“Нүүдэлчин Монгол” соёлын биет бус өвийн их наадам болно

2022-07-25 503 3

Наймдугаар сарын 12-14-ны өдрүүдэд Хүйн долоо худагт зохион байгуулагдах “Нүүдэлчин Монгол” биет бус өв соёлыг түгээн дэлгэрүүлж, танин мэдүүлж, сурталчлан хамгаалах зорилготой наадам болохоор товлогдсон. Гадна дотны жуулчдын сонирхлыг илүүтэй татах энэхүү содон наадмын талаар Соёлын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэнтэй ярилцлаа.

-”Нүүдэлчин Монгол” наадмын тухайд соёлын биет бус өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилготой  зохион байгуулагддаг. Ер нь хэзээнээс энэ наадмыг хийдэг болсон юм бэ?

-2014 онд Соёлын өвийг хамгаалах тухай хууль шинэчлэгдэж, 3 жил тутам соёлын биет бус өвийн их наадам хийх заалт орсон. Энэ хүрээнд 2018 онд анх удаа соёлын биет бус өвийн их наадмыг Хүйн долоо худагт зохион байгуулж байсан. Гэхдээ үүнийг цоо шинэ наадам гэж ойлгож болохгүй, өмнө нь Бүх ард түмний урлагийн их наадам, Ардын урлагийн их наадам зэрэг нэрээр зохион байгуулагдаж байсан наадмыг ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын агуулга, үзэл санаанд нийцүүлэн “Нүүдэлчин Монгол” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.

Энэ жилийн хувьд уг наадмыг 08 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэж байна.

-Энэ наадмын гол онцлогийн тухайд та юу гэж хэлэх вэ?

-Манай улс ЮНЕСКО-ийн 2001 оны Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцод нэгдэн орсон улсын хувьд уг конвенцын агуулга, үзэл санааг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх үүрэг хүлээдэг.

Конвенцод зааснаар соёлын биет бус өвийг “эх хэл, аман илэрхийллийн”, “ардын язгуур урлагийн”, “уламжлалт баяр наадам, зан үйлийн”, “байгалийн уламжлалт мэдлэг, зай үйлийн”, “уламжлалт гар урлалын” гэсэн  5 ай савд хуваан авч үзсэн байдаг. Харин манай улс өөрийн үндэсний онцлогт нийцүүлэн “уламжлалт арга ухаан”, “мал маллах арга ухаан” гэсэн 2 ай савыг нэмж 7 болгосон.

Эдгээр 7 ай савд багтах соёлын биет бус өвийн илэрхийллийг Монгол орны өнцөг булан бүрээс шалгаруулан нэг дор цуглуулж, олон нийтэд сурталчлан таниулдаг.

-”Нүүдэлчин Монгол” наадмын ач холбогдлыг хэлж өгөөч?

-Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод нүүдлийн соёл, иргэншлийн төв болох зорилтыг дэвшүүлж, олон арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэхүү нүүдлийн соёл, иргэншлийг илэрхийлэх гол үнэт зүйл бол уламжлалт мал аж ахуйг тойрсон соёлын биет бус өвүүд бөгөөд эдгээр үнэт зүйлсийг хадгалж хамгаалах нь нүүдлийн соёл, иргэншилт улс болох алсын зорилтдоо хүрэх үндсэн нөхцөл бүрдэх юм.

Өөрөөр хэлбэл, соёлын биет бус өв бол Монголчуудыг эв нэгдэл, харилцан ойлголцох, бие биесээ хүндлэх үзэл санааны илэрхийлэл болж, ижилслийг тодотгож өгдөг хүчин зүйл юм.

Тийм учраас “Нүүдэлчин Монгол” наадам нь соёлын биет бус өвөө сурталчлан таниулж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилтыг хангахад ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг.

-Дэлхийн улс орнуудад энэ төрлийн наадам хэр их байдаг вэ?

-Киргизстан улс 2 жил тутам “World nomad games” сэдвийн дор, Саудын Араб улс “Nomad Universe” сэдвийн дор соёлын биет бус өвийн олон улсын наадмуудыг зохион байгуулж байна. Мөн улс орон бүр соёлын биет бус өвд тулгуурласан уламжлалт арга хэмжээг үндэсний хэмжээнд зохион байгуулсаар байна.

Энэ нь соёлын биет бус өвөө оролцогч талуудад танин мэдүүлэхээс гадна гадаадын жуулчдыг татах эвент арга хэмжээ болон хөгжиж байна.

Бид ч цаашид энэ чиглэл рүү анхаарал хандуулж ажиллаж байна.

-Монгол Улсын соёлын биет бус өвийн хадгалалт хамгаалалтын төлөв байдал ямар байдаг вэ?

-Манай улс нүүдлийн мал аж ахуйг дагасан соёлын биет бус өвийн өвөрмөц сан хөмрөгтэй. Тийм учраас соёлын биет бус өвийн оршин тогтнох чадвар мал аж ахуйтай шууд холбоотой гэсэн үг. Ерөнхий дүр зургаар нь харвал манай улсын биет бус өвийн оршин тогтнох чадвар харьцангуй үнэт шинж чанараа хадгалж байгаа гэж үзэж болно. Харин тодорхой угсаатны бүлгийн, эсхүл тодорхой орон зайн хувьд авч үзвэл устаж, мартагдах эрсдэл маш их бий болсон. Жишээлбэл, сүүлийн жилүүдэд газар нутаг эзгүйрэх явдал ихээр гарах болсон, энэ нь газар нутгийн нэр мартагдах зэргээр соёлын өвийн харилцан шүтэлцсэн ой санамжийг устгадаг. Энэ бүх эрсдлийг урьдчилан тооцож хариу арга хэмжээг шуурхай ач хэрэгжүүлэх нь төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүн, бүлэг хамт олон зэрэг оролцогч талуудын бүгдийнх нь үүрэг хариуцлага юм.

