Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Авлигатай тэмцэх “Шил” ажиллагааг эрчимжүүлэхэд E-Business платформ үүргээ гүйцэтгэнэ

2023-04-06 451 0

Засгийн газраас бизнес эрхлэгчдэд зориулсан E-Business платформыг өнөөдөр нээлээ.

Е-Business платформд хуулийн этгээдтэй холбоотой 417 тусгай зөвшөөрөл, 42 лавлагаа тодорхойлолт, 226 төрийн үйлчилгээ, нийт 685 үйлчилгээг нэвтрүүлж байна.

Энэ платформ нээгдсэнээр ААН шинээр байгуулахад хуулийн этгээдийн нэр авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, эд хөрөнгийн жагсаалтаа бүртгүүлэх, цахим гэрчилгээ авах, тамганы хяналтын хуудас илгээх зэрэг үйл явцыг цахимаар шийдэх боломж бүрдэж буй юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “И Монгол платформ 1.5 сая орчим хэрэглэгчтэй болсон байна. Өнөөдөр И Монгол платформ E-Business цэс нээгдэж байна. Е-Business платформ нээгдсэнээр гадаадын улсаас Монголын бизнес, эдийн засгийн салбарт оролцогч байх боломж бүрдэж байна. Компани байгуулахаар татвар, улсын бүртгэлийн байгууллага дээр очдог байсан бол одоо гар утас руугаа ороход хангалттай болж байна.

Засгийн газрын гол байр суурь бол хүнтэй шууд нүүр тулахгүйгээр технологийн дэвшилд тулгуурлан хүнд суртлыг багасгах зорилт тавьж байгаа. Энэ нь хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд чухал юм. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа  Авлигатай тэмцэх “Шил” ажиллагааг эрчимжүүлэхэд энэ флатформ үүргээ гүйцэтгэнэ.

E-Business цэс бол дөнгөж эхлэл. Цаашид хөгжүүлэлт хийнэ. Хувийн хэвшлийнхэн маань E-Business цэсийг хэрхэн хөгжүүлэх, үйлчилгээ авахад ямар асуудал үүсэж байгаа талаар 11-11 төв рүү утасдаад, бидэнд мэдэгдэж болно.

Цахим Монгол, авлигагүй Монгол, Шилэн Монгол Улс болоход иргэн таны оруулж чадах хамгийн том хувь нэмэр бол тоон гарын үсгээ авах юм. Одоогоор 600 орчим мянган хүн авсан байна. Оны эцэст 1.5 сая хэрэглэгчийг тоон үсэгтэй болгож чадвал энэ бол цахим хувьсгал болно. Тоон гарын үсэг авснаар та заавал нотариат дээр очих албагүй, орон нутгаас Улаанбаатарт ирж үйлчилгээ авах шаардлагагүй болно. Цаашлаад цахимаар сонгууль өгөх боломж бүрдэнэ. Та тоон гарын үсгээрээ хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад бизнесийн бүх баримт бичгүүдийг баталгаажуулах боломжтой. Иргэд бүгд цахим гарын үсэгтэй болвол төрийн үйлчилгээг и-мэйлээр хүргэх боломж бүрдэнэ. Тиймээс иргэн, ААН-үүддээ тоон гарын үсгээ авахыг уриаллаа.

Холбоотой мэдээ