Цуургагүй сэтгэлтэй, дүрэлзсэн гал шиг эр зоригтой буриад залуу чамд баярлалаа

2023-04-11 698 1

                   Орос монголын хилийн зурвасыг “сахиж” амьдардаг буриад залуу чиний тусч, халуун сэтгэлийг хэзээд санана

Дорнод аймгийн Баяндун сумын нутаг, Түргэн багийн наахна явж таарлаа. Хэдэн талаас тэнгэр баганадсан, тортогтой  хар утаа хуйларч, доороос нь улаан гал цоролзон  дүрэлзэх ажээ. Хүчтэй салхины чимээ шиг  хүнгэнэн дүрэлзэх  ой, хээрийн түймэр  байгаа бүхнийг хуу хамах юм. Салхины чиглэл өөрчлөгдөх бүрд улаан гал хуйларч, бүр ч хүчтэйгээр дүрэлзэнэ. Гал гарч буй зүг рүү дэнхэл донхолтой замаар бүдчүүлж яваад намагт суучихлаа, унаж яваа жижиг тэрэг маань. Хаашаа ч гарах боломжгүй намагт шигджээ. Шавар машины дөрвөн дугуйг  доош сорж, урагшаа ч үгүй, хойшоо ч үгүй тэхий голд гүн шигдээд байв. Дорнод Матадын тал хэдэн өдөр шатаад, яг энэхэн цагт бидний нам гацчихсан уулын өвөр бэлд гурван талаас эрчилсэн их гал дүрэлзэн ойртсоор…

“Үндэсний шуудан” сонины зураглаач, зурагчин, жолооч, сэтгүүлч гээд бид тавуул яг үнэндээ яах учраа олж ядан хий дэмий сандарцгаав. Арай энэ их дүрэлзсэн их гал нөмрөөд ирэх юм биш байгаа гэх айдас зүрх түгшээнэ. Галд бүслэгдсэн бид ийнхүү  сандарч, дэмий л дугуй далд ортол шаварт зоогдчихсон машиныхаа хойно урд гарцгааж, тэртээ уулын утаа, гал хоёр хэрхэн богино хугацаанд газар “идэж” байгааг харцгаана. Гэтэл тэртээ эрчил түймрийн зүүн хаяагаар нэг мотоциклийн гэрэл сүүтйив. Лааны дөл шиг хөх гэрэл нэг алсарч, нэг наашлах нь тэр гэх тэмдэггүй ажээ. Бид ч гар, цамц, куртик зэргээр савчлан даллав.

Арваад минутын дараа хөө тортог болсон улаан мотоцикльтой хоёр залуу бидний дэргэд ирж зогслоо. Нутгийн залуусын барааг хараад бидний баярласныг юу гэхэв. Ийнхүү түүнтэй бид хилийн зурваст биш галын зурваст анх таарсан юм. Хөвөнтэй саарал дээлийг шаргал дурдан бүсний энгээр ороожээ. Хэн болох нь танигдахгүй болтлоо халтайж, бүчилсэн малгайн цаанаас цоргисон, үнэн харц гэрэлтэнэ. Зуузайг нь тэвхийтэл татсан бакал шавар, тоос, хөө, тортогт дарагджээ. Харваас ууланд ассан гал дундаас сөхөөгүй, давхиад ирсэн нь илт.

“Уулын ийм ам хамгийн аюултай. Гурван талд чинь түймэр асаж байхад яасан зоригтой шавар, ус туулдаг юм. Аваарын гэрлээ асаачихсан машин Дунгийн хөндийн тэг дундаас хөдлөхгүй болохоор нь наашиллаа. Салхи та нарын зүг рүү эргэхтэй зэрэгцээд л давхичихлаа. Манай ойр орчмынхон түймэр унтраахаар тээр уулын чанх ар дээр үзэж тарж байна. Юутай ч машинаа татаж гаргах ая бодоё” гэж намуухан  яриад сая нэг өөрийн биеэр ирсэндээ санаа нь амрав уу гэлтэй мэнд мэдэв.

