З.Цэлмэг

З.Цэлмэг

https://www.facebook.com/TseZdata/

ДАТА ИНФО: Нэг хотын хоёр туйлыг ойртуулах ОНХС

2021-04-16 896 1

Улаанбаатар хот нэг улсын нийслэл боловч иргэдийнх нь хүсэл зориг хоёр туйлд хуваагддагийг Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гийн санал асуулгын үр дүн харуулдаг. Энэ жил ч мөн ялгаагүй. Гуравдугаар сарын 1-нээс бүтэн нэг сарын хугацаанд Smart UB апп-аар дамжуулан ОНХС-гийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний талаарх иргэдийн саналын үр дүн дээрх санааг батлав.

Иргэдийн санал ийнхүү хоёр туйлд хуваагдахад нөлөөлж буй гол үзүүлэлт нь амьдрах орчин.  Тухайлбал, гэр хорооллын иргэд дахин төлөвлөлт буюу орон сууцны бүтээн байгуулалт, инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц, эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд ОНХС-гийн хөрөнгийг зарцуулах сонирхолтойгоо илэрхийлжээ. Тэгвэл орон сууцныханд цэцэрлэгт хүрээлэн, соёл амралтын орчин, нэгдсэн гарааш, авто зогсоолын хэрэгцээ хамгийн их үгүйлэгдэж байна.

Харин аль аль нь цэцэрлэг, сургууль нэмж барих, одоо байгааг нь өргөтгөх шаардлагатай гэж үзэж буйгаараа нийтлэг аж.

Энэ жилийн хувьд нийслэлийн ОНХС-гийн санал асуулгад урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү олон иргэн хамрагджээ. Нийслэлийн есөн дүүрэг, 171 хорооны санал өгөх эрхтэй 800 мянган иргэний 46.21 хувь нь Smart UB апп-аар дамжуулан цахимаар саналаа өгсөн байна. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад иргэдийн оролцоо энэ удаад 3.2 хувиар нэмэгдсэн байна.

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд ОНХС-гийн санал асуулгыг сүүлийн хоёр жилд цахимаар нийслэл даяар зохион байгуулж эхэлжээ. Цар тахлын улмаас зорчих хөдөлгөөнийг хязгаарлахаас аргагүй болсон хүнд цаг үед ОНХС-гийн үйл ажиллагаанд иргэд цахимаар оролцох боломжтой болсон нь хамгийн том дэвшил. Санал асуулгад цахим шилжилт хийгээгүйсэн бол ОНХС дахь иргэдийн оролцоо урьд өмнөх жилүүдийнхээс муу байж болзошгүй байв.

Тоон мэдээллээс харахад цахимаар санал өгөх нь цаасаар санал өгснөөс цаг хугацаа болоод үр дүн, иргэдийн оролцооны хувьд хамаагүй илүү байна.

Зөвхөн Хан-Уул дүүргийн жишээн дээр гэхэд цахимд шилжихээс өмнө зөвхөн саналын хуудасны хэвлэлтийн зардалд 8.2-9.5 сая төгрөг зарцуулдаг байжээ. Харин Smart UB апп-аар санал авч эхэлсэн 2020 онд тус дүүргийн бүх зардал зургаан сая төгрөгт багтжээ.

ОНХС бол тэнцвэртэй хөгжлийг дэмжихийн тулд тухайн бүс нутагт оршин суудаг иргэдийн саналыг үндэслэн бүтээн байгуулалт, амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хөрөнгийн эх үүсвэр юм.

Ардчилсан үзэл санаагаар тайлбарлавал, иргэд амьдарч байгаа нутаг орондоо өөрсдийнхөө сайн сайханд чиглэсэн төсөл хөтөлбөрийг санаачилж, тус сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх боломжтой. Ингэснээр улсын төсөв хэмээх нийтийн мөнгөний захиран зарцуулах, шийдвэр гаргалтад энгийн иргэн та бид оролцож байна гэсэн үг.

ОНХС-гийн эх үүсвэр мэдээж улсын төсөв. Тэгэхдээ НӨАТ, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, АМНАТ, хайгуул хийх, олборлолт хийх тусгай зөвшөөрлийн орлого зэргийн тодорхой хувиар тооцож бүрдүүлдэг.

