх хэлээрээ суралцах болон бусад хэл суралцах эрхийг үл хөндөнө гэсэн томьёоллоор санал хураахад УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 47 гишүүний 37 нь дэмжиж, 78.7 хувийн саналаар Англи хэлийг үндсэн гадаад хэл болгох заалт дэмжигдсэн юм. Боловсролын ерөнхий хуулийн зургаадугаар зүйлтэй танилцана уу.

ЗУРГААДУГААР ЗҮЙЛ: БОЛОВСРОЛ ЭЗЭМШҮҮЛЭХ СУРГАЛТЫН ХЭЛ

6.1.Монгол Улсад боловсрол эзэмшүүлэх сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулна. Сургалтын үндсэн гадаад хэл нь англи хэл байх бөгөөд эх хэлээрээ суралцах болон бусад гадаад хэл суралцах эрхийг үл хөндөнө.

6.2.Зөвшөөрлийн тухай хууль болон энэ хуульд заасан шаардлагыг хангасан боловсролын сургалтын байгууллага гадаад хэлээр сургалтын үйл ажиллагаа эрхэлж болно.

6.3.Боловсролын сургалтын байгууллага энэ хуулийн 6.4-т заасан агуулгыг монгол хэлээр эзэмшүүлэхээс гадна тухайн боловсролын сургалтын байгууллагын төлөвлөгөөнд заасан гадаад хэлийг судлахад энэ хуулийн 6.1 дэх хэсэг хамаарахгүй.

6.4.Энэ хуулийн 6.2-т заасан боловсролын сургалтын байгууллага суралцагчид монгол хэл, үндэсний бичиг, уран зохиол, монголын түүхийн агуулгыг заавал монгол хэлээр эзэмшүүлнэ.

6.5.Сонсголын бэрхшээлтэй суралцагчид боловсрол эзэмшүүлэх сургалт, үйл ажиллагааг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан дохионы хэлээр явуулна.

Холбоотой мэдээ