ЦООЖГҮЙ АЙЛ ШИГ БООМТУУДАА ЦАХИМЖУУЛЖ, “АМЬ ОРУУЛЖ” БАЙНА

2023-02-11 166 0

Монгол Улс далайд гарцгүй ч том гүрэн болсон алтан хөршүүдтэйгээ харилцах хилийн 46 боомттой. Үүнээс

– ОХУ-тай хиллэдэг хэсэгт 29, БНХАУ-тай хиллэдэг хэсэгт 13, Агаарын замын боомт 4 бий гэх тоо байна.

Монгол Улсад олон улсын ажиллагаатай 14, хоёр талын байнгын ажиллагаатай 11, хоёр талын түр буюу улирлын ажиллагаатай 14, дамжин өнгөрөх 7 боомт байхаар заагдсанаас авто замын 39, төмөр замын 3, агаарын замын 4 боомт байна.

Эдгээр боомтуудаас Монгол-Оросын хил байрлах 19 боомтын дэд бүтэц бүрдээгүйн улмаас 1994 оноос хойш ажиллаагүй байна.

Өнөөдөр нэгэн чихэнд чимэгтэй үйл явдал болж байна. Юу гэвээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Монгол Улс хилийн боомтуудаа цахимжуулсан гэдгээ мэдэгдэж байна. Мөн ыбас нэгэн таатай мэдээллийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн нь “Монгол Улсын Засгийн газар хилийн боомтуудаа цаашид шат дараатай хөгжүүлэн, тохижуулж, амь оруулаад, бодлогоор сэргээнэ” гэлээ.

Энэ алсын хараагаа бататган Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа нар Гаалийн ерөнхий газарт ажиллаж, “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд хийж буй ажлуудтай танилцлаа. Энэ үеэр ГЕГ-ын Цахим удирдлагын төвийн үйл ажиллагааг албан ёсоор нээв. Тус төвийг ажиллуулснаар гаалийн 18 газар хороо, 29 боомт, 115 гаалийн хяналтын бүсийн камерын  хяналтын системийг нэг дороос удирдлагаар хангах, хянах боломж бүрдэж байгаа аж. Дараа нь Гаалийн төв лабораторийн үйл ажиллагаатай танилцав.

Монгол Улс боомтуудаа эзэнгүй айл шиг орхичихсон байсан нь нууц биш. Хилийн боомтуудад ажиллах хүн, хүч, техник хэрэгсэл, хараа хяналт, хангамж анхаарлаа ч сулруулсан байсныг хэн хэнгүй хэлдэг. Тэгвэл “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд ийнхүү улсынхаа үүд хаалгыг цоож, цуургатай болгож байгаа нь алга ташмаар үйл хэрэг яахын аргагүй мөн. Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй байхын хамгийн чухал үндэс нь боомтуудынхаа хүчин чадлыг нэмэх, өнгө үзэмж, барилга байгууламжийг сайжруулах, орчин үеийн дэвшилтэд технологит холбох, нэгдсэн бодлогоор хөгжүүлэх юм. Монгол Улсын боомтын тоо, байршил, хөрш орнуудтай хиллэдэг байдал зэрэгтэй доор мэдээллээс танилцаарай.

МОНГОЛ-ХЯТАДЫН ХИЛИЙН БООМТУУД:

-Олон улсын зорчигч, ачаа тээврийн харилцааны зориулалттай байнгын ажиллагаатай Булган-Такашикен, Замын-Үүд-Эрээний төмөр зам, Замын-Үүд-Эрээний авто зам, Бичигт-Зүүн хатавч;

-Олон улсын зорчигч, ачаа тээврийн харилцааны зориулалттай түр ажиллагаатай Сүмбэр-Рашаан;

-Хоёр талын тээврийн зориулалттай байнгын ажиллагаатай Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганц мод;

-Түр буюу улирлын ажиллагаатай Даян-Хуншаньзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Ханги-Мандал, Баянхошуу-Өвдөг, Хавирга-Архашаат гэсэн 6, бүгд 13 боомт байдгаас Баян-Өлгий, Говь-Алтай, Сүхбаатарт тус бүр 1, Өмнөговь, Ховдод тус бүр 2, Дорнод, Дорноговьд тус бүр 3 нь байрладаг.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 102 дугаар тогтоолоор Гашуунсухайт, Шивээхүрэн боомтыг 24 цагийн ажиллагаатай олон улсын боомт болгох, Булган боомтыг 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн байнгын ажиллагаанд шилжүүлэх, 2014 оны 46 дугаар тогтоолоор Хавирга, Баянхошуу, Ханги, Бургастай боомтуудыг байнгын ажиллагаанд шилжүүлэх шийдвэр гарсан.

2010 оны 7 дугаар сард болсон Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах газрын дарга нарын түвшний уулзалтын механизмын хоёрдугаар уулзалтын Протоколоор Өмнөговь аймгийн хэсэгт Цагаан дэл Уул-Өлзий боомтыг шинээр нээн ажиллуулах асуудлыг хоёр улсын дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангасны дараагаар дипломат шугамаар харилцан тохиролцохоор шийдвэрлэсэн.

МОНГОЛ-ОРОСЫН ХИЛИЙН БООМТУУД:

-Олон улсын зорчигч, ачаа тээврийн харилцааны зориулалттай байнгын ажиллагаатай Сүхбаатар-Наушки, Алтанбулаг-Хиагт, Цагааннуур-Ташанта, Эрээнцав-Соловьевск, Боршоо-Хандгайт;

-Хоёр талын зорчигч, ачаа тээврийн зориулалттай байнгын ажиллагаатай Тэс-Шарсуурь, Арцсуурь-Цагаантолгой, Ханх-Монд, Бага-Илэнх-Айнек, Зэлтэр-Желтура, Агацын гол-Алтан, Ульхан-Дээд Ульхан, Эрээнцав-Соловьевск /төмөр зам/;

-Түр буюу улирлын ажиллагаатай Баянзүрх-Тарис, Шишгэд гол-Ушь Бэлдир, Хээгт-Санага, Хонгор овоо-Боций, Цагаан-Арал-Наушки, Хутаг-Өндөр-Киран, Хүдэр-Цагаанчулуутай, Тогтор-Өвөртогтор, Ямалхын гол-Новый Дурулгүй;

-Дамжин өнгөрөх Асгатын гол-Аспайт, Бөхмөрөн-Кызылхая, Харигийн гол-Мугур Аксы, Тээл-Хандгайт, Тээл-Торгалыг, Давст-Сарыг Холь, Тэс-Сарыг Холь гэсэн 7 бүгд 29 боомт байдгаас Булган, Завхан, Хэнтий аймаг тус бүрт 1, Баян-Өлгий аймагт 2, Хөвсгөлд 4, Дорнод аймагт 5, Сэлэнгэ аймагт 7, Увс аймагт 8 байрладаг.

АГААРЫН ЗАМЫН ХИЛИЙН БООМТУУД:

-Олон улсын зорчигч, ачаа тээврийн харилцааны зориулалттай, агаарын замын Буянт-Ухаа, Өлгий, Чойбалсан, Ховд гэсэн 4 боомт байдгаас Улаанбаатар хот, Баян-Өлгий, Дорнод, Ховд аймагт тус тус байрладаг. Үүнээс Буянт-Ухаа боомт одоогийн байдлаар ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