Сэлгээгүй довтлогч

2024-01-10 542 0

Цаг үе өөрийн жаргал, зовлонтойгоо ирдэг. Энэ үнэн шиг алив засаглал, төрийн бодлогыг ард түмний дуусашгүй хүслээс үүдэлтэй шүүмж заавал дагадаг. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг ч төр түмний харилцааны шүүлт тойрдоггүй, дайрдаг. Дэлхий нийтийг хамарсан ханиад тахал болтлоо хүндэрч, хөл хорио, хил хорионд дэлхий нийт хаалгаа барьцгааж асан зовлон гуравхан жилийн өмнөх. Өндөгнөөс эхэлсэн хямрал вакцин хүртлээ томорч ковидын үеийн гэх онцгой дэглэмд шилжихийг цаг үе нь эрхгүй шаардаж байсныг дурдах нь илүүц ч сануулахгүй орхиж үл болно. Энэ мэт зовлон  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын өмнө тулгарч маш хурдтай сэтгэж, маневарлахгүй л бол гал алдаж, олон нийт зайгүй бухимдалд сүрхийн босоход бэлэн болчихсон хатуухан жил болсон юмдаг.

Иргэдээ вакцинжуулах, амны хаалтаар таслахгүй байхаас эхэлсэн бэрхшээл панчаан төдий болж, эдийн засгийн орчин элгээрээ хэвтэж байв. Гадна дотны хөрөнгө оруулагчид дэлхийн хямралд өртөж, үнийн хөөрөгдөл тэнгэрт ойртов. Ажилгүйдэл даамжирч, хариуд нь өрхийн орлого хэцүүдсэн. Бизнесүүд дампуурлаа зарлаж, ЖДҮ эрхлэгчид хаалгаа барьж байв. Өдгөө мартагдах шахсан ийм зовлон бэрхшээл дундуур улс орнууд ухаалаг бодлого, санхүүгийн сахилга баттай алхмаараа цолгорч, Ковидыг дагаж мяарах бус сөрж босох дархлаагаараа битүүхэн өрсөлдөж байв.

Цар тахлын түгшүүртэй зэрэгцэн Монголын улс төр бужигнаж, иргэд талбайд жагсаж, өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх идэр гурван еснөөр Ерөнхий сайдын тамгаа өөрийн хүсэлтээр “хаяж” олныг алмайруулж байв. Ингээд жинхэнэ гал атгах хүндхэн үүрэг Л.Оюун-Эрдэнэд оногдож байлаа. Түүний Ерөнхий сайдын тамгаа аваад хамгийн түрүүнд хийсэн алхам нь сар шинийн хол хорио байсан юм.

Ингээд цагаан сарын хол хорио бага багаар сулрахад Л.Оюун-Эрдэнэ Ковидтой хийх тэмцлийн зургаа хэдийн зураад, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц” төлөвлөгөө гээчийг танилцуулсан нь хүнд үеийг хөнгөхөөн давах хамгийн том хөзөр байлаа. Хөтөлбөр өөрийн үүргээ гүйцэтгэсэн. Үр дүнд нь иргэд вакциндаа бүрэн хамрагдаж, бэрх цагийг өлсөхийн зовлонгүй давсан нь гарцаагүй үнэн.

Тэр бол сэлгээгүй довтлогч аж. Цагийн байдал хүндрэх тусам дараа дараагийн бодлогуудаа багцалж, танилцуулдаг онцгой ур чадвартай тоглогч юм байна. Ковидын сэхээнээс дөнгөж гаруутаа тэрбээр цоо шинэ дүрэм танилцуулсан нь “Шинэ сэргэлтийн бодлого” гээч байв. Ингэж л тэр тоглоомын дүрмээ өөрөө зохиогоод, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гэх өнгөө тодруулж үйл хэрэг, чиг шугамаа татаж байв.

 

Дэлхийн улсууд ханиадандаа сөхөрч байхад Монгол Улс “Шинэ сэргэлтийн бодлого” гээчийг хэрэгжүүлж, гайхашруулсан. Бэрх цагийн дууг дуулж нийтээр хямрах бус давуу талаа олон болгох цараатай бодлогоор урагшилж, сөхөөгүй хэрэгжүүлэх дүрэм барьсан нь өдгөөгийн авлигын эсрэг бодлого. Туйлын хэрэгтэй энэ хатуу бөгөөд хэрэгжүүлэхэд хүнд нөхцөлийг тэр гардан эхлүүлж, зарлан тунхагласан нь цаг үеэ олсон онцгой шийдэл байлаа. Л.Оюун-Эрдэнийн тухайд, хувь улс төрчийнх нь зоригоос хамаарч хэрэгжих Таван Ш ажиллагаа,  Эрдэнэт, Хөтөл, Дархан төмөрлөг, Багануур, Бор-Өндөрийн хувьчлал, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан, Эрүүгийн хуулийн өөрчлөлт, Нийтийн эрх ашгийг хамгаалах хууль, Хөгжлийн банк, Нүүрсний хулгайн хэргийн сонсгол зэрэг нь тэр чигтээ дүрэлзсэн улаан гал байв. Яг хэрэгтэй цагт тэр халуун зориг гаргаад, төрд нүүрлэсэн хулгайчдаа олон нийтэд зарлан харуулж, ямар хэмжээний хулгай хийж чадсаныг нь илчлэн таниулсан нь дэмжигчдээ ч олшруулсан, дайснаа ч бэлдсэн.

Улс төр бол тоглоом. Ямар байршилд зогсох нь улс төрчийн зориг хүчнээс хамаарна. Багаа бүрдүүлээд, танхимаа байгуулчихсан л бол сэлгээгүй довтлогч байх үүргийг хүлээлгэдэг. Тэр энэ үүргээ өнгөрсөн гурван жилийн хугацаанд чадамгай биелүүлэв. Шийдвэр бүр нь довтолгоо байлаа.

Сэлгээнд суух болоогүй шүү, шийдвэрлэх тоглолт хараахан дуусаагүй байна. Үзэгчид тийм амар алга ташихгүй ч  одоо л суудлаасаа өндөлзөж эхэлнэ дээ. Тиймээс дараагийн довтолгоо эхэлтэл амьсгаа дарж байна, одоо хариуцлагын довтолгоог үргэлжлүүл. Тэд шүүхийн аль ч шатанд хэргээ суйлуулдаггүй, хуулийн өмнө тэгш үүрэгтэйг л хармаар байна.

Үргэлжлэл бий…

Холбоотой мэдээ