АН-ын Үндсэн дүрмийн хорооны дарга Б.Мягмардаштай тус намд үүсээд буй асуудлаар ярилцлаа.
-АН-ын Үндсэн дүрмийн хороо (ҮДХ)-ны эрх, үүргийн талаар мэдээлэл, тайлбар өгөхгүй юу?
-ҮДХ нь үндсэн дүрмийг тайлбарлах, сахиулах, мөрдүүлэх, дүрэм зөрчигсдөд хариуцлага тооцох, дүгнэлт гаргах үүрэгтэй. Эндээс гарсан үнэлэлт, дүгнэлтийг намын удирдлага албажуулж, шийтгэл оногдуулдаг зарчимтай. Жишээлбэл, АН-ын ҮДХ нь Үндсэн хуулийн цэцтэй адил, намын дүрэмтэй холбоотой бүхий л асуудлаар эцсийн дүгнэлтийг гаргадаг хороо юм. Энэ хороо нь орон нутгийн 30 салбар нэгжид тус бүр долоон хүнтэйгээр нийт 210 болон дээд бүрэлдэхүүнд 15 гишүүнтэйгээр нийт 225-уулаа ажилладаг. ҮДХ-ны 15 гишүүнтэй бүрэлдэхүүний гуравны нэгд нь дөрвөн жилд нэг удаа өөрчлөлт оруулах дүрэмтэй. Гэтэл С.Эрдэнэ хурал зарлах эрхгүй байтлаа ҮБХ-ны хурлыг нэгдүгээр сарын 10-нд цахимаар зарлаж, ҮДХ-ны дөрвөн хүнийг чөлөөлж, дүрмийн бус тоглолт хийж өөрийн хүнээ томилсон. Мөн тэрбээр 2017 оны хоёрдугаар сарын 12-ноос 2020 оны долдугаар сарын 8 хүртэлх хугацаанд буюу намын дарга байхдаа ҮДХ-ны найман хүнийг сольсон байдаг. Угтаа гуравны нэг буюу тавыг нь л солих эрхтэй байсан. Тодорхой хэлье. Намын дарга биш болсон С.Эрдэнэд намын хурал зарлах, хуралдуулах, хүн солих, дүрмийн бусаар авирлах эрх, үүрэг байхгүй. Өнгөрсөн хугацаанд гаргасан дүрмийн бус бүх шийдвэр хүчингүй.
-АН дотроо хоёр хуваагдсан уу. Яг хэн нь жинхэнэ намын дарга юм бэ?
-УИХ-ын 2020 оны зургадугаар сарын 24-нд сонгууль болж өнгөрсөн. АН-ын Үндсэн дүрэмд маш тодорхой нэг заалт бий. Энгийнээр хэлбэл, “Сонгуульд ялагдсан намын дарга огцорно. Харин ялж, олонх болсон тохиолдолд цааш үргэлжлүүлэн ажиллана” гэсэн Үндсэн дүрмийн заалтын дагуу АН-ын дарга С.Эрдэнэ 2020 оны долдугаар сарын 8-ны өдөр өөрийн биеэр ялагдлаа хүлээн зөвшөөрч, одоогийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, АН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Туваанд албан ёсоор эрх үүргээ, тамгын хамт шилжүүлж өгсөн. Энэ бүх үйл явцыг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж, нүдтэй бүхэн харж, чихтэй бүхэн сонссон шүү дээ. Гэхдээ нэгэнт энэ асуудал утга учиргүй маргаантай байгаа учраас хүн бүрт ойлгомжтой болгох үүднээс нарийн тайлбарлая л даа. ҮДХ-ноос 2020 оны долдугаар сарын 3-ны өдөр сонгуулийн үр дүнгээр АН-ын дарга болон дэд дарга, ЕНБД-ыг огцорсон тухай тайлбар гаргаж, С.Эрдэнийг үүргээ гүйцэтгэж сонгогдсон шинэ даргад эрх үүрэг, тамгаа шилжүүлж өгч болно гэсэн ҮДХ-ны тайлбар гарсан байдаг. Ингээд мөн оны долдугаар сарын 8-ны өдөр Үндсэн дүрмийн заалтын дагуу С.Эрдэнэ нь намын зургаан дэд даргын нэг болох, УИХ-ын гишүүн Ц.Туваанд эрх, үүргээ шилжүүлж буйгаа зарласан. Энэ нь ҮДХ-ны дүгнэлт үүргээ гүйцэтгэж дуусгавар болсон болно. Энэ үйл явдлаас хойш буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр АН-ын X их хурал цахимаар болсон. Гэвч яг энэ хурлын өмнөх өдөр С.Эрдэнэ өөрийгөө намын дарга хэвээр байгаа гэж мэдэгдсэн нь өнөөдрийн үл ойлгогдох асуудлыг гаргаж ирсэн хэрэг.
