Б.Баярцэнгэл

Сэтгэлзүй, сэтгэц хэмжилзүйн үндэсний хүрээлэнгийн сэтгэл судлаач, Нийгмийн сэтгэлзүйн активист. Гэр бүл төлөвлөлт, Гэрлэлт, Салалт, Хүүхдийн сэтгэлзүй, Сэтгэлзүйн бэлтгэжилт бэлэн байдал, Нийгмийн сэтгэлзүйн чиглэлээр мэргэшсэн.

Ковидтой тэмцсэн 10 хоног

2021-05-10 930 1

Надад илэрсэн шинж тэмдэг

Цус маш өтгөн хар хүрэн гэмээр болдог юм билээ. Байнга хөлөрнө. Тэгээд их даарна. Хаа нэгтээ өвддөг газар цочир өвдөнө. Өвддөг ямар нэг газар очоод маш ихээр өвтгөдөг юм билээ. Хамгийн түрүүнд авах ёстой арга хэмжээ бол халуун шингэн зүйл сайн ууж дулаан байх амрах хэрэгтэй. Мөн вирусын эм ууж, хоол сайн идэж амрах хэрэгтэй юм билээ. Хоолой ам, залгиур өвдөж, гашуун амтагдаж, хуурай оргиж, амархан заваарсан мэт мэдрэмж төрдөг.

Бие тэр чигтээ шархирч өвдөн, тархи толгой эргэх бөгөөд зарим хүний хувьд зүрх өвдөх даралт нь ихсэх зэргээр илрэх нь элбэг юм билээ. Дийлэнх нь маш их ханиаж, ханиалгадаа ядарч байгаа харагдана. Цөөн хүнд ханиах, нус гоожих биш өөр нэг биеийн аль нэг эрхтэн өвдөж, үрэвсэж буй мэт хүчтэй өвдөнө. Харин вирусын эмээ ууж эхэлмэгц маргааш нөгөөдрөөс нь тайвширч, үр дүн нь эхлэдэг юм билээ.

Ковид зан чанарыг өөрчилж байв

Миний бодлоор энэ вирус их ухаалаг. Ердийн үед таны юу өвддөг байсан тэр газар очоод наалдчихаад “ажлаа” үнэхээр сайн хийж, таныг ямар их туйлдуулж ядраана гээч. . . Хүмүүс ковидыг ханиад гэж бүү ойлгоосой. Энэ бол цар тахал болсон үнэхээр айхавтар вирус юм билээ. Эмнэлэгт байхдаа надтай адил ханиахгүй, нус нь гоожихгүй, цээж нь өвдөхгүй ирсэн хүн байсан. Харин бөөр болоод зүрх нь өвдөөд ирсэн гэж хэлж байсан. Бас нэг хүний нуруу айхтар их өвдөж хүчтэй ханиалгасаар ирсэн байв. Эмнэлэгт ковидоор өвдсөн хүмүүс өөр хоорондоо биеийн байдлаа хуваалцаж ярьж байхад нэг зүйл анзаарагдсан нь ковид туслаа гэж стресстэж, хямарсан биш харин ковидын вирус нь бидний зан чанар, сэтгэлзүйд нөлөөлөөд байх шиг хэмээцгээж байв.

Учир нь толгой маш их өвдөхөөс гадна нойргүйдүүлж улмаар ойр тойрондоо уурлаж бухимдах хандлагатай болцгоосон байв. Бусдын үг ярианд ч эмзэг мэдрэг болох шинж чанар ажиглагдав. Би ковидыг ойлгох гэж амьхандаа л хичээв. Эмнэлэгт 10 хоноход оройдоо миний нойр хүрэхгүй шөнө дөл хүртэл хөрвөөж, арайхийн унтвал өглөө 5:00 цаг өнгөрөөгөөд сэрчихнэ. Эргээд бага үдэд их унтацгаах юм билээ. Магадгүй бидэнд өгч буй вирусын эсрэг “Арбидол” гэх эм өөрөө шинэ бөгөөд гаж нөлөө нь бараг судлагдаагүй учир тийнхүү унтаж байгаа хүмүүс эмийн нөлөөнд ядарч сульдсан байж болох талаар ч бодож амжив. Тэгтэл сүүлд өөр өрөөнд шилжихэд хамт хэвтэж байсан эмзүйч бүсгүй тэр талаар ярилаа. Эмийн гаж нөлөө их судлагдах тусам сайн эм гэж ойлгох бөгөөд одоогоор энэ шинэ тутам вирусын эмийн дараагийн гаж нөлөөг тааж мэдэхгүй тул ойрын хэдэн жилдээ жирэмслэхгүй байхыг тэрбээр ч зөвлөв.

Ковид өөхний дайсан

PCR-ын шинжилгээ ЭЕРЭГ гарсан өдрөөс эхлэн би гурилан бүтээгдэхүүн идэх, тэр бүүхэл хоолны дуршил таг алга болж эхлэв. Дотроос төөнөж эцээж буй мэт санагдана. Хөнжил дотроо атиран хэвтэж байгаа ч тэргэнд хөллөөд, хүйтэнд мөс чирүүлж буй мэт мэдрэмж төрч, дотроосоо эцэж туйлдаж байлаа. Тамир барагдаж, балга усанд ч усан хулгана болтлоо хөлрөх аж. Нэг мэдсэн 10 кг хассан байв. Эмнэлэгт усанд орох боломжгүй, чийг авах ямар ч нөхцөлгүй атлаа нэг алхахад л хөлс урсаж, 00 орох төдийд ч асгарна. Ойрын хоёр жил хараагүй жиндээ ч очив. Бодоод байхад би халдварын оргил үедээ эмнэлэгт хэвтсэн шиг байгаа юм. Түргэнээр эмнэлгийн хүлээн авах дээр очиж, дугаарлах зуураа даралт ихсэж унахаа шахаж байв. Ковидын халдвараар очсон хүмүүсийн ихэнх нь хөлс чийхрах, бие сульдах, турах гэх мэт шинжтэй байсан. Нэг өрөөнд бүр 12 кг хассан бүсгүй ч байв. Цахим орчинд хөлс их хэмжээгээр гарах, сульдах нь эдгэсний дараа ч арилахгүй нэг хэсэгтээ үргэлжлэх талаар бичсэн байв. Өөх маань миний эрч хүч байсан юм шиг л их тураад их туйлдаж байлаа. Өөхөө санах ч шиг. Одоо хэвийн хооллолтдоо орох гээд л явна. Chubby хүн жамаараа таргалах бизээ.

Үргэлжлэл бий. . .

 

 

Холбоотой мэдээ