АЛТАН ӨД-2022 ЁСЛОЛ БОЛЛОО

2023-02-02 183 0
Монголын зохиолчдын эвлэлээс анх санаачлан зохион байгуулсан уран зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” ёслол энэ жил 21 дэх жилдээ амжилттай боллоо.
Ёслолын ажиллагааг нээж МЗЭ-ийн дарга, СГЗ, Болор цомын эзэн, яруу найрагч Б.Ичинхорлоо үг хэллээ. тэрбээр “Алтан-Өд”-2022 ёслолд хүрэлцэн ирсэн зочдод МЗЭ-ийн “2022 ОНЫ ОНЦЛОХ 10 АЖИЛ”-ыг танилцууллаа.
Мөн Утга зохиолын шинэ үеийн залуусыг тодруулах ШИНЭ ДАВАЛГАА төслийг танилцуулж, АГАСТ ТЭНГЭР, НАНДИР хэвлэлийн компани хэвлэсэн Залуу найруулагч, шүүмжлэгч Э.Дашзэвэг, Залуу яруу найрагч Ц.Номуундарь нарын анхны номын дээжийг Үндэсний Номын санд хандивлалаа.
Яруу найргийн төрөлд 17 бүтээл ирснээс Яруу найрагч Д.Эрдэнэзулайн АВГАЛДАЙН СУУРИН бүтээл шалгарчээ.  Хүүрнэл зохиолын том хэмжээний бүтээлийн төрөлд 7 бүтээл ирснээс Зохиолч Ц.Буянзаяагийн УЛААГЧИН ИНГЭЖ ХЭЛСЭН роман шалгарав.
Хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээлийн төрөлд 11 бүтээл ирснээс Зохиолч, яруу найрагч О.Цэнд-Аюушийн ХҮЙТЭН ТУУЖ ном шалгарч “Алтан-Өд”-ийн эзэн болов.
Баримтат уран зохиолын төрөлд 18 бүтээл ирснээс Зохиолч Ш.Баатарын ХАЙРХААН ном шалгарсан бол Хүүхдийн зохиолын төрөлд 25 бүтээл ирснээс Залуу уран бүтээлч н.Батцэцэгийн Н.НОРОВБАНЗАД зурагт ном шалгарлаа.
Уран зохиолын орчуулгын төрөлд 1769 онд анх бичиж, Лондоны театрт тавьсан Александер Доүгийн ЧИНГИС эмгэнэлт жүжгийн орчуулгаар Хэл бичгийн ухааны доктор, соёл судлаач, орчуулагч М.Саруул-Эрдэнийн бүтээл шалгарч, Утга зохиол, судлал, шүүмжийн төрөлд Зохиолч Ц.Буянзаяа МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛЫН ТҮҮХЭН ТОВЧ 1, 2-р дэвтэр бүтээл тодорлоо. Жүжиг киноны зохиол төрөлд Залуу уран бүтээлч Н.Майдарын ДАСГАЛЖУУЛАГЧ киноны зохиол шалгарсан бол Шог хошин зохиолын төрөлд Зохиолч Д.Жаргалсайханы ТУСААН БУРХАН ном шалгарав.

Холбоотой мэдээ