Улаанбаатараас түймрийн сурвалжилга хийхээр явааг сонсоод “За тэр, сонин, телевиз, сурвалжилга, ярилцлага чинь яах вэ, эхлээд энэ галын захаас машин, техникээ аврахыг бодсон нь дээр. Бодвол хувийн унаа, тэрэг биш л байлгүй. Албаны унаа машин шатаачихвал, та нар төлнө биз дээ. Дорвитойхон татлага олс бий юү. Том машин дуудахгүй бол горьгүй нь ээ. Ойрд манай нутагт ширгэж, хатсан булаг шанд хэд хэдээрээ ундарч байгаа. Та нарын гацчихаад байгаа энэ намаг бол ширгэчихээд байсан булаг гурван хоногийн өмнө ундарсан нь энэ. Та нар шинэхэн оргилсон булагт суучихлаа.  Мөн ч хэцүүджээ” хэмээн ярьсаар түймрийн голомтод яваа бусад руугаа ээлжлэн залгаж байв. Ашгүй хээрийн салхи эргэж, гал түймрийн аюул саахалтын зайд ирээд эрч нь саарч, өөр зүг рүү түймэрдэн одов.

Яг энэ үест нүд цуцам талд өдөржин “уяатай” өнжсөн нар Дун уулын цаагуур шингэхээр яарч, уудам талын жавар жихүүхэн, сэр сэр салхи л цуцахаа мэдэхгүй сэрвэлзэх нь таатай ч юм шиг, таагүй ч юм шиг. Ц.Цэдэн-Иш салхины эрч саарах төдийхөнд нүд нь гялсхийн, царайд нь гэгээ татаж, их түймрийн зүг алсхан ширтээд “За байз, түймэр ч дийлдэхээ байлаа шүү. Өнөө шөнөдөө л цурмаа алдахгүй маначихвал маргаашийн нар “Халиун” уулын оройгоос мандчих гээд байна шүү” хэмээн сэтгэл нь гэгэлзэх юм. Дээлийнх нь хормой салхинд ялимгүй дэрвэх төдийд л “Уулын ам аюултай шүү. Салхи хургачихаад яах ийхийн зуургүй бүхнийг түймэрдчихдэг юм. Удахгүй машин ирнэ. Тэр болтол даарахгүй байхыг бод” гэж хэлээд хятад мотоциклийнхоо суудал дээр тэгнэн бодолхийлэв. Тэгснээ гэнэтхэн л…дээлийнхээ ханцуй, энгэр орчмыг шударч, хэдэнтээ гөвөөд

Алсын газрын зэрэглээ нь хө

Адуу шиг мал шиг торолзоно

Алиа хонгор хүүгийнхээ

Аашыг нь бодохоор баярлана хө…хэмээн исгэрүүллээ. Тэртээ нүдний үзүүрт ханарч, дүнхийх Халиун уул, Дун уултай зэрэгцэн хүүшлэх нь Буриад хар хүүгийн исгэрээнд тун ч гоёхон цэнхэртэнэ. Гэвч энгэр бэлийг нь түймэрдэх хар утаа сэтгэлд үүссэн аз жаргалыг хормын зуурт үргээх нь гаслантай.

“Энэ түймэр юунаас болж гарав. Бэлчээр сүйдчихлээ дээ” хэмээн малчин залуугаас үг унагах санаатай яриа өдтөл “Тэнгэр дэлэгнэхийг л хүлээнэ дээ. Хуурайшилттай байсан хөрс түймрийн халуун цурманд олон зуун га-гаар сүйдчихээр ямар олиг байх вэ. Буриад зоныг модгүйгээр төсөөлөхөд бэрх. Ойн нөөцөө галд өргөчихлөө. Тал газрын өвс бол эргээд сэргэх нь амархан. Харин уулын ой 10-20 жилдээ нөхөн сэргээгдэхгүй, хэцүү” хэмээн санаа алдаад тэртээ харанхуйн захад цайвалзан наашлах гэрлийн зүг хараа бэлчээв. Буриад залуу өндийн босоод “Машиныхаа аваарын гэрлийг татаарай, машин ирж явна. За ашгүй, түймэр наашлахаас урьтаж машинаа шавраас гаргачихвал миний ирсний хэрэг бүтэх гээд байна шүү” гэсээр хөөрцөглөх нь аанай л хүүхэд шиг. Түүний баярлах, гуниглах нь хүртэл юутай дураар вэ. Холыг дөтөлсөн машины дуу наашлан наашилсаар давхиад ирэх нь өнөөх Д.Нямсүрэнгийн

Одод тодрох нь сарны ойролцоо илүү сайхан

Онгон талд адуу минь байх шиг сайхан

Он цагийн гурван марал бодол зөгнөх сайхан

Ондоо гарагийн хөлөг ирж явах шиг сайхан…мэт зол баяр зүрхэнд “ургуулна”.

