Монгол Улсад “Шинэ тосгон хөдөлгөөн”-ийг дэлгэрүүлнэ

2021-11-02 672 0

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа нар “Шинэ тосгон хөдөлгөөн”-ийг Монгол Улсад дэлгэрүүлэх талаар Монголын шинэ тосгон холбооны тэргүүн, Азийн “SAE MAEUL UNDONG”-ийн дэд ерөнхийлөгч К.Маринаг өнөөдөр /2021.11.02/ хүлээн авч уулзаж, хамтран ажиллах талаар  санал солилцлоо.

БНСУ 1910-1945 онд Японы колоничлолд, 1950-1953 онд солонгосын хойгийн дайнд нэрвэгдэж, 1960 он хүртэл ДНБ нэг хүнд ногдох орлого 79 ам доллар, олон улсын ямар ч дэмжлэг туслалцаа авах боломжгүй, ямар ч түүхий эдийн нөөцгүй, дэлхийн хамгийн ядуу улс байсан. Энэ дайнд Солонгосын эдийн засаг бүрэн сүйрч, хот хөдөөгүй өлсгөлөнд нэрвэгдсэн байна. Тариа тарих, хөдөлмөр эрхлэх багаж зэвсэг ч үгүй болжээ. Модны холтсыг ч буцалган хооллож, ой модоо бүхэлд нь огтлоод түлж байв. Нүцгэн уулнаас садран буух үер тариалангийн талбайн хөрсийг хуу хамаад урсаж байлаа. Тариачид өвөл хийх ажилгүйгээс байнга архидаж, мөрийтэй тоглодог байжээ.

Өөрөө ядуу гэр бүлд өсөж, Японы армид алба хаасан Пак Жөнхый 1960 онд төрийн эрхийг гартаа авч, улс орноо сэргээн босгох ажил эхлүүлэв. Тэрбээр гадаадаас зээл тусламж авч, юуны өмнө Сөүл-Бусан хотыг холбосон хурдны зам тавьжээ. Дараа нь хүнд болон химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэн, гангийн анхны үйлдвэрээ (POSCO) барив.

Үйлдвэржилттэй зэрэгцээд хөдөө орон нутгийг дэмжих үүднээс 35 мянган тосгон тус бүрд 335 шуудай цемент олгож, юунд яаж ашиглахаа өөрсдөө шийдэн, хамтарч хийх даалгавар өгчээ. Орон даяар ийнхүү “Шинэ тосгон” (Sae maeul) хөдөлгөөн (Undong) өрнөж эхлэв. 1970 онд өөрийн болон зэргэлдээх тосгонд хүрэх замаа засаж, хуучин гүүрээ сэлбэн, тариалангийн талбай хүртэл жимээ янзалж, цоорхой дээврүүдээ нөхөн, хашаагаа шинэчилж худаг гаргах, цөөрмөө цэвэрлэх, шуудуу татах зэрэг ажил хамтран гүйцэтгэжээ. Анх удаа цемент хэрэглэж буй учир ажлын үр дүн нь урьд өмнөхөөсөө чанартай, эдэлгээтэй болов. Ингээд цементээ үр дүнтэй зарцуулсан тосгодод нэмэлт хөрөнгө оруулалт болох дээврийн төмөр нийлүүлсэн.

Хамтарсан учраас хөдөлмөрийн бүтээмж ч өндөр болж, амьдрах нөхцөл нь эрс сайжирчээ. Урамшсан тосгоныхон уулаа дахин ойжуулж, хүлэмж барин өвөл, зунгүй ногоо жимсээ тарьдаг боллоо.

Тосгон бүр дотроосоо эрэгтэй, эмэгтэй хоёр манлайлагч томилов. Орон нутгийн засаг захиргааны ажилтан бүр тус хөдөлгөөнийг өөрийн биеэр манлайлан, бүх ажилд үлгэр жишээ оролцож, үр дүнгээ хамтран дүгнэж хэлэлцдэг байлаа. Солонгос эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурь дээшилж, гүйцэтгэх үүрэгт зарчмын хувьсгал гарав.

Үүний гол оюун санаа (spirit) нь хичээнгүй зүтгэх (diligence), өөртөө туслах (self help), хамтрах (cooperation) явдал бөгөөд энэ хөдөлгөөн нь тариачдад сэтгэлгээний (mindset) эргэлт авчирчээ. Удалгүй тосгодын оршин суугч бүрийн орлого нэмэрлэж, будаа ногоогоо хамтран тарьдаг, хурим найр, оршуулгын ёслол тэмдэглэдэг хэв заншил тогтож, хамтын хуримтлалын сантай болсон аж. Энэ хуримтлалын сангаас өрхийн орлогыг нэмэгдүүлэх олон төслийг санхүүжүүлэх болсон байна.

