А.Эрдэнэжаргал: Умайн хүзүүний хорт хавдар эрт үедээ ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй тул заавал эрт илрүүлэгт хамрагдаарай

2023-01-23 196 0

Эмч зөвлөж байна

ХСҮТ-ийн ЭМЗТ-ийн эмч, Хавдрын тэргүүлэх зэргийн эмч А.Эрдэнэжаргал “Умайн хүзүүний хорт хавдар эрт үедээ ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй учраас охид, бүсгүйчүүд маань заавал эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдаж энэ хавдраас сэргийлэх боломжтой”-г анхааруулж, дараах зөвлөгөөг өгч байна.


Тэрбээр “Умайн хүзүүний хорт хавдар нь эрт үедээ ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй. Энэ нь вирусээр үүсгэгдэн бий болдог. Харин энэхүү вирус нь тодорхой хугацаанд бэлгийн замаар халдварлагдаад хүний биед ордог. Хүний биед орсон вирус нь тухайн хүний дархлааны шинж чанараас хамаараад эхний 1-2 жилдээ бүрэн ангижрах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн хүн дархлаа сайтай бол шүү дээ.

Харин тэрхүү харьцангуй вирус нь тухайн хүний биед хадгалагдаад байгаа тохиолдолд вирусээр үүсгэгдсэн умайн хүзүүний хавдрын урьдал өвчин гэж үүсдэг. Энэ нь ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй, эс дотор гарсан өөрчлөлт учраас үзлэгээр ч илрэхгүй тохиолдол байдаг. Гагцхүү эсийн болон эдийн шинжилгээгээр хавдар болон хавдрын урьдал өвчний өөрчлөлттэй эсэхийг микроскопоор тухайн эсийг харж байж ялгана. Түүнээс нүдээр хараад ялгах боломжгүй. Тиймээс охид, бүсгүйчүүд маань заавал эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдаж байж л энэ хавдраас сэргийлэх боломжтой” гэлээ.

 

Холбоотой мэдээ