Хөв хөх үдшийн тэнгэр дор хэдэн морьтой хүн дөрөө харшуулах шиг болоод аниргүй хөдөө талд залуус хүнгэнэлдэн инээх нь инээж, хашхирах нь хашхирсаар шаварт булгийн тэхий дунд суучихсан бидний машиныг суга татан гаргах нь түймрийн голомтоос биднийг зорин ирсэн арав гаруй харчуулын түрлэг ээ. Хүдэр, бадриун эрчүүдийн хүнгэнэж, биендээ эр бяраа гайхуулцгаан мар мар инээлдэх ажээ. “Хоосон хийрхэл, цэцэн мэдэмхийрэл, эгоны хүлээсгүй эрх чөлөө, эр хүн шиг эр хүн байх, тусч, хүнлэг амьдрах, дэм дэмэндээ жаргах гайхамшиг буйд, алсын хөдөөд л жинхэнэ мөн чанараараа байна даа” гэх бодол  өөрийн эрхгүй тэр үед төрж байлаа.  Ингээд л бид хамтын хүчээр шавраас сугарч, их түймрийн зүг бараа бараандаа хөдөлцгөөлөө.

Машинтай, мотоцикльтой  нутгийн залуус хоорондоо уралдан давхих ажээ. 20 гаруй км газар давхисаар Халиун уулын архан талд асаж буй цурмын голомтод бууцгаалаа. Дөрвөн шөнө нойргүй, их түймэртэй тэмцэлдэж буй залуусын нүд улайж, дээл, гутал, малгай гээд өмссөн бүхэнд нь галын оч үсэрхийлж, энд тэнд нь умайж түлэгджээ. Энд 60 орчим залуучууд өөрсдийн мотоциклиор ийш тийш сүлжилдэн байх нь нүдэнд үл гүйцэгдэнэ. Мотоциклийнхоо ард сундаллаж, хоёр хоёроороо суусан залуус давхисаар улаан гал дундуур зүсээд л  гараад ирэх юм. Дэлхийн шилдэг кинон дээр жүжигчид нь гал дундаас гарч ирдэг шиг  л  дүр зураг харагдана. Гал дундуур гарах нь бүү хэл цурмын үзүүрт очиход л төөнөсөн илчинд нь түлэгдмээр байсныг энд онцлох хэрэгтэй болов уу. Монгол эр хүний эрэмгий зориг ийм л нөхцөлд тодрон тодордог нь байгаль эхийн эрчүүдэд тусгайлан хүртээсэн онцгой шан  гэмээр.

Шөнийн талд түймэр асах нь сүртэй харагдана. Энд тэнд улаан гал дүрэлзээд шөнө өдөр шиг гэрэлтэх ажээ. Нүүр галын дөлөнд халуу оргин, өмсөж яваа хувцас бие түлчих шахан хайрч, шатсан борог өвсны гашуун утаанд хоолой ам хорсож, нүднээс нулимас хацар даган урсах юм.  Нутгийн залуус урт модонд хаймар уячихжээ. Асаж буй галыг хэдэн талаас нь “балбах” юм. “Хүүш наад галаа алдлаа. Тэнд гал асаа эхэллээ. Хурдан яваад унтраагаарай” хэмээн хашхирах чимээ энд тэндээс сонсогдоно. Салхи нэмэгдэх тусам гал нэмэгдэнэ. Тэртээх уулын энгэрийн нурамнаас гал алдчихлаа. Хуурай өвс яах ийхийн зуургүй л дүрэлзэн асах юм. “Ээ тэнд гал алдчихлаа. Ямар баларсан юм бэ. Хурдлаарай. Тэнд гал асах байна” гээд шөнийн харанхуй дундаас  хашхиралдана. Бас мотоцикльтой залуус сүлжилдэн давхих ажээ. Тэд ассан галыг арай гэж дарж авцгаалаа. Олуулаа нэгэн зэрэг хэдэн талаас нь асаж буй түймрийг бүсэлж аваагүй байсан бол хэдэн ч га газар тэр шөнө шатах байсныг таашгүй. Шөнөжин цурмаа  алдахгүй гэж борви бохис хийлгүй гал унтраасан залуус салхи тогтохтой зэрэгцэн   сая л нэг амсхийцгээв.

