Т.Бадамжунайд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулж байна

2023-11-03 250 0

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунай нарын дөрвөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттайгаар үргэлжилж байна.

Яллагдагч Т.Бадамжунай тус урьдчилсан хэлэлцүүлэгт өөрийн биеэр тэргэнцэртэй ирсэн бөгөөд үг муухан ярьж буйгаа шүүхэд илэрхийллээ. Урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2023.11.03 / 10:00 цагаас нээлттэйгээр эхэлсэн боловч яллагдагч Т.Бадамжунай болон Э.Жаргалсайхан нарын өмгөөлөгчдөөс нууцтай холбоотой асуудал ярих тул хаалттай явуулж өгнө үү гэх хүсэлт гаргав.

Прокурор “Тагнуулын ерөнхий газраас АТГ-ын гүйцэтгэх ажлын хэлтэст гаргаж өгсөн баримт мэдээллийг тус хэрэгт хавсаргасан байдаг. Энэ баримт мэдээллийг прокурорын зөвшөөрлөөр мөрдөгч үзлэг хийж цуглуулсан. Мөн төрийн нууцад хамаарах юм. Зарим өмгөөлөгч хэрэгт хавсаргасан баримт материалтай холбоотой асуудлыг ярих учир өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтийг дэмжиж байна” хэмээн тайлбар өгөв.

Тиймээс даргалагч шүүгч шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулахаар боллоо.

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, хууль бусаар газар эзэмшсэн, бусдад хахууль өгөхийг завдсан, нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх хэрэгт:

  • Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/,
  • 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/,
  • 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн юм.

Холбоотой мэдээ