–Тэгсэн шүү дээ. Өөрийгөө хууль ёсны дарга гэдгээ улсын бүртгэлээр баталгаажуулсан байсан. Өнөөдөр юу болж буйг ойлгохгүй, хэнд нь итгэх ёстой вэ гэдгээ асуусан намын гишүүд олон байх шиг. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-Улсын бүртгэл бол ердөө л гэрчилгээн дээр С.Эрдэнэ гэдэг нэр байдаг. Улс төрийн намын тухай хуулийн дагуу намын дүрэм, журам, түүний нэмэлт, өөрчлөлтийг Дээд шүүх бүртгэж авдаг. Ингээд Дээд шүүхээр албажсаны дараа УБЕГ-аас ердөө гэрчилгээ л олгодог юм. Яах вэ, гэрчилгээн дээр одоохондоо С.Эрдэнийн нэр байгаа байх. Гэвч тэрээр сонгуулийн үр дүнгээр өөрөө эрх, үүргээ шилжүүлсэн гэдгийг маш сайн санах ёстой. Уг нь, УБЕГ-т С.Эрдэнийг очиход Дээд шүүхээс лавлагаа тайлбар авах ёстой байсан баймаар юм. Энэ бол төрийн байгууллагын оролцох асуудал биш юм л даа.
Ерөөс С.Эрдэнэ гэж хүн улсын бүртгэл дээр нэр нь байгаагаа ашиглаж, өөрийгөө намын дарга хэвээр байгаа гэж хүмүүст итгүүлж, ойлгуулж байна. Угтаа өөрөө унаж, үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрч, тахимаа өгсөн шүү дээ. Энийг л маш сайн ойлгох хэрэгтэй. Бас Үндсэн дүрмээ унших нь зүйтэй. АН-ын гишүүд үзэл баримтлал, Үндсэн дүрмээ судалж дагаж, биелүүлэх хэрэгтэй.
-Дараагийн намын даргаа хэзээ тодруулах вэ. Намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд одоо ямар эрх, үүрэг байгаа юм бол?
– Намын даргын эрх үүрэгт 12 эрх, долоон үүрэг тоочсон байдаг. Энэ бүх эрх, үүрэг намын үндсэн дүрмийн дагуу Ц.Туваанд шилжсэн. Намын эрх барих дээд байгууллага нь Их хурал. Их хурлын чөлөөлт цагаар ҮБХ эрх үүргийг хэрэгжүүлж явна. ҮБХ 2020 оны долдугаар сарын 24-нд хуралдаж, Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж тогтоол гаргасан. Ингээд ҮБХ-ны гишүүд намын дүрэмд өөрчлөлт оруулах санал гаргасан. Тухайн хурлаас намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдаж, 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн X Их хурлаар АН-ын ҮД-ийн нэмэлт өөрчлөлтийг Их хурлын төлөөлөгчид баталж, бүртгүүлэхээр Дээд шүүхэд хүргүүлсэн байна. Бүртгэсний дараа намын шинэ даргыг сонгох үйл явц өрнөх байх.
-“Өдрийн сонин” дээр АН-ын дүүрэг, хороодын бөөн тамга алга болсон тухай зарлал гарсан байсан. Энэ ямар учиртай вэ?
-Иргэн С.Эрдэнэ нь 21 аймаг, есөн дүүрэг, нийслэлийн намынх гээд нийт 31 тамгыг үрэгдүүлсэн тухай зарлалыг сонинд зарлуулж, хүчингүй болгохоор оролдож байна. Ингэх ямар ч боломж, үндэслэл байхгүй. АН-ын нэр болон бүтэц өөрчлөгдсөн тохиолдолд л тамгыг өөрчлөх, өмнөхийг нь хүчингүйд тооцох, шинээр хийлгэх шаардлага үүснэ. Тиймээс АН-ын ҮДХ-ноос С.Эрдэнийг Үндсэн дүрмийн 3.9.1.10 болон 3.9.1.15 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзсэн. Улмаар ҮДХ-ны тогтоолын дагуу 2021 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан С.Эрдэнэд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гаргаж, Үндсэн дүрэм зөрчсөн түүнийг намын гишүүний бүртгэлээс найман жилийн хугацаатай хасахаар шийдвэрлэсэн. Нэг л зүйл тодорхой байна. Одоо С.Эрдэнэ гэдэг хүн АН-ын гишүүн бус, иргэн С.Эрдэнэ болсон гэдгийг дахин хэлье.
