-Манай улс одоогоор авто бензиний 30 хоногийн нөөцтэй байна-
АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдэж, 2050- 2060 төгрөг болов. Манай улсад шатахууны үнэ өссөн шалтгаан нь нэг баррель газрын тосны үнэ дэлхийн зах зээлд 70 гаруй ам.долларт хүрч өссөн. Мөн цар тахал дэлхий даяар дэгдсэнээс хойш Саудын Араб тэргүүтэй ОПЕК+ түншлэл газрын тосны олборлолтоо танасан зэргээс шалтгаалж шатахууны үнэ огцом хэлбэлзэж эхэлсэн зэрэг нь манай улсын эдийн засгийн орчинд нөлөөлж байна. Энэ талаар АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяраас тодрууллаа.
-Гадаад зах зээлийн нөлөөгөөр газрын тосны үнэ он гарсаар тасралтгүй өссөөр байна. Монголд цаашид хэрхэн нөлөөлөх вэ?
-Өнөөдрийн байдлаар нэг баррель газрын тосны үнэ 70 гаруй ам.долларт хэлбэлзэж байна. Энэ нь 2020 оны 4 дүгээр сард хамгийн доод түвшинд хүрч байсан 19.5 ам.доллартай харьцуулахад 3.5 дахин өссөн үзүүлэлт юм. Өсөлт он дуустал үргэлжлэх төлөвтэйг олон улсын санхүүгийн шинжээч нар мэдээлсээр байгаа. Тухайлбал, 2020 оны 5 сард АИ-92 авто бензиний хил үнэ тонн тутамд 202 ам.доллар байсан бол энэ оны 8 сарын хил үнэ 733 ам.доллар болж 262 хувиар өссөн. Иймд 1 литр шатахууны өөрийн өртөг тухайн үеийн 1450 төгрөгөөс 2140 орчим төгрөг болж өсөөд байна.
-Үнийн өсөлтөд төрөөс оролцож, хянах боломж бий юу?
-Манай улс жилдээ 2 сая тонн түлш импортолдог. Одоогийн байдлаар 800 гаруй мянган тонн шатах, тослох материал импортлоод байна. Үйлдвэрлэгч орон биш учир гадаад зах зээлийн дам нөлөөнд зайлшгүй өртдөг улсуудын нэг. Зөвхөн үнийн асуудлыг ярихаас гадна нөөц, чанарын асуудлыг анхаарах ёстой. Иймд бензиний хомсдол үүсгэхгүйн тулд Засгийн газраас өнгөрсөн хугацаанд аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөлд хүрч ажилласан. Нэгдүгээрт, 2018 оны 1 сараас эхэлж одоог хүртэл АИ-92 авто бензиний онцгой албан татварыг тэглэсэн хэвээр байна. Хоёрдугаарт, өнгөрсөн онд санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан олон улсын компанитай тогтвортой байдлыг хангах гэрээ байгуулж ажилласны үр дүнд бид жил гаруй хугацаанд үнэ хямд шатахуун хэрэглэсэн. Гуравдугаарт, он гарснаас хойш гэрээний хугацаа дуусч зах зээл дээрх үнэ өссөөр байсан ч цар тахлын үе, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа тасалдсан, иргэдийн орлого, амжиргааны түвшин буурсан үед өргөн хэрэглээний АИ-92 авто бензиний үнийг өсгөхгүй байх зөвшилцөлд хүрч энэ оны 7 сар хүртэл шатахууны үнэд өөрчлөлт ороогүй. Гэвч газрын тосны дэлхийн зах зээлийн үнэ тасралтгүй өссөөр байгаа учир дам нөлөөгөөр бензиний үнэ яах ч аргагүй нэмэгдсэн. Аж ахуйн нэгжүүдийн хувьд он гарсаар газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлтөд өртөж энэ оны 7 сар хүртэлх хугацаанд 30 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна.
-Улсын хэмжээнд шатахууны хэд хоногийн нөөц байна вэ? Хомсдол үүсгэхгүйн тулд энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ?
-Манай улс одоогоор авто бензиний 30 хоногийн нөөцтэй байна. АИ-92 бензиний хувьд хэвийн нөөцтэй. Харин ОХУ-ын Эрчим хүчний яамны тэргүүн Николай Шульгинов өнгөрөгч 7 хоногт бензиний биржийн үнэ рекорд хэмжээнд байсаар байвал авто бензиний экспортод хориг тавина гэж мэдээлсэн. Үүний дагуу манай улсад АИ-95, АИ-98 авто бензинийг ирэх сард нийлүүлэхгүй байж магадгүй гэсэн албан тоот ирсэн. Иймд Засгийн газраас тухайн төрлийн бензиний хомсдол үүсгэхгүй, нөөцийг хэвийн хэмжээнд байлгахын тулд БНХАУ-ын “China oil” компанитай хэлэлцээр хийж, АИ-95, АИ-98 бензин авахаар болсон. Онцолж хэлэхэд, АИ-92 бензиний нөөц хэвийн, зөвхөн АИ-95, АИ-98 бензинийг БНХАУ-аас импортлохоор ажиллаж байна.
-БНХАУ-аас импортлох бензиний үнэ ОХУ-аас импортлох үнээс хэр зөрүүтэй байх вэ?
-БНХАУ-ын авто бензиний үнийн хувьд зөрүү гарахгүй. Манай улс БНХАУ-аас жилд 60 гаруй мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн авдаг. Нөөцийг таслахгүй байх дээр анхаарч ажиллаж байгаа учир зах зээлд хомсдол үүсэхгүй.
-Шатахуунаа манайд нийлүүлдэг хоёр хөршид нэг литр бензин ямар үнэтэй байгаа бол?
-Хоёр хөршийн иргэд нэг литр бензинийг 2-3 мянган төгрөгтэй дүйх үнээр худалдан авч байна. GlobalPetrolPrice.com-д мэдээлснээр энэ сарын 12-ны байдлаар өмнөд хөршид автобензиний жижиглэнгийн үнэ литр нь 1.187 ам.доллар, ОХУ-д 0.7 ам.доллар байна. Өмнөд хөршид гэхэд энэ он гарснаас хойш шатахууны жижиглэнгийн үнийг 12 дахь удаагаа нэмээд байгаа.
-Шатахууны хараат манай улсын хувьд газрын тос боловсруулах үйлдвэр барих нь нэн шаардлагатай зүйл. Энэ ажил хэр ахицтай явж байна вэ?
-Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий уг үйлдвэр нь 824 мян.тонн дизель түлш, 339 мян.тонн авто бензин, 80 мян.тонн онгоцны түлш, 47 мян.тонн зуухны түлш, 43 мян.тонн шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэж, дотоодын газрын тос хэрэглээний 55-60 хувийг, цаашдаа дотоодын хэрэглээг 100 хувь хангах юм. Одоогийн байдлаар үйлдвэрийн барилга-угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчид болон гүн боловсруулалтын технологийн лиценз эзэмшигчдийг сонгон шалгаруулах ажил хийгдэж байгаа бөгөөд технологийн бус барилга байгууламжийн барилга-угсралтын ажил эхэлсэн явж байна.
2 cэтгэгдэлтэй
Мояа нар чинь хужаа бензин гээд одоо баахан эсэргүүцэл энэ тэр болж тэнэгтэх байхаа
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article. https://www.binance.info/es/join?ref=JHQQKNKN