Тавантолгойн ногдол ашгийг шингээдэг зам

2023-12-08 988 0
Нарийн сухайтын бүлэг ордын нөлөөлөлд байдаг Гурвантэс сумын иргэд “Манай сум уур уурхайтай болоод 20 жил болж байна. Улсын төсвийн орлого бүрдүүлдэг том том компаниуд Нарийн сухайтын ордоос нүүрс олборлодог.
Гэсэн ч гурвантэсчүүд бид өнөөдөр шороон замтай, адаглаад төвөөс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авъяа цаг их алдаж байна. Наашаа тавьж байгаа замаа хурдлуулаад өгөөч” гэж нутагт нь саатсан дарга даамал, түшмэлүүдээс байнга нэхдэг юм билээ. Өнгөрсөн 5 сард Гурвантэсд ажиллахад иргэдийн хамгийн их ярьж байсан 2 сэдвийн нэг нь энэ зам.
Уг нь уул уурхайтай болоод иргэдийн амьдралын чанар сайжирч байвал эерэг нөлөө. Даанч наад захын төрийн эрүүл мэндийн үйдчилгээний хүртээмж энд сул байна. Засмал замтай болчихвол 3 цаг сүнгэнээд л аймгийн төвд ирэх юм билээ л. Одоо бол том машинтай явахад 5-6 цаг тонгочиж байгаа.
Ил тод мэдээллээс харвал Нарийн сухайтын ордод үйл ажиллагаа явуулдаг МАК, Өсөх зоос, Саусгоби сэндс, Хүрэнтолгой гээд голлох хэдэн компани өнгөрсөн 10 жилд 1.5 их наяд орчим төгрөгийг улсын төсөвт төлсөн байдаг.
Гэсэн ч Дазанзадгадаас Гурвантэс хүрэх энэ 302 км замд одоогоор улсын төсвөөс сохор зоосны ч хөрөнгө оруулалт орж ирээгүй байна. Ковидын дараахан МУ-ын #2 хүн Oyunerdene Luvsannamsrai Өмнөговьд очихдоо 302 км-ийн 80км-ийг нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тавьж өгөхөө амлаад явсан билээ. Эл амлалтынхаа эхлэл болгож 2024 онд 10 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. Км нь 1.7 тэрбумаар босож байгаа гэж тооцвол ирэх онд үсрээд л 5-6 км л тавигдана гэсэн үг.
Харин орон нутаг өөрийнхөө төсвөөр 170 орчим км-ийг нь тавьчихсан байна. 2023 онд л гэхэд 51 тэрбумыг төсөвлөж 30км-р уртасгаснаа өнөөдөр улсын комисст хүлээлгэж өгч байгаа юм байна.
Баруун бүсийн уурхайнуудын түлш шатахуун, бусад ханган нийлүүлэлтийн том даацын тэрэгнүүд явдаг тул 1 км замын өртөг 1.7 тэрбум төгрөг байгаа. Тэхдээ ер нь даацын биш замуудын өртөг ч бас км нь энэ хавьцаа, зарим нь бараг 2 тэрбум давчихсан тооцоо улсын төсвийн хөрөнгө оруулалтын хүснэгтээс харагддаг.

Даланзадгадаас Гурвантэс хүрэх замыг 2012 оноос хойш бараг 12 дахь жилдээ тавьж байна. Гол эх үүсвэр нь Tavantolgoi JSC – ТаванТолгой ХК-н ногдол ашиг. 2007 оноос хойш аймагт 350 гаруй тэрбумын ногдол ашиг төлсөн. Замын өртгөөр тооцож үзвэл энэ мөнгөний бараг 50-60%-тай тэнцэх мөнгө энэ зам руу шингэсэн гэсэн үг. Олон жилийн дунджаас харвал ер нь Тавантолгойн ногдол ашгийн орлого орон нутгийн төсвийн орлогын 20-30%-ийг бүрдүүлдэг. Үүгээрээ #Өмнөговь аймгийн төсөв бусад орон нутгаас онцлогтой.
Уул уурхайн нөлөө ихтэй орон нутгийн хувьд баруун чиглэлийн энэ замыг аль болох хурдхан хатуу хучилттай болгохгүй бол нутгийн зон олонд ч, байгаль орчинд ч, аж ахуйн нэгжүүд, орон нутгийн удирдлагууддаа ч хүндхэн байгаа. Ялангуяа сонгуультай жил бол замын асуудал нь тамын түүх болж өрнөсөн тохиолдлууд ч бий.
Нүүрсний сонсгол олон муу зүйлийг илчилж байгаа ч бас муухай харагдуулж байгаа зүйл олон байна. Муу муухай мэдээлэл хангалттай байгаа тул болж бүтэж байгааг нь бас бичихийг хүсэв.
Сэтгүүлч Д.Цэрэнжав

Холбоотой мэдээ