Энэ орлогоос энэ жил нийслэлийн ОНХС-нд 31.3 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд хуулийн дагуу үүний 30 орчим хувь нь дүүргүүдийн ОНХС-нд хуваарилагдаад байна. Энэ мөнгийг дүүргийн удирдлагууд оршин суугчдын санал хүсэлтэд тулгуурлан төлөвлөснийхөө дагуу толгой мэдэн захиран зарцуулах эрхтэй.

Өөрөөр хэлбэл, 2020 онд иргэдийн ирүүлсэн санал санаачилга, мөн үр ашиг, дүүргийнхээ нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд нийцүүлэн, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд харшлахгүй төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ. 2021 онд нийслэлийн ОНХС-аас дүүргүүдэд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээнд 18 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Нийслэл болон дүүргийн ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээний санхүүжилтийг дүүргээр болон хөрөнгө оруулалтын төрлөөр эрэмбэлэхэд дараах дүр зураг бууж байна. Ихэнх дүүрэг нийтийн эзэмшлийн зам талбайгаа тохижуулахад сангийн хөрөнгийг зарцуулахаар төлөвлөж буй бол хамгийн олон хүн амтай БЗД, СХД-т энэ зун гэрэлтүүлгийн ажил нэлээд хийгдэх төлөвтэй байна. Харин ХУД-т нэлээд олон хорооны нутаг дэвсгэрийг ОНХС-гийн эх үүсвэрээр камержуулахаар шийджээ.

ОНХС-гийн хөрөнгийг захиран зарцуулахад иргэдэд заавал ойлгох ёстой нэг чухал зүйл бий. Таны энэ хавар өгсөн саналын үр дүн ирэх жилийн намар л биелэлээ олно. Угаасаа дүрэм журмынхаа дагуу хэрэгжиж байгаа нь тэр. Цахимаар өгсөн таны саналыг оны эхний хагаст багтаж хүлээн аваад, нэгтгэж эрэмбэлээд улмаар хорооны Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэж, хэрэгжүүлэх саналын жагсаалтыг баталдаг.

Үүний дараа хорооноос илгээсэн саналыг нь дүүргийн ОНХС-ийн ажлын хэсэг хүлээн авч нэгтгээд, Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулдаг байна. Харин Засаг дарга үүнийг дүүргийн ИТХ-даа өргөн мэдүүлэх ба дүүргийн дээд шатны удирдлага хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ тус бүрээр нь хэлэлцэн баталдаг аж. Тийнхүү дараагийн шат болох нийслэлийн хэмжээнд Засаг дарга, ИТХ гэсэн дарааллын дагуу хэлэлцэж, батлагдах учиртай. Нэг ёсондоо эхний хагас жилд таны илгээсэн санал тухайн оныхоо 12 дугаар сарын 15-ны дотор нийслэлийн ирэх оны төсөвт туссанаар албаждаг гэсэн үг.

Харин хэрэгжилтийн үе дараа оноос эхэлнэ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу ирэх жилийн эхний улиралд багтан гүйцэтгэгчийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулна. Хүүхдийн тоглоомын талбай, аль эсвэл зөөврийн худаг, магадгүй орон сууцны гадна фасад өнгөлөх гэж буй бол тэр чиглэлийн компаниуд хоорондоо өрсөлдөж сайн чанар, боломжийн үнэ санал болгосон компани нь таны өгсөн саналыг биежүүлэх эрхтэй болно гэсэн үг. Мэдээж Монголд бүтээн байгуулалтын салбар улирлын чанартай тул дулаан саруудад л тохижилт, засвар үйлчилгээ хийгдэж, намар дуусдаг. Ийм л дарааллын дагуу иргэн таны өнөөдөр өгсөн санал хамгийн багадаа 1.5 жилийн дараа бодит үр дүн болж гарна. Эцэст нь хэлэхэд, хэрэв таны өгсөн санал төлөвлөгөөнд тусаагүй бол яагаад гэдгийг нь хорооны дарга заавал тайлбарлах ёстой.

Иргэн бүр тэгш боломжоор хангагдаж, эн тэнцүү оршихын гарц нь иргэний идэвхтэй оролцоо. Магадгүй та сэтгэл хангалуун амьдарч байж болох ч нэг улсаар овоглож, нэг хотын агаараар амьсгалж буйн хувьд бусдын төлөө ч бас санаа тавиарай.

Холбоотой мэдээ