Нүд дүүрэн нулимстай эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэхтүн!

2021-03-08 1870 2

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулав.

Дэлхий дээр өнгөрсөн жилд 15-49 насны 243 сая охид, эмэгтэйчүүд нөхөр, хамтрагчийн зүгээс бэлгийн болон бие махбодын хүчирхийлэлд өртдөг ба 40 хүрэхгүй хувь нь аливаа төрлийн тусламж хүсдэгээс ердөө 10 хувь ч хүрэхгүй хэсэг нь цагдаад ханддаг байна. Үлдсэн нь хаалттай хаалганы цаана нүд дүүрэн нулимстай хэвээр хоцордог.

Манай нийгэмд ч гэсэн гэр бүлийн хүчирхийлэл ямар хэмжээнд нэвчиж, хэр зэрэг олон эмэгтэй сэтгэлдээ бул хар чулуутай, зүрхэндээ тээсэн гомдлоо тайлах боломжгүй амьдарч байгаа нь 2017 онд ҮСХ-ноос улсын хэмжээнд явуулсан “Жендэрт суурилсан хүчирхийллийн түүвэр судалгаа”-аар харагддаг. Гурван монгол эмэгтэй тутмын нэг (31.2%) нь амьдралынхаа туршид бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртдөг байна. Гэр бүлийн хүрээнд нөхөр, хамтрагчийн зүгээс 10 эмэгтэйн зургаа нь (57.9%) амьдралынхаа туршид хүчирхийлэлд өртсөн. Хамгийн гол нь ийм 4 эмэгтэй тутмын 1 нь (26.5%) хэн нэгэнд хандаагүй бас хэлж байгаагүй.

НҮБ-ын Хүн амын сангийн дүгнэснээр гэр бүлийн хүчирхийлэл нь манай улсад хамгийн ноцтой, хамгийн түгээмэл, байнга үйлдэгддэг хүний эрхийн зөрчлийн нэг болжээ.

Үүнийг ч өнгөрсөн гурван жилд Цагдаагийн ерөнхий газарт бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл нотолж буйг график дүрслэлээс харж болно.

 

 

Хаалттай хаалганы цаана өдөр бүр үйлдэгдэж буй энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил 2018-2020 онд улсын хэмжээнд 28.2 мянга бүртгэгджээ. Энэ бол зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нь. Хүчирхийлэлд өртсөн дөрвөн эмэгтэй тутмын нэгийнх нь л мэдээлсэн тоо гэсэн үг. Цаана нь үүнээс гурав дахин олон тохиолдол байгааг анхаарах хэрэгтэй. Цар тахлаас болж хөл хорио тогтоосон 2020 онд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өмнөх хоёр жилтэй харьцуулахад илүү олон үйлдэгдсэн байна.

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын  90 гаруй хувийг  эмэгтэйчүүд, хүүхдүүд эзэлж байгаа ба гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг 44 хүртэлх насны залуучууд ихээр үйлдэж байгаа нь харамсалтай.

Тоомжиргүй төрийн албан хаагчид тогтолцоог ялзруулж байна

График дүрслэлээс харахад нийслэл, аймаг, дүүрэг, сумын ИТХ-ын даргаар ахлуулдаг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар үүрэг хүлээсэн сум, баг, хорооны засаг даргаар ахлуулсан Хамтарсан багуудын энэ төрлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаа болон Монгол Улсад хууль хэрхэн хэрэгждэгийг харж байна. Үүнээс харахад төрийн байгууллагуудын дээд шатандаа өгдөг тайлан мэдээ бодит байдал дээр ямар их зөрүүтэй байгаа нь маш их анхаарал татаж байгаа юм. Энэ асуудлыг дахин нарийн судлан мэдээлэх болноо.

Монгол Улсын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоонд УИХ, Засгийн газар, ХЗДХЯ түүний дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар 361 зөвлөлийн 7500 орчим төрийн албан хаагч, ХНХЯ, БШУЯ, ЭМЯ, Соёлын яам, УЕПГ, бүх шатны ИТХ, Засаг дарга, тэднээр ахлуулдаг 684 хамтарсан багийн 5300 орчим төрийн албан хаагч, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, холбогдох ТББ-ууд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар чиг үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, хууль тогтоохоос эхлээд хэрэгжүүлэх, хяналт тавих бүхий л шатанд үүрэг хүлээсэн албан тушаалтнууд байгаа гэсэн үг.