Энэ хөдөлгөөнд төр засаг, орон нутгийн удирдлага нь идэвхтэй оролцсон дээрээсээ доош хандлага, иргэд нь санаачилгатай хамтран оролцсон доороосоо дээш хандлага хосолсныг судлаачид онцлон тэмдэглэж байна. Үр дүн нь хурдан хийх бага ажлаас эхлэн яваандаа том төсөл рүү орж байжээ.

“Сэмол ундон” нь том хотуудаар ч тархаж, дүүрэг, хорооны оршин суугчид хамтран боловсрох, насан туршид суралцах болсноор өнөөгийн БНСУ-ын үсрэнгүй хөгжлийн нууц юм байна. Ер нь хоршиж хамтрахын давуу талыг төгс хэлбэрээр харуулсан хөдөлгөөн гэж харагдаж байна.

“Шинэ тосгон” хөдөлгөөн өнөөдөр 16 аймаг, нийслэл хотоос нийт 5,000 гишүүн хамруулсан, өөрийн сургалтын төвүүдтэй томоохон төсөл болоод буй. Жилд дунджаар 100 гаруй сая төгрөгийн тусламж БНСУ-аас авч, дээрх төслүүдийг хэрэгжүүлсэн байна. 2015 онд “Нэг хүн, нэг мод” хөдөлгөөнийг зохион байгуулж, 20 мянган мод тарьжээ.

Тухайн орон нутгийн айл өрх бүрийн жигд оролцоогүйгээр ахихгүй. Баг тус бүр хамтран ажиллахгүйгээр орон нутаг ч, улс орон ч хөгжихгүй байна. Айл өрхүүд хамтран хоршиж ээлж ээлжээр өвөлжөө, хаваржаагаа сэргээн засаж, худаг усаа гаргах, хашаа хороогоо барих, хадлан тэжээл, мах, сүү, ноос, ноолуураа бэлдэн бөөндөж борлуулах зэргээр хоршиж байж хөдөлмөрийн бүтээмж, хөрөнгө орлого нь дээшилнэ. Амьдрал сайжраад эхлэхээр заавал хот газар бараадах шаардлага багасна. Эдүгээ айл бүр цахилгаан, хиймэл дагуулын антен, гар утастай болчхоод байгаа нь Солонгосын дайны дараах үетэй харьцуулшгүй давуу тал юм.

Энэ хөдөлгөөн нь дэлхийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах, ядуурлыг бууруулах, байгаль орчны өөрчлөлт, дэлхийн дулаарлаас хамгаалах гол арга бол дэлхий дээр хамтран хоршиж амьдрах хэлбэр юм гэдгийг дэлхий нийтэд таниулж байна.

“Шинэ тосгон” хөдөлгөөний түүхийг судлан ойлгож, хотлын (community) иргэд нь хоршиж хамтарч орчин тойрноо тохижуулан, орлогоо нэмэгдүүлсэн арга барилыг орон бүр өөрийн нөхцөлд нутагшуулж чадвал хөдөөгийн иргэдийн амьдралыг богино хугацаанд дээшлүүлэх боломж бий.

Өмнөд Солонгосын “Шинэ тосгон” хөдөлгөөнөөс суралцаж, туршлагыг нь оновчтойгоор нэвтрүүлбэл богино хугацаанд хөдөөгөө хөгжүүлэх гарц болно. Нутаг усаа багийн гишүүд нь өөрсдөө хариуцдаг, айл бүр өвөлжөөгөө эзэмшдэг, байшин барих, худаг гаргах, бэлчээрээ хадгалж хамгаалах, хадлангаа авах зэрэг олон ажлыг хамтын хүчээр бүтээвэл өгөөжтэй юм.

Монголын хөдөөг сум багаараа хоршин хөгжүүлж чадвал иргэд сайхан амьдрах таатай нөхцөл бүрдэж, хот суурин газар руу шилжин суурьших урсгал татарч, төвлөрлийг сааруулахад тус дэм болно.

Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайханы Монголын шинэ тосгон холбооны тэргүүн, Азийн “SAE MAEUL UNDONG”-ийн дэд ерөнхийлөгч К.Маринатай ярилцсан нэвтрүүлгийг энд дарж үзнэ үү.

Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайханы “Шинэ тосгоны цагаан олимп” нийтлэлийг энд дарж уншина уу.

Холбоотой мэдээ