Нөгөөх хэдэн талаас сэвэлзээд байсан салхи юу болов гэмээр нам гүм боллоо.  03:50 цаг. Үүр хаяарах дөхжээ. Тэнгэрийн одод тэмдэгрэх төдий гялалзаад шөнөжин ассан түймрийн саарал утаат үүлсийн цаагуур ороод алсрав. Дуниартсан шаргал тал ганцхан шөнийн дотор нэлдээ харлаж, хаа нэг тонголзох залуус утаа май уугиж буй хэсэгт ямар нэгэн зүйл шалгаж алхах нь цогшсон аргал, шаваг эргүүлж яваа нь тэр ээ. Ай хөөрхий…гэхээс өөр аманд орж ирэх үгс даанч дутна.  Нар тэртээх зүүн уулын сугаар тэнгэрт бүлээн элчээ ээн мандлаа. Нарны гэрэлд  гал унтраахдаа ашигласан багажаа мөрөн дээрээ тавьсан залуус хэдэн талаас ирцгээх ажээ. Нүүр нь тортог болж, нүд, шүд нь гялалзана. Өмсөж яваа дээл, бүх, малгай нь галд түлэгдэж, тортогт дарагджээ.

Тэд бие биенийгээ шоолон хөгжилтэй алхах нь мандаж буй нарны туяанд сүртэйхэн харагдах юм билээ. Сүлжилдэн, давхисан  мотоцикльтой залуус хаашаа ч юм одоцгоожээ. Яг л талын цагаан зээр цахилан одох шиг нам гүм ноёлох. Тэртээ тал үнс нурмандаа дарагдан хав хар харагдаж, гол зурах юм. Бас бүрэн шатаж дуусаагүй халуун нурман дунд хоёр цагаан зээр бүлтэлзэн зогсох нь нэн өрөвдөлтэй. Энэ бүхнийг ажин түжин дундаас ганцаар мэдрэх нь их хотын шуугиант амьдралаас ангид орших зурвасхан чөлөө мэт ажээ. Энгэр заамаар салхи дураар сэвшин жихүүцүүлэх нь юутай сайхан бэ. Ийм салхи, энэ уудам тал, тийм зоригт залуус, цурманд ч оромгүй халуун сэтгэл монголынх гэж бодох түүнээс ч сайхан.

Ийн бодсоор харласан талаас шатаагүй үлдсэн өвсний нэгээхэн ширхэгийг олох нь сэтгэлд үүссэн баяр, гунигийн учир шалтгааныг оношлон мэдсэн шиг хөөр баяр ажээ. Тэртээ талаас тортог шингэсэн дээлийнхээ хормойг салхинд дэрвүүлэн наашлах залуугийн бараа юутай тодхон.

“Ядарсан уу. Энүүхэн урагшаа манай дүүгийнх бий. Очиж цайлцгаая” хэмээн биднийг дагуулах түүнд “Шаварт суучихаад яахаа мэдэхгүй хээр гацчихаад байхад уулын аманд орхиогүйд, нутгийн залуусын хүчийг нэгтгэж шөнөжин ассан их түймрийг унтраах их үйлсийг гардан зохион байгуулсанд баярлалаа” гэж хэлж амжилгүй машиндаа дэрхийн суугаад араас нь давхицгаав.

Арав орчим км явсаар зорьсон айлдаа ирэв. Гэрийн эзэн ч мөн түймэрт дайчлагдсан бөгөөд бидэнтэй зэрэгцэн орж иржээ. Бидний амийг аварч, шөнөжин гал унтраасан залууг  Ц.Цэдэн-Иш гэдэг юм байна. Хоорондоо танилцаж, нэрээ мэдэлцэх ч завгүй явжээ. Тэрбээр  аяга цай ч бүтэн уулгүй дээлээ сольж өмсөөд “Сум орохгүй бол горьгүй нь ээ. Энэ хүмүүсийн дугуй хагарсан байна. Сумын сэлбэгийн дэлгүүрээс олгой олж ирж өгөхгүй бол холын хүмүүсийн ажил зогсоно” хэмээн сандарч яаруулсаар гарч одов.

“Хүүе” гэхийн зуурт шурхийн гарч өнөөх хань, нөхөр нь болсон мотоциклио асаан тоос татуулан алга болов. Хагарсан дугуйгаа бүтэн болж ирэхийг нь хүлээхээс өөр аргагүй бид Ц.Цэдэн-Ишийн дүүгийн гэрт хэвтэх нь хэвтэж, босох нь босож, суух нь сууцгаана. Ингэхдээ буриад талхыг элсэн чихэртэй ханьсуулан идэцгээж, өлсөхийн завсаргүй “жаргав”.