Монгол Улсын Их Хурал гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаархи Засгийн газрын тайланг, Засгийн газар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн тайланг, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиг үүргийг хуулиар хүлээсэн төрийн захиргааны төв байгууллагын болон аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн ажлын тайланг хагас, бүтэн жилээр хэлэлцэн чиглэл өгөх, шаардлагатай бол холбогдох байгууллага, албан тушаалтны илтгэл, мэдээллийг сонсож, хамтын ажиллагааг зохицуулах, Аймаг, нийслэл, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь хамтарсан багийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих, ажлын мэдээг улирал тутам, тайланг хагас, бүтэн жилээр хэлэлцэж чиглэл өгөх, шаардлагатай бол холбогдох байгууллага, албан тушаалтны илтгэл, мэдээллийг сонсож, хамтын ажиллагааг зохицуулах, Мэргэжлийн хяналтын байгууллага нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах ёстой.

Гэтэл гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажил төдийлэн үр дүнгээ өгөхгүй байгаад анхаарлаа хандуулах цаг хэдийн иржээ. МХЕГ гэхэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн  хэрэгжилтэнд хяналт тавьж ажилласан тайлан, нэгдсэн тоог одоогоор гараагүй байгааг Шадар сайд С.Амарсайхан болон ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нарт нийтлэлээрээ дамжуулан уламжилъя.

Санхүүжилтгүй ажил урагшилдаггүй

Анхан, дунд шатанд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд шаардагдах хөрөнгө, санхүү, гэр бүлийн хүчирхийллийн кейстэй ажилладаг төрийн албан хаагчдад холбоо харилцаа, унаа гэх мэт кейсын зардлыг огт шийдэж өгөхгүйгээр энэ гэмт хэрэгтэй тэмцэж, нулимстай эмэгтэйчүүдийн эрхийг хамгаална гэж байхгүй.

2020 оны 10 дугаар сард ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар улсын хэмжээний хамтарсан багуудад 2021 онд санхүүжилт өгөхөөр болсон талаар ярьж хэвлэлээр нэг цацсан боловч өдий болтол ажил хэрэг болсонгүй.

Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах чиглэлээр хамгийн түрүүнд шийдэх ёстой асуудал бол НЭГ КЕЙСТ гарах жишиг зардлыг нэн яаралтай Сангийн яамаар батлуулж, Хамтарсан багуудын гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн кейстэй ажиллах зардлыг тооцож олгох хэрэгтэй байна.

Ингэснээр хүчирхийлэл үйлдэгчийн хорт зуршил, зан үйлийг засах, нийгэм сэтгэл зүйн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эрт шатанд нь илрүүлэх, заавал мэдээлэх, таслан зогсоох, хохирогчыг хамгаалах, туслах, дэмжих, нөхөн сэргээх, холбон зуучлах, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг бий болгох, ард иргэдийг соён гэгээрүүлэх, хууль сурталчлах, ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, баримтжуулах, тайлагнах, Хүүхэд-Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн нэгдсэн сан, судалгаа, нотолгоонд суурилсан мэргэжлийн арга зүй, төлөвлөлт, кейс шийдвэрлэлтэнд тавих хяналтыг сайжруулах гэх мэт олон ажил урагшлах болно. Энэ бүхнийг маш түргэн хугацаанд шийдвэрлэн ажиллахгүй бол гэр бүлийн хүчирхийлэл буурах биш нэмэгдсээр л байх болно.

2018-2020 онд  нийт 28278 гэр бүлийн хүчирхийллийн кейстэй ажиллахаас 10 хүрэхгүй хувьд нь кейс нээж ажилласан нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажил ямар байгааг тодхон харуулж байгаа биз ээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэж, илүү их хохирдог хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаална гэдэг зөвхөн ГБХЗХГ, цагдаагийн байгууллага, цалин багатай хэдхэн мэргэжилтэн, идэвх зүтгэлтэй ТББ-уудын дангаараа хийх ажил биш юм. Үүнд бүх шатны ИТХ, Засаг дарга, бүх салбар, хүн бүрийн асуудал. Тиймээс нүд дүүрэн нулимстай эмэгтэйчүүдийн эрхийг өнөөдрөөс эхлэн илүү сайн хамгаалахын төлөө нэгдэхтүн, тэмцэхтүн!

  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд шаардагдах төсөв хөрөнгө, хүний нөөц, нэгдсэн удирдлагаар хангаад өгөөч ээ

  • Нүд дүүрэн нулистай эмэгтэйчүүдийн эрхийг илүү сайн хамгаалахыг төлөө “Хамтдаа нэгдэж байна.”Хөгжлийн бэрхшээлтэй Эмэгтэйчүүд “хүчирхийлэл  маш их өртдөг юм.

Холбоотой мэдээ