Б.ЭНХБАЯР: Бага насны хүүхдийг хөнөөх, хүчиндэх, бэлгийн мөлжлөгт өршөөл үзүүлэхгүй, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн ялыг 25 жил болгож байна

2023-10-11 293 0

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хүүхдийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах хүрээнд нэн яаралтайгаар хуулийн төсөл боловсруулах үүрэг авсан. Энэ асуудлыг урьдчилан байдлаар даваа гарагийн УИХ дахь МАН болон АН-ын бүлгийн хурлаар танилцуулсан. Энэ бол ноорог байсан. Харин Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд, УИХ-д өргөн барих нь зүйтэй гэсэн Хуулийн төслийн талаар танилцуулга хийнэ. Долоо хоногийн гэмт хэргийн статистик мэдээллийн өнөөдөр өглөөний мэдээллийг үзэхэд, сүүлийн долоо хоногт өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад гурван төрлийн мэдээллийн гаралт огцом нэмэгдэж бидний сэтгэлийг түгшээж байна. Нэгдүгээрт, хүн хөнөөх гэмт хэрэг өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад,

  • Амиа хорлох гэмт хэрэг 55 хувиар
  • Хүүхдийн эсрэг гэмт хэрэг 50 хувиар
  • Хүчиндэх гэмт хэрэг 78.9 хувиар өссөн байна.

           Одоо Засгийн газрын хуралдаанаар ялын бодлогын хүрээнд Эрүүгийн хууль тогтоомжид ямар өөрчлөлт оруулахаар шийдвэрлэснийг хүргэж байна. Нэгдүгээрт, бүх насаар хорих ял ноогдуулахаар заасан хэргүүдэд Эрүүгийн хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолдоггүй. Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн хугацааг 20-30 жил болгож байгаа. Бага насны хүүхдийг хөнөөх болон хүчиндэх, бэлгийн мөлжлөг гэсэн хэрэг хөөн хэлэлцэх хугацаагүй болж байна. Хоёрдугаарт, бага насны хүүхдийг хөнөөх, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүндрүүлэх бүрэлдэхүүнд өршөөл үзүүлэхгүй. Гуравдугаарт, эл дөрвөн гэмт хэрэг болон бусдыг санаатай алах, авлига албан тушаалын бүх төрлийн хэрэгт хорих ялыг хугацаанаас өмнө суллахгүй. Бага насны хүүхдийг хөнөөх, хүчиндэх гэмт хэрэгт ялын дээд хэмжээг 20 жил байсныг 25 жил болгож байна” гэв.

Холбоотой мэдээ