З.Цэлмэг

З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

ДАТА ИНФО: Улаанбаатар хотын усны хангамж 2027 оноос 54%-иар нэмэгдэнэ

2023-12-20 918 0
Саяхныг хүртэл нийслэлчүүд наанадаж 2025 онд, цаашиллаа гэхэд 2030 онд усны хомсдолд орно гэсэн ойлголттой байв. Саяхныг хүртэл хэмээн тодотгож буйн учир нь өнгөрсөн долоо хоногт нийслэлийн баруун захад босож буй хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг очиж үзэх хүртлээ ийм дутуу ойлголттой байв.
Гэтэл нийслэлчүүдийн усны эх үүсвэр 2027 он гэхэд одоогийн түвшинтэй харьцуулахад 54% хувь нэмэгдэж, 50-60 жилээр уртсах сайхан мэдээ дуулав.

Монгол Улс болон АНУ-ын Засгийн газар хооронд байгуулсан #Мянганы_сорилтын_II_компакт_гэрээгээр хэрэгжиж буй Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх цогц төслийн хүрээнд нийслэлийн баруун захад усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх хоёр бүтээн байгуулалт өрнөж байна.
ЭХНИЙХ НЬ, -25 градусын хүйтэнд Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубынхны очиж танилцсан #хаягдал ус дахин боловсруулах байгууламж юм. Таваншар өнгөрөөд төв цэвэрлэх байгууламжийн зүүн талд Дулааны III, IV цахилгаан станцыг хоногт 50 мянган литр усаар хангах үйлдвэр ид баригдаж байна. Энэ үйлдвэр Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьж буй шинэ төв цэвэрлэх байгууламжаас гарах усыг дахин боловвсруулж, дулааны станцад нийлүүлэх юм. Ингэснээр нийслэлчүүдийн эрчим хүчний хэрэглээнд зарцуулагддаг 18 сая литр гүний цэнгэг ус хэмнэгдэнэ. Монголын Мянганы Сорилтын Сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл “Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа дахин боловсруулсан усны хэрэглээг нэвтрүүлж, нийслэлийн ус хангамжийн хязгаарлагдмал нөөцийг зохистой удирдах боломжийг нэмэгдүүлж буйгаараа онцлог” гэсэн юм.
Байгаль орчны мэдээллийн сангийн датагаар Улаанбаатар хотын жилд ашиглаж буй нийт усны 15-18 хувь нь дулаан эрчим хүч үйлдвэрлэж, түгээхэд зарцуулагддаг байна.
Нийслэлчүүд эрчим хүчнийхээ хэрэглээнд усаа дахин ашигладаг болно гэдэг манай улсын хувьд ойрын хэдэн жил сонор баясгаагүй таатай мэдээ билээ. Гэхдээ энэ нь усыг замбараагүй зарцуул гэсэн үг биш.
Хаягдал ус дахин боловсруулах байгууламж нь хөдөлгөөнт био-реактор, ламелла тунгаагуур, ширхэгт дүүргэгчтэй шүүлтүүр, халваргүйжүүлэх сан гэсэн технологийн дарааллаар усыг дахин боловсруулж, нийт 11.2 км үргэлжлэх дөрвөн дамжуулах хоолойгоор насосны өргөх станцын тусламжтай дулааны станцуудад хүргэх юм байна.
Ус дахин боловсруулах үйлдвэрийн барилгын зураг төслийг
• Францын Egis групп, Veolia сервисэс компани хийж,
• барилга угсралтыг М-Си-Эс Проперти ХХК барилгын ажлыг гүйцэтгэж байгаа аж.
#ДУЛААНЫ_СТАНЦ руу ус дамжуулах шугам сүлжээний зураг төслийг
• Германы Fichtner Water & Transportation компани,
• барилга угсралтыг М-Си-Эс Интернэйшнл ХХК гүйцэтгэж буй аж.
 
УДААХ нь, Биокомбинат, Шувуун фабрикт шинээр байгуулж буй ус хангамжийн баруун эх үүсвэрийн цогц төсөл юм. Нийтдээ 30 гаруй гүний худгаас жилд 50 сая литр усыг нийслэлийн ус хангамжийн системд нийлүүлнэ. Ингэхдээ Сонгинохайрхан уулын бэлд барьж буй дэвшилтэт технологи бүхий гүн цэвэршүүлэх үйлдвэрт стандартын шаардлагад нийцсэн ус болж төвийн системд нийлүүлэгдэх аж.
Төслийн нийт гүйцэтгэл 52%-тай байгаа бөгөөд хуваарь ёсоор 2026 оны 2 дугаар улиралд дуусахаар ажиллаж байна.
Ус гүн цэвэргүүлэх байгууламж, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрүүд ашиглалтад орсноор Улаанбаатар хотын ус хангамж жилд нийтдээ 68 сая литрээр нэмэгдэж байна гэсэн үг юм. Байгаль орчны мэдээллийн сангийн датагаар 2018-2022 онд Улаанбаатар хотын усны хэрэглээ жилд дунджаар 126 сая литр байсан байна.
Компакт гэрээгээр 5 жилийн хугацаанд хэрэгжүүлж буй энэхүү төслийн нийт хөрөнгө оруулалт нь $461.76 сая бөгөөд дөрөвний гурвыг буюу $350 саяыг АНУ-ын буцалтгүй тусламж юм. Харин үлдсэн $111.76 саяыг Монгол Улсын Засгийн газар гаргаж байгаа.
Энэхүү багц төсөл ус хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээс гадна цаашид ус хангамжийн системийн сайжруулах, гэр хорооллын ус түгээлтийн зардлыг бууруулах, олон нийтийн дадал хандлагыг өөрчлөх, үйлдвэрлэлийн хаягдал усны бохирдлыг хянах зэрэг усны салбарын засаглалыг сайжруулахаар зорьж буй аж.

Холбоотой мэдээ