-АН дотоод асуудлаа даруй засаж, нэгдэн нийлэх тухай ярилцаж болохгүй юу. Хүчтэй сөрөг хүчин байх ёстой ч нэг л дуу хоолой нь сонсогдохгүй юм?
– Дүрмийг гагцхүү ҮДХ л тайлбарлах эрхтэй. С.Эрдэнэ бид хоёр нэгэн цагт хамтран ажиллаж явсан хэдий ч би өөрт оногдсон дүрэм сахиулах үүргийнхээ хүрээнд албан ёсны нам дээр ажиллаж байгаа. Түүнээс ямар шалтгаанаар, яагаад зориуд дүрмийн бус авирлаад яваад байгаа зэрэг нь С.Эрдэнийн өөрийнх нь хувийн асуудал. Гэхдээ яг таг хоёр хуваагдчихсан зүйл байхгүй шүү дээ. Манай залуучууд эвлэлдэн нэгдэж, эвтэй байя гэсэн үзэл санаанд уриалж буй. Төв шуудангийн урд байрлах хоёр давхар намын туг бүхий цэнхэр байр маань АН-ын албан ёсны хаяг, бүртгэлтэй байр.
-Тэгвэл нам дотроо Цэц шиг эрх, үүрэгтэй ажилладаг ҮДХ нь бас хоёр өөр гишүүдтэй, хоёр талд ажиллаад байгаа хэрэг үү. Та яг хууль ёсных нь дарга мөн үү?
-Албан ёсны нам дээр байгаа ҮДХ-ны гишүүд С.Эрдэнийн дүрмийн бус үйл ажиллагааг хянаад, Үндсэн дүрмээ сахиад явж байгаа. Гэтэл тэрбээр ҮДХ-ны гишүүдийг дүрмийн бусаар солихоор оролдож байна. С.Эрдэнийн зарлаад байгаа ҮДХ-ны гишүүд албан ёсных биш. Учир нь ҮДХ-ны дарга миний бие тэргүүтэй 15 гишүүн нь 2017 оны хоёрдугаар сарын 12-нд болсон VII Их хурлаар батлагдаж, дөрвөн жилийн хугацаатай томилогдон, үнэмлэхээ гардан авч, өнөөдрийг хүртэл Үндсэн дүрмээ сахиулан ажиллаж ирсэн. Ерөөс цорын ганц албан ёсны ҮДХ байгаа. Энэ нь VII Их хурлаар батлагдсан хороо гэж ойлгож болно.
Харин иргэн С.Эрдэнэд намын дотоод асуудалд оролцох ямар ч эрх байхгүй болсон гэдгийг ойлгоцгооё. Гэтэл гэв гэнэтхэн л “Гэрчилгээн дээр миний нэр хэвээр байгаа” гэж далим үүсгэн өөртөө хууль бус шинэ тамга хийлгэж авсан. Ингээд тэр тамгаа ашиглан 21 аймаг, есөн дүүрэг, нийслэлийн гээд нийт 31 тамгыг хүчингүй болгох оролдлого хийж байх юм. Энэ бүх үйлдэлд хууль ёсны ҮДХ хуралдаж, тогтоол гаргаж, С.Эрдэнийн гаргасан бүх шийдвэрийг хүчингүй болгосон. Гэтэл С.Эрдэнэ ахиад хууль бус хурал зарлаж, хууль ёсны ҮДХ-ны гишүүдийг солих оролдлого хийж байна. Тэр үнэхээр дүрэмгүй, түрэмгий, дүрмээс гадуур “тоглож” байна. Албан ёсны нам энд байрлаж байна. “Шонхор таур”-т С.Эрдэнийн хувийн, тоглоомын, нам нэртэй цөөхөн хүмүүс байгаа юм билээ. Юу үнэн, энэ үнэн. С.Эрдэнээс энэ дүрмийн бус үйл ажиллагаагаа зогсоохыг хүсэж байна.
1 сэтгэгдэлтэй
2 таарсан хулгайч хүзүү хээрээрээ их нийлээд байсан юм. Хутга шаалцаад эхэлжээ.