Аялал жуулчлалын хөгжлийн төв 2023 оны эхний хагаст нийтдээ 1.9 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авчээ. Үүнээс 1.1 тэрбум нь гүйлгээ болон зориулалт нь тодорхойгүй худалдан авалтууд байна. Тус байгууллагын төсвийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд шууд захиран зарцуулдаг юм.
Тодорхойгүй гүйлгээнээс харахад өнгөрсөн 2022 онд тус байгууллагаас зориулалт нь тодорхойгүй бараа, ажил үйлчилгээ нийлүүлсэн байгууллагууд энэ жил ч мөн авчээ. Тухайлбал,
- “Оргил медиа”,
- “Натхаус маркетинг”,
- “Отек менежмент”,
- “Гастро Экспресс”,
- “Ролл”,
- “Брэнд Промо Маркетин”зэрэг компаниуд Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй тун ойр ажилладаг ажээ.
Шилэн дансны цалингийн зардлаас бусад 5 сая төгрөгөөс дээш зардлуудыг шүүж үзвэл “Ажил гүйцэтгэх гэрээ”, “Гэрээт ажлын төлбөр”, “гэрээт ажлын урьдчилгаа”, “үлдэгдэл” гэх зэрэг тайлбартай буюу өөрөөр хэлбэл, зарцуулалт нь тодорхойгүй гүйлгээнүүд байна.
Энэ нь Шилэн дансны тухай хуулийг зөрчиж байна. Тус хуулийн
6.4.4.таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг зэргийг тодорхой байлгах ёстой.
6.4.5.цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээ тус бүрээр, гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэр;
6.10.Шилэн дансны мэдээлэл, зарлагын гүйлгээ бүрд түүнд холбогдох эрх бүхий этгээдийн шийдвэрийн эх хуулбар, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан мэдэгдлийг хавсаргасан байна гэж заасан.
Гэвч тус байгууллагын цалингаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалтын жагсаалтаас дээрх тодруулсан мэдээллүүдийг хайгаад олсонгүй.
Аялал жуулчлалын хөгжлийн төвийн 2023 оны төсөв 2.1 тэрбум гаруй төгрөг. Үүнийхээ дийлэнхийг оны эхний хагаст зарцуулаад байгаа аж.
Тус байгууллагын шилэн дансны хөтлөлт нь Шилэн дансны тухай хуулиас гадна Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийг ч хэрэгжүүлдэггүй аж. Худалдан авалтын ямар журам баримталсан нь тодорхойгүй, худалдан авалт бүрийн төсөвт өртөг тодорхойгүй гэх мэт асуудал олон байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авах тухай хуулийн 8 дугаар зүйлд шууд худалдан авалт, харьцуулалтын арга, зөвлөх үйлчилгээний төрлүүдэд төсөвт өртгийн дээд хязгаарын босгыг тавихаар заасан байдаг. Харамсалтай нь энэхүү хууль журам тус байгууллагад үйлчилдэггүй аж.
Шууд худалдан авалт уу, харьцуулалтын аргаар авсан уу, зөвлөх үйлчилгээ юу, тендэр шалгаруулалт зарласан уу, тэгвэл эдгээр худалдан авалтыг хийхдээ хууль, журмын дагуу хэрэгжүүлсэн үү гэх мэт олон асуулт тус байгууллагын шилэн данснаас харагдаж байна. Төрийн хэмнэлтийн хууль, Шилэн дансны хууль, Төсвийн тухай хууль, худалдан авалтын хууль журмууд БОАЖ-ын Сайдын Б.Бат-Эрдэнийн толгой мэдэн захирдаг тус байгууллагад үйлчилдэг эсэх нь тун чиг эргэлзээтэй тул Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар зэрэг төрийн хууль журам, төсөв санхүүгийн сахилга батыг мөрдүүлж байх учиртай байгууллагууд шалгах шаардлагатай юм.
1 сэтгэгдэлтэй
aviator