Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбоосгүй замын холболтууд хийгдэх авто замын чигийн дагуу ажиллалаа

2023-05-20 301 0

Барилга,  хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд барих зам, нүхэн гарц, холбоос гүүр, гүүрэн байгууламжийн төлөвлөлтийг танилцуулж, голын эрэг рүү шахаж барьсан байгууламж, зөвшөөрөлгүй барилга, дулааны шугам хоолой, төмөр замын гарам давхцах зэрэг асуудал байгааг хэллээ. Тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийн талаар  холбогдох мэргэжилтнүүд, салбарын сайд нар байр сууриа илэрхийлж санал солилцсон.  Хууль бус нэг барилгаас болоод хотын төлөвлөлт алдагдана гэдэг улсад хохиролтой. УГТЭ-ийн урд тал, төмөр замын дундах газрууд болон Сэлбэ голын дагуу газар өгсөн нь нийтийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл. Энэ бол түгжрэлийн үндэс. Ийм асуудал ахин гаргахгүйн тулд нийтийн эзэмшлийн талбай дахь хууль бус объектуудыг эзэдтэй нь, зөвшөөрөл олгосон даргатай нь хамт зарлаж, олон нийтийн алдагдсан боломжийг нэхэмжлэх хэрэгтэйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод нийтийн эзэмшлийн талбай дахь хууль бус объектуудын мэдээллийг гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов.

Мөн “Өнгөрсөн хугацаанд нэгдсэн төлөвлөлтгүй явсны гор өнөөдөр гарч байна. Улаанбаатар хотын нийт авто зам 1200 гаруй километр урт. Энэ бол хэд хэдэн тойрог замтай дүйцэхүйц авто зам. Гэтэл холбоосгүй зам маш олон байна. Хотын 2040, 2050 оны төлөвлөлтийг олон улсын архитекторуудтай  хамтарч, нарийвчлалтай гаргах нь зүйтэй. Хот төлөвлөлтийг зөв болгох суурийг одоо тавихгүй бол оройтно. Дээрх төслүүдийн хүрээнд бүтээн байгуулалт хийхдээ тухайн уулзвар, чиглэлийн ачааллыг харгалзан ач холбогдлоор нь эрэмбэлэх хэрэгтэй” гэлээ.
Ерөнхий сайд автозамын нөхцөл байдал, төслийн явцтай танилцсаны дараа Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллаж, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг тэнцвэржүүлэх талаар албан хаагчидтай санал солилцож, санал дүгнэлтээ нэгтгэн танилцуулахыг даалгав.

Холбоотой мэдээ