-Соёлын биет бус өв статистик, тоо баримтын хувьд?

-Соёлын биет бус өв нь өвлөн уламжлагчгүйгээр оршдоггүй, тийм учраас тоо баримтыг 2 хэсэг болгон бүрдүүлэг. Нэг талаас өв өөрөө, нөгөө талаас түүнийг илэрхийлдэг хүн гэсэн үг. Энэ хоёр хүчин зүйл салгашгүй, харилцан хамааралтай байдаг. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/759 дүгээр тушаалаар 279 өвийг төлөөллийн жагсаалтад, 83 өвийг яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалтад бүртгээд байна. Мөн 11189 орчим өвлөн уламжлагчийн бүртгэл байдгаас Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор 102 хүнийг соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалтад оруулсан байдаг. Цаашид эдгээр тоо баримтууд өсөх нь эргэлзээгүй юм.

-Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв манайд хамгаалагдаж чаддаг уу?

-ЮНЕСКО-ийн 2003 оны Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцод соёлын биет бус өвийн үнэ цэн, ач холбогдол болон оршин тогтнох чадварыг харгалзан тодорхой шалгуураар шүүн үзэж, төлөөллийн болон яаралтай хамгаалах шаардлагатай жагсаалтад бүртгэхээр заасныг баримтлан Соёлын өвийг хамгаалах тухай хуульд энэ талаар тусгасан байдаг. ЮНЕСКО ч улс орнуудын нэр дэвшүүлсэн соёлын биет бус өвийн үнэлж үзээд дээрх 2 жагсаалтад соёлын биет бус өвийг бүртгэдэг.

-Манай улсаас ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн жагсаалтад ямар өвийг бүртгүүлсэн бэ?

Монгол Улс 2008 оноос эхлэн ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн төлөөллийн болон яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалтад соёлын биет бус өвөө бүртгүүлснээс хойш өнөөдрийн байдлаар 15 өвийг бүртгүүлээд байна. Үүнээс төлөөллийн жагсаалтад “Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг” (2008 он), “Монгол ардын уртын дуу” (2008 он), “Монгол наадам” (2010 он), “Монгол ардын хөөмэйн урлаг” (2010 он), “Шувуулахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл” (2010 он), “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл” (2013 он), “Шагайн харваа” (2008 он), “Хөхүүрийн айраг исгэх зан үйл” (2019 он) гэсэн 8 өвийг, яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад “Монгол тууль” (2009 он), “Монгол бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг” (2009 он), “Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг” (2009 он), “Монгол лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил-битүү амьсгаа” (2011 он), “Монгол уран бичлэг” (2013 он), “Ингэнд ботго авхуулах зан үйл” (2015 он), “Уул овоо тахих монгол зан үйл” (2017 он) гэсэн 7 өвийг тус тус бүртгүүлээд байна.

-Цаашид соёлын биет бус өвийг ЮНЕСКО-ийн жагсаалтад бүртгүүлэх үү?

ЮНЕСКО-ийн жагсаалтад бүртгүүлнэ гэдэг тухайн ард түмний соёлын биет бус өв нийт хүн төрөлхтний үнэт зүйл болохоос гадна хадгалалт хамгаалалтын хувьд оролцогч талуудтай хамтран ажиллах өргөн боломжийг нээдэг. Дэлхийн ард түмнүүдийн ижилсэл, ондоошлын асуудал ч үүнтэй холбоотой нь эргэлзээгүй юм. Бид цаашид ЮНЕСКО-ийн төлөөллийн болон яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэхээр хэд хэдэн өвийн оршин тогтнох нөхцөл байдлын судалгааг гүйцэтгэж байна. Тэгэхээр конвенцын удирдамжид заасан журмын дагуу өвөө нэр дэвшүүлж бүртгүүлэх ажил үргэлжилнэ гэж ойлгож болно.

-Хууль эрх зүйн хувьд соёлын биет бус өвийг хамгаалах боломж хэр бүрдсэн бэ?

-Соёлын биет бус өвийг хамгаалах асуудлыг ЮНЕСКО-ийн 2003 оны Соёлын биет бус өвийг хамгаалах конвенц болон Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомжоор зохицуулж байна. Ерөнхийдөө эрх зүйн орчны хувьд харьцангуй бүрдсэн гэж хэлж болно. Гэхдээ хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага бий, цаашид нийгмийн хөгжлийг дагасан сөрөг нөлөө, эрсдлийг тооцож, соёлын биет бус өвийг хамгаалах бие даасан хуультай болохоор зорьж байна.

-Орон нутагт соёлын биет бус өвийг хамгаалахын тулд юуг анхаарах ёстой вэ?

-Соёлын өвийг хамгаалах ажил зөвхөн төрийн байгууллага, эрдэмтэн судлаачдын ажил биш, бүх нийтийн оролцоонд тулгуурладаг. Соёлын биет бус өвийг хамгаалах үйл ажиллагаа ч мөн ялгаагүй оролцогч талуудын идэвхтэй оролцоонд тулгуурлаж явагддаг. Соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг хамгаалахын тулд түүнд тодорхой давтамжтай үнэлгээ хийж байх ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн өвийн оршин тогтнох дархлаа хэр бүрдсэн байгаа вэ гэдэг дээр шинжээчид ажиллаж, дүгнэлт гаргах нь эрсдлийг бууруулахад ихээхэн чухал ажил болдог. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд 3 жил тутам соёлын биет бус өвийн үзлэг зохион байгуулж, тайланг гаргахаар заасан, энэ мэт үнэлгээний ажил соёлын биет бус өвийг хамгаалахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг.

Холбоотой мэдээ