Гэсэн ч эдийн засгаа олон салбартаа өргөжүүлэх, дэлхийн улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх эрх чөлөө нь “Далайд гарцгүй”-гээс шалтгаалж хумигддаг улс юм. Өөрөөр хэлбэл, геополитикийн сул талаа давуу тал болгохыг зорих нь далайгүй улс орнуудын “зовлон” билээ. Энэ зовлон манайд ч бий. Үүгээрээ Монгол, Киргиз хоёр туйлын ижил. Далайгүй учраас олон улсын худалдаа, хамтын ажиллагаа, бизнесийн өргөн боломжийг мөрөөдөөд ч хэрэггүй гунигт тавилан дэлхийн олон орны бэрхшээл гэдгийг Бишкект энэ сарын 24-26-ны өдөр болсон ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо. Энэ нь тэнд хүрэлцэн ирсэн далайд гарцгүй орны Засгийн газрын тэргүүн зочдын загатнасан газрыг маажсан оновчтой үгс болов бололтой. Яг энэ сул талаа тодотгож ШХАБ-ын тайзан дээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэд хэдэн салбарт хөрөнгө оруулагч татах, эдийн засгийн болон бүс нутгийн хамтын ажиллагааны боломжийг ярьж чадсанаас гадна “Далайд гарцгүй орнуудын нэгдэл байгуулъя” гэх санаачилга гаргав. Ерөнхий сайдын энэхүү санаачилгын талаар Монголын гадаад бодлогын амбицыг илэрхийлсэн, тун оночтой мэдэгдэл боллооо гэж цахим орчинд багагүй иргэд илэрхийлжээ.
ШХАБ-ын өргөтгөсөн хуралдааны эргэн тойронд ямар үйл явдал өрнөв, Монгол Улсын Засгийн газрын тэргүүн хэн хэнтэй биелэн уулзав, ямар асуудлыг шийдвэрлэхийн төлөө очив, улс оронд хэрэгтэй ажил хэргийн санал санаачилга, уулзалт хийв үү зэргийг сонжвол тун ч боломжийн хэд хэдэн ажил ярьж, төсөл хөтөлбөрөө танилцуулж. Ер нь бид дэлхийн томчууд цугласан тайзан дээр гарахдаа тодорхой санаачилга дэвшүүлж, улс орнуудын анхаарлыг татахуйц амбицаа илэрхийлэхдээ том гүрнүүдийн удирдагч, луугаруудаас нэг их дутаад байдаггүй. Ямар сайндаа л НҮБ-ын тайзнаас “Монгол Улс тэрбум мод тарина” хэмээн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх амбицалж байсан.
Энэ удаад ч мөн манай улсын Ерөнхий сайд хэн бүхний арааны шүлс асгарам төслүүдийг танилцуулж, тун ч боломжийн нөхөдтэй гар барьж, биечлэн уулзлаа. Энэ бүхний эцэст Ерөнхий сайдын ярьсан, тохирсныг шуурхайлах, ажил хэрэг болгох чиглэлд танхимын сайд нар нь ажиллах, төрийн байгууллагын албатууд өөриймсөг сэтгэлээр алив үйл хэрэгт хандах, үр дүн гаргахын төлөө манлайлах, бодитой, ажил хэрэг болгох тал дээр хаа хаанаа анхаарах шаардлагатай болж байна. Төрийн бүтээмжийг сайжруулах, төрийн бүх шатны хяналтыг нэмэгдүүлэх, тэдний уялдаа, хамтын ажиллагааг хангая гэж ярьдаг чиг шугамаа одоо л дахин нэг хүчтэй сануулах цаг үеийн шаардлага үүсэж байна даа. Өөрөөр хэлбэл, шат бүрд ажил хийдэг нь бус хийдүүлэгч олширсноос болж гадаад харилцааны тайзан дээрх гоё яриа хэлэлцээ хэрэгжилтийн шатандаа гацаж, унтраад, зорьсон үр дүн гарахгүй байна. Тиймээс энэ удаагийн Бишкект өрнөсөн яриа хэлэлцээр, уулзалтуудыг үр дүнтэй болгохын тулд төрийн байгууллагуудаа эрчимтэй ажиллуулах, холбогдох салбарынхныг идэвхжүүлэх туйлын хэрэгтэйг энд сануулюу.
Тухайлбал, ОХУ-ын Засгийн газрын тэргүүн М.В.Мишустинтай уулзахдаа эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг татварын хөнгөлөлттэй үнээр ОХУ-д экспортлох, Эгийн голын УЦС барих ажлыг цаг алдахгүй эхлүүлэх, хил дамнасан чөлөөт худалдааны бүсүүд байгуулах, ОХУ-аас Монгол Улсад бензин шатахуун тасралтгүй тогтмол нийлүүлэх, боловсрол, соёл, хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх санал тавилаа. Мөн Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорын төслүүдийг урагшлуулах, тухайлбал Монгол Улсын төв тэнхлэгийн төмөр замын шинэчлэл, зүүн болон баруун тэнхлэгийн төмөр замын шинэ бүтээн байгуулалт, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн өндөр хурдны автозам, ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолой зэрэг стратегийн ач холбогдолтой том төслүүдийг эхлүүлэхээр хоёр тал тохирлоо. Энэ яриа хэлэлцээр уулзалтын ширээний ард төгсөх ёсгүй тул дээрх асуудал бүрд хамаарах салбарынхан ажлаа хийдүүлдэг бус хийдэг байя гээд байгаагийн учир ердөө энэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урд хөрштэйгөө ч мөн хэд хэдэн чухал асуудлыг ярилцсан бөгөөд түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, хот хөдөөгийн тэнцвэрийг хангах чиглэлд хамтарч ажиллахыг хүслээ. Тодруулбал, Улаанбаатарт метро, шинэ зам гүүрүүдийг барьж байгуулах, тойрог замын сүлжээг сайжруулах, гэр хорооллыг барилгажуулахад хамтран ажиллах боломжуудаа ярилцсан нь туйлын зөв ч яриа хэлэлцээрийг бодит ажил хэрэг болгон шуурхайлах нь түүнээс ч чухал.
Юутай ч ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны тайзнаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Далайд гарцгүй орнууд нэгдэж байж эдийн засгийн боломжоо тэлнэ” гэх саналаа хэлчихлээ. Мөнхийн хоёр хөршдөө хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны саналаа тавилаа. Одоо уулзалт, яриа хэлэлцээг бодит ажил хэрэг болгох, үр дүнг харах л үлдлээ.
1 сэтгэгдэлтэй
зөвөө зөв, ямар нэг юм хийж, ярьж хөөрч, мөрөөдөж, урагшилж л байх хэрэгтэй