Өглөө эртлэн Баяндун сум руу давхисан Ц.Цэдэн-Иш их үдийн хэрд гэрийн гадаа буулаа. Бид яг л аав, ээжийгээ ажлаас ирэхийг нь хүлээж байсан, чихэр горьдсон жаалууд шиг түүнийг тослоо. Тэр хагарч, хий нь шамбийсан дугуйг маань бүтэн болгоод иржээ. Хүний сайхан сэтгэл ээ гэж юутай, өгөөмөр, цуургагүй юм бэ.

…Ц.Цэдэн-Иш гэх нүд нь гэрэлтсэн хээгүй, сайхан буриад залуугийнхаас бид хагархай дугуйгаа бүтэн болгоод, ирсэн хэргээ бүтээгээд гарав. Ирсэн гийчин буцдаг ёсоор аяны замдаа дөрөө жийв. Даллан далласаар хоцрох түүнийг эргээд харвал “Сааталгүй сайн яваарай. Эргээд ирэхэд чинь булаг шиг, дайраад ирэхэд чинь далай шиг угтана аа” хэмээн байв. Машин унаагаа “бүтэн” болгоод авсан бид уужиртал урт амьсгаа аваад хөдөлбөл,

…Холын газрын зэрэглээ нь хө

Хонь шиг мал шиг торолзоно хө

Хонгор жаахан хүүгээ

Холоос ирэхэд баярлана хө гэх дуу машины хөгжимд уянгалж Дорнодын талд шингэх шиг болов. 

…Тэнгэр газрын завсарт тэмдэгт нэгэн уул бий. Саахалтын газраас бараа нь саран мэт дүнхийх. Салхи исгэрэх нь уудам талд ч бэлд нь ойртох төдийд л Буйрын хөх хясаа шиг салхи хүнгэнэдэг энэ хайрханг Дун уул гэнэ. Ц.Цэдэн-Ишийн хэлснээр тэр бол салхит уул. “Сайн сонсоод үз дээ. Салхи л сэр сэр хийнэ дээ” гэж ярих Ц.Цэдэн-Ишийн бэлд нь амьдардаг нөмөртэй уул. Ийнхүү дун уулын тухай эргэцүүлсээр Баяндунгийн талд зээрийн сүрэгтэй хурд нийлүүлэн давхисаар бид Баян-Уул сум руу дөхсөн билээ. “Түмний дундаас онцгой цуургагүй, халуун сэтгэлт буриад залуу чиний тусыг хэзээд санана” хэмээн өөртөө хэлээд алсын замдаа гарлаа.

Тал нутгийн малчин залуу Ц.Цэдэн-Иш бол Дорнодын уудам талд амьдардаг мянга мянган буриад залуугийн төлөөлөл. Тэр бол орчин цагт тун ч ховордож байгаа хүний мөс чанар, даруу нь дэндсэн сайхан сэтгэлтэн юм.

Хотын ганган харцуул шиг дэгжин чамингийн аль ч түүнд үгүй. Хөдөөгийн боргил эрчүүдийн нийтлэг төрхийг түүнээс харж болно. Зуузай нь ялимгүй томдсон ажлын муу бакал дээр, хормой, ханцуй нь галын илчинд барьцалдан хумирсан бор даавуун дээл бүсэлсэн нь түүнд л зохино. Буриад зоны үндсэн төрх юмсан уу гэмээр шар туяат том алаг нүд нь таван өдрийн нойргүйтэл, Дун ууланд гарсан их түймрийг цурамласан нөр их ажлын хүндийг ярьж өгөх шиг  улаасныг нь санахаар эрхгүй өрөвдөөд байдаг юм. Гэсэн ч Ц.Цэдэн-Иш ядарч, ялархсан нь үгүй.

Тэр бол ой хээрийн түймрээс орон нутгаа аварсан их үйлстэн төдийгүй бидний таван сэтгүүлчийг хуйларсан их галаас аварсан баатар. Түүний амьдран суудаг Дун, Халиун уулын цаана ОХУ оршдог. Хилийн зурвас болсон тэрхэн газарт Дорнодын Баяндунгийн залуус малаа маллаж байгаа. Тэдний ихэнх нь уулын түймрийг унтраах их ажилд сайн дураар гар бие оролцсон төдийгүй Ц.Цэдэн-Ишийн зааварчилгаагаар нэгдсэн зохион байгуулалтад орж, таван өдөр, шөнийг Дунгийн өвөрт өнгөрүүлсэн нэгээхэн өдрийн дурсамжаа сийрүүлэхэд ийм байна. Тиймээ Баяндунгийн талд Ц.Цэдэн-Иш гэх ханагар эр морин дэл дээр дэрвэж яваа.

Холбоотой мэдээ