- Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдож буй Л.Энх-Амгалан нэн түрүүнд боловсролын ялгаатай байдал, санхүүжилтийн ужгирсан тогтолцоог өөрчлөхөд нэн түрүүнд анхаарч ажиллахаар чуулганы үеэр хэллээ.
Тэрбээр “Боловсролын салбарын ажилтнуудын ажлын үнэлгээ, нийгмийн хангамжийн асуудал маш чухал. Монгол Улсад СӨБ-ын 240 мянган хүүхэд, 37 мянган багш, ЕБС-д 686 мянган сурагч, 34 мянган багш ажиллаж байна. Их, дээд сургуульд 147 мянган оюутан, 7000 орчим багш , МСҮТ-д 37 мянган оюутан сурагчид суралцаж, 2000 багш бий. Би нэг л зүйлийг оролдож үздэг юм уу гэж бодож байна. Боловсролын салбарын санхүүжилтийн асуудлыг тогтолцоогоор нь харах хэрэгтэй юм байна. Улсын төсвөөс 1.7 их наяд төгрөгийг УИХ баталж өгсөн. Энэ нь нийт төсвийн 15.8 хувь буюу бараг дэлхийн дундажид хүрсэн тоо харагддаг. Гэтэл нэг сурагч, нэг хүүхдэд оногдож байгаа зардал 517 мянганхан төгрөг буюу дэлхийн дунджаас хамаагүй бага байгаа. Боловсролын салбарт ирж байгаа 1.7 их наяд төгрөгийн бараг 85 хувь нь урсгал зардалд зарцуулагддаг.
Уг нь урсгал зардал биш сургалтын хөтөлбөр, багш нарын цалин хангамж, нийгмийн хамгаалалд явах ёстой зардал гэж би ойлгодог. Тийм учраас миний хамгийн түрүүнд барьж авах ажил бол боловсролын санхүүжилтийн ужгирсан тогтолцоонд үнэлэлт дүгнэлт хийнэ. Төсвийн мөнгө хүүхдэдээ, багш нарт очих ёстой. Ийм бага цалинтай, нийгмийн баталгаа нь хангагдаагүй багш нараас бид ажлын ямар үр дүн нэхэх вэ. Тиймээс тогтолцоог харах зайлшгүй шаардалага байна.
Теле хичээл, онлайн сургалтууд явуулахад боловсролын маш том ялгаа, тэгш бус байдал үүсэх эрсдэл нүүрлэсэн талаар өнгөрсөн долоо хоногт Л.Цэдэвсүрэн сайд мэдээлэл хийсэн. 170 мянган хүүхэд интернэт, компьютер, тоног төхөөрөмж байхгүй, алслагдсан сум, багт амьдарч байна. Энэ бол маш том тоо. ЕБС-д 68. мянган хүүхэд суралцаж байхад 170 мянга нь хоцрогдол үүсгэж байна гэсэн үг. Энэ мэт миний цаг алдалгүй орж ажиллах олон чухал асуудал бий.
0 cэтгэгдэлтэй