ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА

2024-04-19 265 0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Санал хураалтад оролцсон гишүүдээс 39 нь дэмжсэнээр уг хуулийн төсөл батлагдаж байна.

Ингэхдээ дээрх төслийг дагаж өргөн мэдүүлэгдсэн Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл, Хуримтлалын сангийн тухай хуулийн төсөл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Аж ахуй нэгжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд эцэслэгдэн батлагдлаа.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн батлах үеэр Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Хувьцаа гэдэг саалийн үнээтэй адил, жил бүр ногдол ашиг өгдөг зүйл. Гэтэл саалийн үнэ болох “Эрдэнэс Тавантолгой” ХК маань нэлээд хэдэн жил сувайрч байгаад сонгуулийн жил болж хэдэн төгрөг өгсөн. Сонгуулийн жилд дэлэгнэдэг үнээтэй баймааргүй байна.

Маргаашаас эхлээд саалийн үнээ маань сувайрна. 2028 оны сонгуулиар л дэлэгнэх байх.Бид олон саалийн үнээтэй байх ёстой” хэмээн ярилаа.

“Монгол Улс баялгийг тэгш хуваарилахаас илүү баялгаа ашиглаад эдийн засгаа өсгөхийг цаашид харж явах учиртай”

УИХ-ын гишүүн Т.Доржханд: “Дэлхийн 200 улсаас 30-40 нь баялагтай. Зах зээл рүү гаргаж чаддаг. Баялгийг зөвхөн гаргаж ирээд иргэддээ тараахаас гадна хөрөнгө оруулалт болгож чадсан.

Өөрөөр хэлбэл гадна дотны хөрөнгө оруулалтыг татаж, бизнесийг дэмжиж, гадаад зах зээл рүү экспортыг дэмжих бололцоог газар доорх нөөцөөс гаргаж ирээд байгаа.

Арабын улсууд 1960-1970 онд ядуу, орлогогүй байсан. Газрын тосоо гаргаж ирээд баялгаа хуваарилахаас илүү яаж хөрөнгө оруулалт бий болгоход анхаарсны үр дүнд Абу Даби сан одоо нэг триллион ам.долларын эх үүсвэртэй болсон.

Тус сангаараа зөвхөн өөрсдийн газар доорх бүтээгдэхүүнд бус бусад улсын газрын доорх нөөц рүү хөрөнгө оруулаад байгаа.

Монгол Улс баялгийг тэгш хуваарилахаас илүү баялгаа ашиглаад эдийн засгаа өсгөхийг цаашид харж явах учиртай. Үндэсний баялгийн санг гаднын хөрөнгө оруулалтыг оруулж ирэхэд ашиглах хэрэгтэй байна.

Энэ бол монголчуудын боломж юм. Гадагшаа явж буй залуучуудын бодит орлогыг өсгөх боломж нь эдийн засгийн реформ. Үүний эх үүсвэр нь баялгийн сангаар дамжиж орж ирнэ” гэв.

Холбоотой мэдээ